Бяцхан биеийг минь бүх зүйлээр тэжээдэг зүрхэндээ бид хамгаас илүү анхаарах ёстой. Дээрээс нь бас хайр дурлал гээд нэг “дарангуйлагч” гараад ирнэ ээ. Шатах гэж байгаа мэт догдлуулна, усан хулгана болтол уйлуулж, гомдоож ч үзнэ. Тэгснээ эцэст нь тэнгэрт нисэх гэж байгаа мэт аз жаргал бэлэглээд л... Иймэрхүү маягаар температур нь огцом өөрчлөгдөж байгаа ч тэр нь эмчилгээ болдог нь их биз. Хөөрхий бяцхан “бундан” минь ядарч байгаа байх даа. Түүнийхээ төлөө энэ хэдхэн дүрмийг мөрдчихсөн байхад “цаадах” чинь тийм ч их асуудал үүсгээд байхгүй шүү.
1. Кафейны хэрэглээг багасгах
Зүрхэндээ санаа зовниж байгаа хүнд кафейн тийм ч оновчтой сонголт биш. Оронд нь сэнгэнэм сайхан гаатай цай уучих. Сэргээх чадвар нь кофеноос дутахгүй шүү.2. Дарс зүгээр, гэхдээ шилээр нь л биш шүү
Дарсыг тохируулж хэрэглэж чадвал биед эм болдог. Тэр тохирсон хэмжээ бол өдөрт 100 грамм. Энэ хэмжээнээс хэтэрвэл цусны даралт ихсэж, зүрхэнд таагүй нөлөөлөх болно.3. Хоолоо зөв сонго
Өөх тостой хоолыг мартсан нь дээр. Энэ нь зүрхнээс гадна биеийн бүх эрхтэнд сайнаар нөлөөлнө. Загас, тахианы цээж мах, өөхгүй хар мах сонгож байвал сайн.4. Салмон, туна, сардин, хулд...
Загас тогтмол иддэг бол зүрх судасны өвчнөөс сэргийлж байна гэсэн үг. Гэхдээ бүх төрлийн загас үүнд хамаарахгүй ба дээр дурьдсаныг л сонгоорой. Зах дэлгүүрүүдэд ч элбэг байдаг.5. Үр, будаа
Зүрхний өвчлөл болон чихрийн шижингээс сэргийлэхийн тулд бор будаа, зэрлэг будаа, овъёос, хөх тариа зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.6. Өдөрт 15 минут
Хөдөлгөөн, хөдөлгөөн, хөдөлгөөн бас дахин хөдөлгөөн. Үнэхээр улиг болсон гэдгийг нь мэдэж л байна л даа. Гэхдээ л өдөрт хамгийн багадаа 15 минут эрчимтэй дасгал хийх нь зөвхөн зүрх гэлтгүй бүх биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг батлагдсан зүйл.7. Биеийн жингээ хэвийн байлга
Хэвийн хэмжээнээс жин илүүдэх тусам чиний зүрх аюулд унаж байдаг. Тийм учраас хоол, хөдөлгөөндөө зөв зохицуулалт хийж, жингээ хэвийн хэмжээнд барих нь чухал. Илүүдэл жинтэй хүмүүс чихрийн шижин, цусны даралт ихсэх, үе мөч болон зүрх судасны өвчлөлтэй байдаг нь ийм учиртай шүү дээ.8. Хангалттай унт
“Залуу хүмүүс бага унтах хэрэгтэй” гэдгийг сохроор дагах хэрэггүй. Насанд хүрсэн хүн хоногт 7-9 цаг унтаж байх ёстой. Унтаж амрах хамгийн зөв зохистой цаг бол оройны 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл байдаг. Сайн ажилла бас сайн амар.9. Зүрхний бичлэг хийлгэ
Үүнийг уншиж дуусаад, энэ зуны амралтаараа эсвэл ирэх долоо хоногт ч юм уу ямар ч байсан ойрын хугацаанд мэргэжлийн эмчид үзүүлж, зүрхний бичлэг хийлгээрэй. Эрүүл гэж бодож байгаа ч түүнийгээ баталгаажуулаад авчихъя л даа. Яагаад болохгүй гэж?
Эдгээр зөвлөгөөнүүд дээр нэмээд зүрхэнд ээлтэй, өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж болох бүтээгдэхүүнийг дурдвал: самар, жүрж, лууван, чихэрлэг төмс, туна, овъёос, бор будаа, спинач, броколи, улаан лооль зэрэг байна.