Лёвений католик их сургуулийн эрдэмтэд зэсээр хийсэн бичил ялтас ашиглан хулгана дээр туршилт хийж, хорт хавдрыг бүрмөсөн эмчилж чаджээ.
Туршилтын явцад хорт хавдартай хулгануудад тусгайлан гаргаж авсан зэсийн металл исэл тарьсан байна. Зэсийн ислийг зэс болон хүчил төрөгчөөс нанотехнологийн аргаар гаргаж авчээ. Энэ үеэр хулгануудад дархлааг дээшлүүлэх эмчилгээ мөн хийсэн аж. Туршилтын үр дүнд хулгануудын хорт хавдар үгүй болсон төдийгүй хорт хавдрын эс дахин суулгахад дархлааны тогтолцоо нь тэр даруй устгаж байжээ.
Эрдэмтдийн дараагийн алхам нь хүн дээр энэхүү эмчилгээний аргыг туршихаар зэхэж байгаа бөгөөд ингэснээр маш хүнд химийн эмчилгээг орлуулах боломжтой болно гэж үзэж байна.
Зэсийн исэл их тунгаар тарихад амь насанд аюултай ч нанотехнологиор гаргаж авсан зэсийн ислийг зөв тунгаар хэрэглэхэд тустай болохыг эрдэмтэд тогтоожээ.
Дараагийн шатанд бусад металлын нано хэсгийг бүтээж, эдгээр нь ямар төрлийн хорт хавдрыг эмчлэхэд тустай болохыг тогтоох гэнэ. Туршилтад хамрагдсан хулганууд уушги болон гэдэсний хорт хавдартай байсан бөгөөд зэсийн исэл хөх, өндгөвчийн хорт хавдарт мөн тустай гэж эрдэмтэд үзэж байна.
Металл нь амьд эсийг устгаж, ДНК гэмтээж, нөхөн сэргэх явцыг зогсоодог байна. Тийм ч учраас агаарын бохирдол хүний эрүүл мэндэд аюултай байдаг гэж эрдэмтэд онцолжээ. Гэхдээ энэхүү хорт металлыг хорт хавдрын эсийн эсрэг ашиглавал тэдний өсөлтийг зогсоох боломжтой болохыг тэд тогтоожээ. Ингэхдээ энэ аргыг дархлаа сэргээх эмчилгээтэй хослуулсан нь үр дүн өгчээ.
Лёвений их сургуулийн эрдэмтэд Бремений их сургууль, Лейбницийн инженерийн дээд сургууль, Грекийн Иоаннина их сургуулийн эрдэмтэдтэй хамтран энэхүү туршилтыг гүйцэтгэжээ.
Zindaa.mn