Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо 2019 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732-оор нэмэгджээ.
Нийслэлд өнгөрсөн аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281 болсон байна.
Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч иргэн өвчний сүүлийн шатандаа шилжиж, нас барсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин суух, 41 настай эмэгтэй нас барсан байжээ.
Талийгаачийн биед олон тооны хөх толбо үүссэн байсан бөгөөд шүүхийн шинжилгээний дүгнэлтээр талийгаач ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогдсон байна.
Талийгаач нь дээрх өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан ба түүний хамтран амьдрагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хяналтад оруулахаар болжээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.