-Болгоомжгүй хэлсэн ганц л үг таны хүүхдийг бүрэг ичимхий нэгэн болгодог гэдгийг та мэдэх үү?-
Хүүхдээ яаж онц сурлагатан болгох вэ? Мэдээж ангийнх нь сайн хүүхэдтэй харьцуулах. Олон нийтийн газарт орилж хашхираад байгаа хүүхдээ яаж тайвшруулах вэ? Гэртээ очоод алганы амт үзүүлнэ гэж айлгах. Эцэг эхчүүдийн хүүхдүүдээ хүмүүжүүлэх гаргадаг түгээмэл аргуудын нэг бол энэ. Ингээд л том болоод амьдрах чадваргүй нэгэн болоход амаа барихад хүрдэг шүү дээ. Тиймээс хүүхдэдээ хэлэх үгээ бодох хэрэгтэй. Тэгвэл ээж аавуудын хэлсэн ямар үг хүүхдэд мартагддаггүйг сэтгэлзүйчид жагсаажээ.
Би чиний насан дээр онц сурдаг байсан
Хүүхдэд төрөхөөс нь зургаан нас хүртэл ээж аав нь бүгдийг мэддэг бурхан мэт байдаг. Тэд л хүүхдийнхээ ертөнц хийгээд өөртөө хандах харилцааг бий болгож өгдөг. Эндээс л “Чи миний энд хэзээ ч хүрэхгүй. Чи яаж ч хичээсэн, би чамаас илүү” гэсэн эцэг эхийн хүүхэдтэй өрсөлдөх гэсэн хандлага ажиглагдах нь бий. Ийм нөхцөлд өссөн хүүхэд амьдралынхаа туршид өөрийгөө сайн гэдгийг батлахыг хичээдэг. Мэдээж та хүүхдээ тодорхой зорилгод хүрээсэй гэсэндээ хүүхдийнхээ сэтгэл зүйг ингэж бэлддэг байх. Харамсалтай нь хүн өөрийнхөө чадахгүй зүйлд хүрэх гэж хичээсээр эцэст нь аав ээж нь тэднээс илүү гэдгийг мэдрээд цөхрөнгөө бардаг. Мөн хүрсэн амжилтдаа хэзээ ч баярладаггүй, эцэг эх нь амжилтыг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л өөрөөрөө бахархах мэдрэмжтэй болно.
Тооройхон, тахиахан минь
Ээж аав нар хүүхдүүдээ өхөөрдөөд янз бүрээр дуудах нь бий. Үүнээс болж хүүхэд тань өөрийгөө хүссэн болгон тоглож болдог тоглоом шоглоом шиг л санах болно. Амьдралынхаа эхний жилүүдэд хүү, эсвэл охин тань таны өхөөрдөн хэлсэн үг бүхнийг шүүмжлэлгүйгээр хүлээн авч, танд итгэнэ. Хүүхдэдээ “чамд тусламж хэрэгтэй юм байна, би чамд тайлбарлаж өгье” гэхийн оронд тэнэг мангараар нь дуудвал хүүхэд яг л тиймээрээ хүлээн авна. Энэ мэтчилэн санамсаргүй хэлсэн нэр хоч, өхөөрдсөн нэр хүртэл хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурахад нөлөөлдөг.
Туяа шалгалт дээрээ онц авч байхад чи сайн аваад байхдаа яах вэ дээ
“Туяа чамаас илүү” гэсэн хүүхдээ бусадтай харьцуулсан үг хүүхдэд их хүндээр тусдаг. Хүүхдийг ангийнх нь хүүхэд, ах, эгч дүү, хамаатан садан гээд өөр нэгэнтэй харьцуулах үед таагүй санагдаж, дараа нь тэр хүнээ өөрийн эрхгүй үзэн ядаж эхэлдэг байна. Том болсныхоо дараа ч тэр өөрийгөө бусадтай харьцуулж, өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй.
Чамайг ингээд байвал хайрлахаа больчихно шүү
Эсвэл чамайг тэгэх юм бол, ингэх юм бол хайрлана шүү ч гэдэг юм уу. Энэ хэллэгийн дараа хүүхэд байдаг чадлаараа зөв хүүхэд байхыг хичээж, өөрийнхөө хүсэл сонирхлыг ч умартахад хүрдэг. Ингээд л өөрийн гэсэн хувь хүн үгүй болдог байна. Том болоод тэд “Хүмүүс намайг хайрлахын тулд би ингэх ёстой, надад өөрийн гэсэн хүсэл байхгүй, бусдын хүсэл хэрэгцээг хангах ёстой” гэсэн ойлголттой болдог.
Намайг битгий шившиг болгоод бай
Өөрөөр хэлбэл “Чи бол миний гутамшиг” гэж хэлж байгаагаас ялгаагүй юм. Ийм үг байнга сонссон хүүхэд бусдын анхаарлаас гарахыг хичээн нуугдаж, хаагдмал болж эхэлдэг. Түүнд хэн нэгний гутамшиг болохоос өөр сонголт байхгүй мэт санагдана.
Чи яг л аав (ээж) шигээ юм
Эхнэр нөхөр хоёр хамтын амьдралдаа бие биеийнхээ өөтэй талуудыг олж харчихаад хүүхдээ юм л бол эхнэр, нөхрийнхөө дутагдалтай талыг дууриасан гээд гоочлоод байвал мөн л сөрөг нөлөөтэй. “Аав шигээ зөрүүд юм” аа гээд л ээж нь хэлж байвал аав нь муу хүн, ярилцаж болохгүй юм байна гэсэн ойлголт төрнө. Мөн “Хүүтэй байснаас охинтой байсан нь дээр байж” гэх мэтээр хэлээд байвал хүүхдийн сэтгэлийн гүнд юм үлдэнэ.
Хоолоо гүйцэд идэхгүй бол бие султай, тэнэг болно
Өвөө, эмээ нар хамгийн их хэлдэг үг. Тэд энэ байдлаар хүүхдүүдээ их идүүлж байгаагаа ч анзаардаггүй. Үүнээс болж хоол хүнсээ хаяхаас айх, илүүдэл жин зэрэг олон асуудал тулгардаг байна.
Үгэнд орохгүй байвал энэ ахад өгчихнө шүү
Ээж аав гэдэг хүүхдийн хувьд үнэ цэнтэй хүмүүс болохоор ийм үг хэллэг хэлбэл “Өөрийнхөөрөө байж болохгүй, бидний үгнээс гарч болохгүй” гэж ойлгогдоно. Ингэээд том болоод хүүхэд юу хүсч байгаагаа мэдэхгүй, бусдын эрхэнд орсон нэгэн болж хувирдаг.
Гэртээ бай
Энэ нь хүүхдийнхээ юу мэдэрч байгааг тоолгүйгээр юу ч хийж болно гэсэн санаа. Ингээд л аав юм уу ээж нь хэдхэн секундын дотор өршөөл үзүүлдэг, шийтгэдэг харгалзагч болон хувирна. Ийм хэллэг байнга сонссон хүүхэд даргатайгаа эв зүйгээ олж чадахүй болдог. Учир нь аав ээжийн оронд дарга гарч ирж, тэр даргаасаа айдаг, шийтгүүлчих вий гэж эмээдэг нэгэн болно.
Чамайг сонсмооргүй, хармаагүй байна, яв үз
“Чи миний амьдралыг баллаж хаясан. Арилж үз. Чи байгаагүй нь дээр байсан” гэж хэлснээс өөрцгүй үг юм. Ингээд хүүхэд эцэг эхийнхээ өмнө маш их буруутай юм шиг санагдаж, аз жаргалд нь саад болсон нэгэн юм байна гэж өөрийгөө бодох болно.
Тиймээс хүүхдэдээ ямар нэгэн хатуу үг хэлэхээсээ өмнө сайтар бодож байгаарай. Томчууд ихэнхдээ сонсож дургүй байдаг шүү дээ. Заримдаа тэднийхээ юу хэлж ярихыг сайн сонс.
Эх сурвалж: aif.ru