Цөсөө авахуулсан хүмүүсийн идэж болох ба болохгүй хүнс

Цөсний хүүдийгээ авахуулсны дараа хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулах нь ирээдүйд гарах хоол боловсруулах замын элдэв эмгэг өвчнөөс өөрийгөө хамгаална гэсэн үг юм.
    Учир нь цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүсийн хоол боловсруулах зам ч мөн адил өвчлөх эрсдэл хүлээж байдаг. 
Цөсний хүүдийгээ авахуулсны дараа хоолны дэглэм хэрхэн өөрчлөгддөг вэ?
Бидний цөс ердөө л 5 см урттай, элгэн доор залгаа оршдог жижигхэн эрхтэн. Энэ нь элэгнээс орж ирж буй цөсийг өөрөө боловсруулж, хоол шингээлтийг дэмжих үндсэн үүрэгтэй. Харин энэ хүүдий дотор чулуу үүсч, эсвэл ямар нэг байдлаар үрэвсвэл авахуулахаас аргагүйд хүрдэг. Үүнийг бид ихэнхдээ цөсөө авахуулах мэс засал гэж ярьдаг. 
Цөсний аливаа үрэвслийн үед баруун хавирганы нуман доогуур өвдөх, хоол шингэхгүй болох, өвдөлт ар нуруу руу дамжих, хэхрэх, цээж цанхайх, аюулхай орчмоор өвдөх гээд их зовиур өгдөг. Тиймээс энэ зовиур мэдэрсэн даруйдаа эмчид үзүүлж, ЭХО-д харуулах нь цаашид гарах эрсдэлүүдийг намжаадаг байна. Учир нь цөсний чулуутай удаан хугацаанд явах нь хоол боловсруулах эрхтэнүүдийг өвчлүүлээд зогсохгүй цөсний цоргонд чулуу орж бөглөвөл илүү хүндрэлтэй болдгийг эмч нар анхааруулдаг юм байна. 
Уг нь цөсний хүүдийнд боловсорсон цөс саадгүйгээр нарийн гэдсэнд урсан орох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагаагүйгээр хоол боловсруулах боломжгүй юм. Тиймээс нэгэнт та цөсний хүүдийгээ авахуулсан бол хоол хүнсний хувьд заавал дагах дүрмүүдийг алгасахгүйг хичээгээрэй. 
Юун түрүүнд их хэмжээний өөх тосны хэрэглээг хязгаарлах ёстой. Тостой хурц хоол болон боловсруулсан хүнс зэргийг таны бие шингээх чадварынхаа талыг алдсан гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. 
Хагалгааны дараах хэдэн сард та хоолныхоо орц найрлагад аажмаар өөрчлөлтүүдээ хэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс энэхүү мэдээлэл нь танд цөсний хүүдийгээ авахуулах мэс засал хийлгэсний дараа ямар хоол идэж болох, бас ямрыг нь алгасах ёстойг хэлж өгнө. 
Ямар хүнснээс татгалзах вэ?
Цөсний хүүдийгээ авахуулсан хүнд яг тийм ийм хоол идэх ёстой гэсэн стандарт байхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө тостой хурц, боловсруулсан болон чихэрлэг хоол хүнснээс татгалзахад нэн тохиромжтой. 
Ийм хоол хүнсийг идсэний дараа цөсний хүүдий байхгүй учраас таны эрүүл мэнд ноцтой аюулд орохгүй ч гэсэн гүйлгэх, бөөлжих, маш их өвдөх зэрэг хүндхэн зүйлсийг мэдрэх болно. Учир нь элэгнээс гадагшилсан цөс боловсруулагдалгүй шууд таны нарийн гэдэс рүү орж байгаа учраас шууд туулгах эм уусантай адил үйлчилнэ гэсэн үг.  
Өөхтэй мах 
Боловсруулсан махан бүтээгдэхүүн эсвэл өөхтэй мах нь цөсөө авахуулсан хүмүүсийн хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сүйдэлж мэдэх том дайсан. Тэгвэл ийм махан бүтээгдэхүүнд дараахь зүйлс багтдаг:
-Шарсан мах эсвэл өөхтэй улаан мах
-Үхрийн бүхэл мах, хавирга
-Гахайн мах
-Гахайн амталсан мах
-Пиццаны хиам, хиам
-Зайдас
-Хонины мах 
Цагаан идээ
Цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүсийн хувьд цагаан идээ нь тийм ч тохиромжтой хүнс биш юм. Учир нь таны бие эдгээр хүнсийг шингээхэд маш хүнд байх болно.
Иймд цагаан идээний ямар төрлөөс зайлсхийх ёстой вэ:
 -Тослог ихтэй сүү
-Тослог ихтэй тараг
-Тослог бяслаг
-Цөцгийн тос
-Өрөм
-Цөцгий
-Зайрмаг
-Зөөхий
-Дээрхээр хийсэн элдэв хүнс
Цагаан идээнээс татгалзах нь хэцүү санагдвал тослог багатай тараг, тослог багатай бяслагийг сонгож болох юм. Сүү хэрэглэмээр байвал бүйлсний сүү (алмонд самар) хэрэглэж болох юм. 
Боловсруулсан хүнс 
Боловсруулсан хүнс нь дандаа их хэмжээний өөх тос болон сахарыг өөртөө агуулж байдаг. Мөн хадгалах хугацааг нь хангахын тулд муутгадаггүй бодис хийсэн байдаг учраас таны хоол боловсруулах системд шууд л дайн зарлаж байна гэсэн үг юм. 
Эдгээрээс нэрлэвэл:
-Нарийн боов
-Бялуу
-Жигнэмэг
-Шанзтай рулет
-Чихэрлэг эрдэнэ шиш
-Цагаан гурилын болон бусад аргаар боловсруу
-Ургамлын болон устөрөгчийн аргаар гаргаж авсан тосоор хийсэн хүнс
Кафейн ба согтууруулах ундаа
Кафейн нь хүчил агуулж байдаг учир таны цээж хорсох, гэдэс мушгиж өвдөх зэрэг олон зовиурыг бий болгоно. Ялангуяа, цөсний хүүдийгээ авахуулсны дараа үүнийг хэрэглэх нь бүр ч дор үр дүн бий болгоно. 
Иймд дараахь уух зүйлсийг хязгаарлаарай:
-Кофе
-Цай
-Сода
-Энергийн ундаа
-Кафейн орсон жигнэмэг, кофены амттай амттанг
-Шоколад
Тэгвэл ямар хоол хүнс идэх вэ?
Цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүст олон төрлийн хоолыг хорьдог ч идэж болох хүнсний жагсаалт хориотойгоосоо ч давахаар урт үргэлжлэх болно. 
Эслэг ихтэй хүнс
Эслэг нь хоол боловсруулалтыг дэмжих бөгөөд ялгарч буй цөсийг чөлөөтэй урсахад тусална. Гэхдээ хагалгааны дараа аажмаар энэ дэглэмийг амьдралдаа хэвшүүлэхийг анхааруулж байна. Учир нь хагалгаанд орсны маргаашаас л ийм дэглэм барьвал гэдэс дүүрэхээс авахуулаад олон үр дагавартай. 
Эслэг нь кальц, В витамин, омега-3 зэрэг олон эрсдийн баялгийг агуулж байдаг билээ:
-Буурцаг, шош
-Сэвэг зарам
-Вандуй
-Хальстай нь чанасан төмс
-Овъёос
-Арвай
-Бүхэл үрийн талх, гоймон, бүхэл үртэй будаа, үр тариа
-Түүхий самар (тосонд шараагүй), жишээ нь, алмонд, хушга
-Түүхий үр. Жишээ нь, чиа үр, намуу цэцгийн үр
-Жимс, хүнсний ногоо
Шим тэжээл, амин дэмээр баялаг хүнс
Хагалгаанд орсноос хойш нөхөн сэргэхийн тулд танд илүү их эслэг, тэжээллэг шимтэй хоол хүнс хэрэгтэй. Доор жагсаасан хүнс нь антиоксидантаар баялаг бөгөөд А витамины эх үүсвэр болдог. Мөн дархлааг сэргээх С витамин ихээр агуулдаг учраас биеийг тань дахин сэргэхэд ихээхэн чухал нөлөөтэй.
Эдгээрт:
-Шошны төрлийн хүнс, шош, сэвэг зарам
-Цэцэгт байцаа
-Байцаа
-Бруссель байцаа
-Броколи
-Бууцай
-Буржгар байцаа
-Улаан лооль
-Жүрж зэрэг цитрусын төрлийн жимс
-Авакода
-Нэрс жимс
-Үхрийн нүд
-Бөөрөлзгөнө
Хар мах буюу идэх махаа хэрхэн сонгох вэ? 
Хэрэв та махны асар их хорхойтон бол цөсний хүүдийгээ авахуулах мэс заслын дараа эсрэгээрээ хандахаас аргагүйд хүрэх болно. Өөрөөр хэлбэл, мах удаан шингэх учраас өөртөө хайртай бол сонголтоо зөөлрүүлсэн нь дээр.
Иймд дараахь сонголтууд нь таны дотор эвгүйрхэх, нойр булчирхай өвдөхөөс сэргийлэх болно:
-Тахианы цээж мах
-Цацагт хяруул
-Яргай загас
-Хулд загас
-Май загас
-Сагамхай загас шиг цагаан өнгийн загас
-Шош
-Тофу
Эрүүл өөх тос ба өөх тос багатай хүнс. Өөх тос агуулаагүй хүнсний талаар
Мэдээж их өөх тосноос татгалзаж, ялангуяа, хоол хийхдээ их тос холих, шарах хэрэггүй. Ургамлын гаралтай өөх тосыг авакода, олив, кокосын тосноос авбал тун тохиромжтой.
Үүнээс гадна өөх тос багатай гэсэн шошго хадсан дараахь хүнснээс мөн зайлсхийх шаардлагатай:
-Майонез
-Сүү
-Тараг
-Цөцгий
-Зайрмаг
Өөр хоолны дэглэм байгаа юу?
Дэглэмээ сайн барьж чадвал цөсөө авахуулсны дараах нөхөн сэргэлт тэр хэрээр хурдан явагддагийг онцлох хэрэгтэй. Тиймээс дараахь зөвлөмжийг онцолж байна:
-Цөс авахуулах мэс заслын дараа шууд хоолныхоо цэсийг өөрчлөх хэрэггүй. Гэнэт эслэг ихтэй хоол идэх нь мэс заслын дараахь хоол шингээлтийг эрсдэлд оруулах болно. Тиймээс биеэ аажмаар дасгахыг хичээгээрэй. 
-Өдрийн турш бага багаар ойр ойрхон ид. Нэг дор ихээр идвэл гэдэс цанхайх, дүүрэх зовиур өгөх болно. Тиймээс хоолоо сайн зажилж, бага багаар ойр ойрхон идээрэй. Ойрхон зайтай 5-6 удаа хооллох нь хоол шингээлтийг дэмжих маш сайн алхам болно. Нэг удаагийн хоолонд агуулагдах өөх тосыг 3 грамм-аас хэтрүүлж болохгүй. 
-Хоолныхоо үндсэн орц найрлагыг солих. Жишээ нь, нарийн боов хийх гэж байгаа бол цөцгийн тосны оронд алимны шүүс хэрэглэж болно. Эсвэл талхандаа өндөг холихын оронд маалингын үр, усаар зуурч болно. 
-Дараахь цагаан хоолтны хоолны цэснээс санаа авахад гэмгүй. Мах болон сүү цагаан идээ нь асар их өөх тос агуулж байдаг учир цөсний хүүдийгээ авахуулсан хүн шингээж идэхэд маш хүнд, гэдэс цэрийх, бөөлжих, суулгах зэрэг хүндрэл өгдөг.Тиймээс эдгээрээс зайлсхийх хэрэгтэй. 
-Дасгал хөдөлгөөнтэй бай. Энгийн дасгал хөдөлгөөн хийх нь эрүүлжээд зогсохгүй жингээ хэвийн хэмжээнд барих, хоол шингээлтээ сайжруулах маш гайхалтай арга юм шүү. 
Эцэст нь 
Цөсний хүүдийгээ авахуулна гэдэг дандаа тийм ноцтой асуудал болоод байдаггүй л дээ. Гэхдээ та мэс заслын дараа биеэ хурдан тэнхрүүлж, элдэв зовиураас хол байхыг хүсч байгаа бол дээрх аргуудаас хэрэгжүүлэх хэрэгтэй. Та эргээд хэвийн амьдралдаа ороход, хэдхэн долоо хоног эсвэл хэдхэн сар л хэрэгтэй. 
Гэхдээ та үнэхээр эрүүл саруул, элдэв зовиургүй сайхан амьдралыг хүсч байгаа л бол дээрх дэглэмийг сахиарай. Цөсний хүүдийгээ авахуулсны дараа хоолны дэглэмээ өөрчилж, эслэгээр баялаг хоол хүнс, эрүүл өөх тос хэрэглэснээр ирээдүйд гарах хоол боловсруулах замын элдэв эмгэг өвчнөөс өөрийгөө хамгаална гэсэн үг юм. Учир нь цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүсийн хоол боловсруулах зам ч мөн адил өвчлөх эрсдэл хүлээж байдаг билээ. 
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
healthline.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан