Эмнэлэгт эмчлүүлэхийг хүлээсээр иргэдийн эрүүл мэнд хохирсоор байх уу


Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, эндэгдэл нэмэгдэж эрүүл мэндийн үзүүлэлтүүд муудаж байгааг статистик тоо баримтууд харуулж байна. 
Манай улс нэг хүнд ноогдох эмч, эмнэлэг болоод хэвтэн эмчлүүлэх орны тоогоороо дэлхийд тэргүүлдэг болсоор удаж байна. Өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд олон тооны шинжилгээ бүрдүүлэх шаардлагатай байдаг нь иргэдэд ихээхэн чирэгдэл болсоор байна. Учир нь эмнэлэгт хэвтэх, өдрөөр эмчлүүлэхийн тулд 10 орчим шинжилгээг бүрдүүлдэг бөгөөд нэг бүрчлэн шинжилгээнүүдийг ном ёсоор нь өгөх юм бол дундажаар 14 хоног орчим хүлээх хэрэгцээ гардаг. Энэ хугацаанд хүлээж байгаа хүний эрүүл мэндийн байдал дордож, нөгөө ертөнцөд очлоо л гэсэн үг. Шинжилгээг яаралтай бүрдүүлэхийн тулд бусад эмнэлэгүүдэд танил тал эсвэл мөнгийг нь төлөөд л доод шатлалын эмнэлэгт, хувийн лабораториудад өгсөн өгсөн шинжилгээг тооцохгүй дахиад өг гэх тохиолдол энүүхэнд гарч байна. Эмнэлэгт хэвтэхийн тулд бүрдүүлэх 10 орчим төрлийн шинжилгээ/ цус, шээс, биохими, эхо, компьютер гэх мэт/ дундажаар 470,000 орчим төгрөг царцуулж байна энэ бол эрүүл мэндийн даатгал төлсөний үр шимээ эдлээгүй гарсан зардал. Даатгалын үр шимийг хүртэнэ гэвэл бүтэхгүй. Яаралтай хувийн эмнэлэг, танил талын эмнэлгээ гуйж байж шинжилгээ шуурхай өгч ирээд хэвтэхэд оргүй байна гэх яриаг сонсоогүй хүн энэ улсад байхгүй бизээ. Арай гэж хэвтээд ирэхэд хүнээ ямар оройтуулсан юм бээ, биеийн байдал муу байна, эмчилгээний үр дүн сайнгүй байж магадгүй гэх мэт үгсийг эмнэлэгт ирээд сонсож байсан хүн зөндөө л бий байх. Энэ үг өвчтөний сэтгэл санааг маш хүнд цохилтонд оруулдаг. Өндөр хөгжилтэй орнуудад бол өвчтөнийг эмэн болон мэс засал эмчилгээнээс гадна сэтгэл заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй гэдгийг тогтоогоод практикт их ашиглаж үр дүнгээ өгч байгааг гадны орны сэтгүүлүүдэд их бичигддэг. Гэтэл өнөөдөр манай улсад шинжилгээг хэт шүтсэн техник сэтгэлгээ давамгайлж байна. Мэдээж оношлогоо сайн хийгдэж байж эмчилгээ үр дүнд хүрэх нь хэн бүхэнд ойлгомжтой байх үүний цаана өвчтөнүүд чирэгдэж, зовж шаналж явна. Эмч нар хүнээ үзэхээсээ илүү шинжилгээнд ач холбогдол өгдөг байдал хаа сайгүй бий болсон. Мэдээж эмч нарыг буруутгах гэсэнгүй, харин эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх хүлээгдэл, дугаарлалтанд хүмүүс бухимдаж байна энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал байх. Өндөр өртөгтэй шинжилгээ, эм тарианд хүмүүс дарлуулж байна. Төр минь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална уу. Эмнэлэгт хэвтэх дугаар авах асуудал бүрхэг байгаа энэ байдалд нүдэн балай чихэн дүлий явсаар дассан эрүүл мэндийн яам анхааралдаа авч ажил хийхгүй байгаа нь даан ч харамсалтай. Өнөөдөр хангалттай цалинтай байсан бол хувийн эмнэлэгт шинжилгээ өгөөд хариу нь утсаар ч хүртэл ирдэг болсон байна. Даанч авч байгаа цалин, орлого нь амьдралд нь хүрэхгүй байгаа иргэдэд маш том дарамт гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх дугаар авах, шинжилгээ бүрдүүлэх чирэгдэл нь  иргэдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг удаашруулж улмаар тэдний эрүүл мэнд эрсдэлд орж, зарим нь гэртэй нас барж байна бус уу ?.
 
Нийгэм судлаач В.Оюунчимэг  скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан