Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд хамгийн элбэг тохиолдож буй нь бөөрний өвчлөл. Жилд 1500 гаруй хүн “Бөөрний архаг дутагдал” хэмээх онош сонсдог гэдгийг эмч нар хэлж байна. Мөн улсын хэмжээнд өвчлөлийн тархалтаар нь ангилсан судалгаанаас үзэхэд бөөрний өвчлөлийн тохиолдол нь эхний дөрөвт жагсч байна. Бөөрний өвчлөлийг эхэн үед нь, эмийн болон хоолны эмчилгээгээр анагааж болдог бол цаашид өвчлөл хүндрээд ирэхээр зайлшгүй гемодиализийн аппаратад орж амьдрал залгуулах хэрэгтэй болдог. Аль эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болдог аж. Гэтэл энэ төрлийн өвчлөл залуужихын хэрээр манай эмнэлгүүдэд бөөрний гемодиализийн аппарат болон бусад нэн шаардлагатай тоног төхөөрөмж нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Үүний улмаас хэдэн зуун хүн үхэл, амьдралын зааг дээр өдөр хоногийг өнгөрөөж явна. “Оюутолгой” компани эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр судлалын тасагт өчигдөр нэгэн чухал аппаратыг бэлэглэсэн юм. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт анхдагч гэж хэлж болох зүүний чиглүүлэгчтэй допплер аппаратыг бэлэглэсэнд ЭМЯ болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.
БӨӨР СУДЛАЛЫН ТАСАГ ЖИЛД 18000 ГАРУЙ ХҮНД ҮЗЛЭГ ХИЙДЭГ
Тус эмнэлгийн Бөөр судлалын тасаг нь жилдээ 18000 гаруй хүнд үзлэг оношлогоог хийж, 1200 хүн хэвтэн эмчлүүлдэг юм байна. УНТЭ-ийн Бөөрний тасгийн эмч нар хэлэхдээ “Зүүний чиглүүлэгчтэй допплер хэт авиан аппарат гэдэг нь бөөрний эмгэгийг эрт үеийн оношлогоонд маш чухал ач холбогдолтой юм. Энэхүү аппарат нь нийт 67 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд бөөрний өвчлөл, бөөрний дутагдал, бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл ихэссэн энэ үед бөөрний биопси хийх ажилбарыг эх орондоо дэлхийн жишигт нийцүүлэн хийх, хөдөө аймаг, орон нутгаас ирсэн өвчтөнүүдэд чанартай найдвартай оношлогоог хийж, Монголдоо эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон юм. Бөөрний өвчлөл нь ихэнхдээ монголчуудын амьдралын хэв маяг, байгаль цаг уурын нөхцөл, улс орны эдийн засаг, нийгмийн байдал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг аж. Бусад улс оронтой харьцуулахад манайд бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл маш элбэг тохиолддог юм байна. Түүдгэнцэр гэдэг нь жижиг үрэвсэлт өвчин үүссэнийг бүрэн эдгэрүүлээгүйн улмаас мөнөөх өвчний бактер бөөрөнд хүрч, үрэвсүүлдэг аж. Энэ нь бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, бөөрний архаг дутагдал болох гол шалтгаан болж байна. Бөөрний өвчлөл ихэсч, жил ирэх тусам өвчлөл залуужиж буй энэ үед ийм чухал аппарат бэлэглэсэнд Бөөрний тасгаар үйлчлүүлж буй хот, хөдөөгийн олон иргэн баярлаж байгаагаа хэлж байв. Уг арга хэмжээний нээлтэд ЭМЯ-ны Төрийн бичгийн дарга Э.Содномжамц, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Д.Чулуунбаатар, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Тэдний сэтгэгдлийг сонсов.
ОЮУТОЛГОЙ КОМПАНИ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц:
-Эрүүл мэндийн салбар монгол хүнийг эрүүл урт наслуулахын төлөө, монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн төлөө гадаад, дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Оюутолгой компани эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, энэхүү аппаратыг бэлэглэж байгаа явдалд ЭМЯ-ны удирдлага болоод УНТЭ-ийн хамт олны өмнөөс талархаж буйгаа дамжуулъя. Цаашид бидэнд олон том зорилтууд бий. Монгол хүнээ эрүүл урт наслуулах, дундаж наслалтаа нэмэгдүүлэх гээд энэ бүхэнд Оюутолгой компани дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон чухал ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ ОЛОН ЗУУН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭСЭЙ“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес:
-Манай байгууллага нь ажилчдынхаа эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг билээ. Тиймээс бусдын төлөө амьдралаа зориулж байгаа эмч нар, эмнэлгийн ажилчидтай энд хамт байгаадаа баяртай байна. Та бүхний ажил бидний хувьд амин чухал зүйл билээ. Тиймээс бусдын төлөө гаргаж буй чин сэтгэлд чинь талархаж байна. Өнөөдөр энэхүү зүүн чиглүүлэгчтэй бөөрний аппаратыг гардуулан өгч байгаадаа миний бие ихэд баяртай байна. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт бөөрний эмгэг өвчнийг илрүүлэх эмчилгээнд нэвтрүүлж буй анхны аппарат юм. Цаашид бөөрний өвчтэй олон зуун хүнд амьдрал бэлэглэж, амин чухал тусламж үйлчилгээг үзүүлэх байх гэж бодож байна. Мөн гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст эх орондоо шинжилгээ оношлогоонд хамрагдаж, үнэн зөв оношлуулах, Монголдоо эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлэхэд энэ аппарат маань ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. “Оюутолгой” компанийн үйл ажиллагааны цөм нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хамтын ажиллагаа байдаг билээ. Иймд бид энэ чиглэлээрх шилдэг туршлагуудаа бусадтай хуваалцахдаа баяртай байдаг. Дээрх жишгээр манай эрүүл мэндийн хөтөлбөрүүд маань алжаал ядаргааны удирдлага, сэтгэцийн эрүүл мэнд, тамхидалт гэсэн чиглэлүүд рүү чиглэдэг. Тийм ч учраас бидний үйл ажиллагаа ажилчдынхаа хүрээнээс хальж, эрүүл мэнд боловсролын салбарт хэрэгжиж байгааг энэхүү үйл ажиллагаагаараа дамжуулан илэрхийлж байна. Энэ нь бидний нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй олон ажлын нэгээхэн хэсэг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин