Өнгөрсөн хоёрдугаар сард Пакистаны хойд нутгийн жижиг хот болох Ратто Дерод энэхүү өвчлөл тархаж буй эхний шинж тэмдэг илэрсэн талаар ВВС мэдээлж байна.
Хүүхдээ элгэндээ тэвэрсэн хүмүүс эмч дээр ирэх нь олширч, бяцхан хүүхдүүдийнх нь халуун огт буурахгүй байгаа талаар хэлж байжээ. Хэдэн долоо хоногийн дараа яг ийм оноштой хүүхдүүд эмнэлэг бараадах болсон байна.
Ингээд мухардалд орсон эмч Имран Аарбани хүүхдүүдийн цусыг шинжилгээнд илгээжээ. Шинжилгээний хариу эмчийн айдсыг баталгаажуулснаар энэ бүхэн эхэлсэн байна. Хүүхдүүд ДОХ-оор өвчилсөн байсан ч үүнийг хэн ч мэдээгүй нь бүр хачирхалтай болж таарав.
“Өнгөрсөн сарын 24-нд цусны шинжилгээ хийлгэсэн 15 хүүхэд энэ өвчнөөр өвдсөн нь батлагдсан. Гэтэл тэдний эцэг эхээс энэ вирус илрээгүй” хэмээн шинжилгээ хийсэн эмнэлгийн эмч ВВС-д ярьжээ. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь байлаа. Өнгөрсөн сард энэ аюулт мэдээ тархсаны дараа Засгийн газраас эмнэлгийн нэгдсэн шинжилгээ явуулахад дээрх вирусаар өвчилсөн нь илэрсэн 607 хүний 75 хувь нь хүүхдүүд байсан байна.
Ийнхүү өвчин тархсан нь тус улсад эмнэлгийн үйлчилгээнд өгөх зардлаа хэмнэхийн тулд орон нутгийн домч нарт хандаж цаг алдсаных хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
“Aga Khan University Hospital” эмнэлэгт ДОХ-ын халдвар авсан хүүхдүүдийг эмчлэх сайн дурын багт ажиллаж буй Фатима Мир “Хүүхдүүд энэ халдварыг авах гурван зам бий. Ээж нь халдвар авсан учраас цусаар нь дамжсан. Эсвэл халдвартай мэс заслын багаж, нөгөө бол халдвартай зүү тариураас авсан байх эрсдэлтэй” гэжээ.
Ээжээс энэ вирус илрээгүй цөөн хэдэн хүүхдэд ээжийнх нь цусыг сэлбэх эмчилгээ хийж байгаа юм байна. Мөн тариураас энэ халдварыг авсан байх магадлалтайг ч албаны хүмүүс зөвшөөрч байгаа аж. Хяналтгүй 500 гаруй эмнэлэг тус муж даяар ажилладаг гэсэн тоо байдаг юм байна.
Түүнчлэн хүүхдийн мэргэжилтэн Музаффар Хангрог хүүхдүүдэд тариураар халдвар тараасан хэмээн баривчлан хориод байгаа ч тэрээр үүнийг няцаагаад байна.
Ратто Деро эмнэлгийн кэмпэд ажиллаж буй эмч нар өнгөрсөн сарын 25-наас хойш 18418 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон хүүхдүүд нэг сартайгаас 15 настай байна. “Хүүхдэдээ эмчилгээ хийлгэх зардал өссөөр байна. Бид хүүхдийнхээ эмчилгээг хийлгэхийн тулд Карачи тосгон руу явахаас аргагүйд хүрдэг. Тээврийн зардал мянга мянган рупийд хүрч байна. Нөхөр маань өдрийн ажил хийдэг. Тэгэхээр бид цаашид эмчилгээгээ хэрхэн хийлгэхээ мэдэхгүй байна” хэмээн охин нь энэ халдвараар өвчилсөн ээж ВВС-д ярьжээ.
Зууны мэдээ