Рентгенд харуулж үзээгүй хүн байна уу гэвэл “Байна” гэх хүн бараг олдохгүй. Харин танд үйлчлэхдээ цацрагийн хамгаалалтын хувцас өмсгөсөн үү гэж арван хүнээс асуухад “Тийм” гэж хэлэх хүн олдсонгүй. Энэ бол өнөөгийн эмнэлгийн ажилтнууд нэг өвчний онош тогтоохдоо дахиад нэг эрсдэлийг бий болгож байгаагаа мэддэггүй. Норм, дүрм стандартаа судалж ойлгоогүйн илэрхийлэл. Нөгөө талаас иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө шаардлага тавих мэдээлэл ойлголт дутмаг байгаагийн шинж. Гэтэл эмнэлгийн ажилтны хууль дүрэм, стандартаа мэддэггүй, иргэний хэнэггүй зангийн цаана ямар их эрсдэл нуугдаж, магадгүй нэг аюулыг дарахдаа нөгөө аюулыг бий болгож байгааг төсөөлөхөд ч бэрх юм.
Саяхан Хан-Уул дүүргийн XV сургуулийн 500 сурагч сүрьеэгээр өвчилсөн мэдээлэл олон нийтийг айдаст автуулж, улс даяар сүрьеэгийн өмнө бэлтгэлгүй байгаадаа сэтгэл түгших болов. Ингэж Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулж ирсэн аюул эрүүл мэндийн салбарын эмгэг тогтолцоог ч эргэж харах сануулга боллоо.
Гэвч нэг сургуулийн хүүхдүүдийн шүгэлийн чимээнээр ил болсон сүрьеэгийн өвчлөл давхар аюул дагуулж байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй. Хэрэв энэ янзаар явбал цацрагийн аюул сүрьеэгээс ч илүү сүйрэл авчрах нь ээ, Д.Сарангэрэл сайд аа.
Дан ганц сүрьеэ гэлтгүй рентгений зураг авах, харуулах хэрэгцээ шаардлага өдөр тутам тулгардаг. Тэгвэл рентгений өрөөний хаалган дээр “Гэрэл ассан үед орж болохгүй” гэж улаанаар бичиж, рентген аппаратыг залгахад автоматаар асахаар хийгдсэн гэрлэн дохиог байрлуулсан байдаг. Нэг үгээр хэлбэл, энэ нь цацраг аюултайг анхааруулсан гэрлэн дохио юм. Гэтэл хэнд ч “Аюултай “ бүс гэдэг нь ойлгомжтой төмөр хаалганы цаана аюулгүй ажиллагааны дүрэм хэрхэн хэрэгждэг эсэх хяналт сул байна.
Хамгаалалтын бүс татаж, хүүхдүүдэд тугалган хормогч өмсүүлэх ёстой
Сурвалжлагч миний бие өмнө нь эмнэлгийн орчинд рентгенд хэд хэдэн удаа харуулж байсан ч рентген аппаратаар үзлэг, шинжилгээ хийхэд хамгаалалтын ямар хувцас өмсдөгийг мэргэжлийн хяналтын байгууллага дээр очоод анх удаа харсныг энд онцлохыг хүслээ. Уг нь иргэн мэдлэг мэдээлэлтэй бол эмчээс хамгаалалтын хэрэгслийг шаардах ёстой юм билээ. Тиймээс бид сүрьеэгийн сүүдэр нийгмийг нөмөрч, тэрдундаа сурагчдыг сүрьеэгийн үзлэг шинжилгээнд хамруулахдаа зөөврийн рентген аппаратт ашиглаж байгааг хөндөж байна. Өөрөөр хэлбэл, өнгөн дээрээ сүрьеэ өвчинг илрүүлж байна гэх боловч бодит байдалд хүүхдүүдийг цацрагийг туяанд хордуулж давхар эрсдэлд оруулж байгаагаа эмнэлгийн ажилтнууд мэдэхгүй явна уу. Эрүүл мэндийн сайдын хэлснээр “ХӨСҮТ-ийн сүрьеэгийн албаны нөхөд маань рентген аппаратаа зөөж авчран, сүрьеэгийн сорил тавьж оношилж эмчлээгүй байсан бол ганцхан XV сургууль дээр л гэхэд 1700 гаруй сурагч, багш, ажилтан халдвар авч, өвчлөх байсныг төсөөлөхөд ч бэрх” гэсэн. Ингэж салбарын сайдын баталж хэлснээр эмч нар сургуулиуд дээр зөөврийн рентен аппарат аваачиж хүүхдүүдийг оношлохдоо цацрагаас хамгаалах наад захын аюулгүй ажиллагааны дүрмийг хангадаг эсэх нь эргэлзээтэй байна. Норм дүрэм стандартаар бол хамгийн наад зах нь цацрагийн аюултай ажиллаж байгаа хүн рентген зураг авах болон рентген эмчилгээ хийхдээ удирдлагын өрөөнөөс зориулалтын цонхоор буюу бусад системийн туслалцаатайгаар өвчтөний байдлыг хянах ба зааварчилгааг чанга яригчаар өгнө. Цацрагтай ажиллагчийн ажлын байр нь рентген туяаны нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан төдийгүй зориулалтын хувцас өмсөх ёстой.
Рентген шинжилгээний үед бүсэлхийнээс доошхи хэсэг, бамбай булчирхай, нүд болон биеийн бусад хэсэгт, ялангуяа өсвөр насны хүүхдэд хамгаалалтыг заавал хийнэ. Бага насны хүүхдэд туяаг өгөхдөө биеийн судлагдаж байгаа хэсгийн гаднах бүх биеийг хамгаалалтын хэрэгслээр бүрэн хамгаална гэж заажээ.
Энгийнээр хэлбэл, тухайн сургууль дээр зөөврийн рентгенээр хүүхдүүдийн цээжний зураг авах гэж байгаа бол зориулалтын тугалган хөшиг, хамгаалалтын бүс татна. Дээр нь хүүхдүүдэд заавал тугалган хормогч өмсүүлэх ёстой. Хэрэв энэ норм дүрэм зөрчигдвөл рентен цацрагийн тун хэтрэх, цаашлаад биеийн дархлаанаас эхлээд бүх хэсэгт нөлөөлж өвчний суурь шалтгаан болдог аж.
Гэтэл сургуулиуд дээр зөөврийн рентген аппарат аваачиж үзлэг хийхдээ ямар ч хамгаалагдсан орчин үүсгэдэггүй. Сургуулийн урлагийн зааланд үзлэг шинжилгээ хийдэг төдийгүй хүүхдүүдэд хамгаалах хувцас хэрэглэл өмсүүлдэггүй гэх гомдол мэдээлэл мэргэжлийн хяналтын байгууллагад ирдэг байна. Тухайлбал, өнгөрсөн жил нийслэлийн нэгэн дунд сургууль дээр мэргэжлийн бус хүн хувьдаа ашиглаж байсан рентген аппаратаараа сурагчдыг үзлэгт оруулж байсан ноцтой зөрчил гарсан байдаг. Хамгийн гол нь сурагчдыг зөөврийн рентен аппаратны үзлэг шинжилгээнд оруулахаар бол сургуулийн эмч тусгай хөтөлбөр боловсруулж урьдчилан мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулах ёстой. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар орчин нөхцөлд үзлэг хийх гэж буй болон мэргэжлийн хүн ажиллах эсэхэд хяналт тавих хууль дүрэмтэй. Гэтэл сургуулиуд дээр зөөврийн рентген аппарат аваачиж үзлэг шинжилгээ хийсэн гэж салбарын сайд нь мэдэгдсээр байхад хууль дүрмээ баримталж мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан сургууль нэг ширхэг ч алга. Эндээс харвал, наад захын хууль дүрмээ мэдэхгүй байгаа эмч нар сурагчдыг үзлэгт хамруулахдаа хамгаалалтын хувцас өмсгөх үү гэдэг улам л бүрхэг болж байна. Мөн хүүхдүүдийг рентген аппаратаар давхар үзлэг шинжилгээнд хамруулах нь бүр аюултай. Гэтэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн албан ёсны мэдээлэлд “Нийслэлийн ерөнхий боловсролын XV сургуульд сүүлийн гурван жилд дөрвөн удаагийн сүрьеэгийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж, давхардсан тоогоор 5000 гаруй багш ажилчид сурагчдыг хамруулж, сүрьеэг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулж байна” гэжээ. Эндээс харвал гурван жилд дөрвөн удаагийн давтан үзлэг хийсэн юм байна. Ингэхдээ зориулалтын бус орчинд хамгаалалтын хувцас өмсүүлээгүй бол гэхээр ирээдүйд ирэх аюулыг төсөөлөх ч аргагүй. Цацрагийн өндөр тунгаас болж детерминистик эффект үүсдэг. Тунгийн хэмжээ нэмэгдэхэд хордлого нэмэгдэж, нүдний болор цайх, арьс улайх, цэврүү үүсэх, түлэгдэх, үс унах, цусанд өөрчлөлт орох, бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Нууц үедээ хавдар, удамшлын гаж нөлөөтэй.
Тиймээс салбарыг удирдаж буй эрхэм сайдад уламжлахад эмнэлэг, сургуулийн орчинд рентген цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм хэрэгжиж байгаа эсэх. Ялангуяа сургуулийн урлагийн зааланд рентген аппаратаар үзлэг оношлогоо хийхдээ рентген цацрагийн онц аюултай хязгаарлалтыг тогтоож, хүүхдүүдэд тугалган хормогч өмсүүлдэг эсэхийг хянахыг хүсье. Тэгэхгүй бол эмнэлгийн орчинд аюулгүйн дүрэм стандартаа сахихгүй байгаа эмч нар олон нийтийн газар хана, хормогчоо аваад очих нь эргэлзээтэй шүү. Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн ганцхан жишээ дурдахад, энэ сарын 15-ны өдөр Өргөө кино театрын өмнөх талбайд иргэдэд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог хийхдээ хамгаалалтын хувцас байтугай тусгаарласан бүс ч татаагүйгээс хүмүүс яг л үзвэр үзэж байгаа мэт тойрч зогсоод үйлчлүүлж байсныг анзаарсан болов уу.
С.Ариунболор: Зөөврийн аппаратаар зураг авахдаа тугалган хаалтыг бэлдэж очих ёстой
МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч С.Ариунболороос тодруулсан юм.
-Зөөврийн рентген аппаратаар сургуулийн орчинд үзлэг хийхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьдаг уу?
– Рентген цацрагаар зураг авахын тулд олон улсын болон үндэсний стандартыг нарийн баримтлах ёстой. Аппарат тоног төхөөрөмж чанарын баталгаажилтын шаардлага хангасан байх ёстой. Импортоор орж ирэхээс эхлээд тусгай зөвшөөрөлтэй, ажиллуулж байгаа ажилтан цацрагийн хамгаалалтын чиглэлээр мэргэшсэн байх ёстой. Зөөврийн рентген аппаратаар зураг авах гэж байгаа бол цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байх ёстой. Тугалган хөшиг нь тухайн зураг авч байгаа орчноос цацрагийг нэвтрүүлэхгүй хязгаарлах бүс болдог. Тугалга цацрагийг хамгийн сайн шингээдэг. Өвчитнийг хамгаалах тугалган хаалт, цацрагтай ажиллагч хамгаалалтын хувцас өмсөнө. Зөөврийн аппаратаар голдуу цээжний зураг авдаг учраас бүсэлхийнээс доошхи хэсгийг хамгаалах ёстой.
Хэрэв сургуулийн орчинд зөөврийн рентген аппарат ашиглах гэж байгаа бол сургуулийн эмч урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж тусгай хөтөлбөр боловсруулсан байх ёстой. Хөтөлбөрөө мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдсэний дагуу цацрагийн хяналтын албанаас хаана, ямар орчин зай талбайтай өрөө тасалгаанд зураг авах гэж байна, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсэхийг очиж үздэг. Хугацаа, зай талбай, хамгаалалтын хэрэгсэл нь үндсэн гурван хамгаалалт юм. Үүнээс гадна цацраг үүсгэгч туяаг хүнгүй газар руу чиглүүлж, хамгаалалтын бүс татна. Тугалган босоо хаалт бий. Эмч цацрагтай ажиллах хугацаанд хэр их цацрагийн тун хуримтлуулав гэдгийг бүртгэдэг багаж зүүсэн байх ёстой.
-Тугалган хамгаалалтыг зөвхөн эмнэлгийн орчинд хэрэглэх үү. Зөөврийн үед яах вэ?
– Зөөврийн рентен аппаратаар зураг авахдаа тугалган хаалтыг бэлдэж очих ёстой. Өсвөр насны хүүхдүүд томчуудыг бодвол цацрагт мэдрэг байдаг. Бүсэлхийнээс доошхи хэсэгт тугалган хамгаалалттай байх ёстой. Зураг авах, үйлчлүүлж байгаагаас өөр хүн дотогш нэвтрэхгүй.
-Аюулгүй ажиллагаа алдагдвал ямар эрсдэл учрах вэ?
– Цацрагийн тун хуримтлагдаж дархлаа сулрахаас гадна их тунгаар шарлага тавьсан бол аюултай. Давтан зураг авбал цацрагийн тун нэмэгдэнэ.Рентгений хор шууд илрэхгүй. Аажимдаа эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Өөрийгөө нөхөн сэргээх дархлааны систем муудна. Урьд жил нь хамруулсан бол давтан шинжилгээнд хамруулахгүйгээр зураг өвчнийх нь түүхийг тэмдэглэж, цацрагийнх нь тунг бүртгэж хүчдэл, гүйдлийнх нь хэмжээг бичдэг байх шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Тэрдундаа 0-5 насны хүүхэд өсч торниж бодисын солилцоо болон эд эсийн хуваагдал эрчимтэй явагдаж байдаг учраас цацрагийн аюулд өртөх магадлал маш өндөр. Рентген аппаратаар харахыг 0-5 насны хүүхдүүдэд ДЭМБ-аас хориглосон. Зөвхөн клиникийн эмчийн заалтаар зайлшгүй тохиолдолд л харалт хийлгэх ёстой.
-Зөөврийн аппарат ашиглах гэж байна гэж хэдэн сургууль мэдэгдсэн бэ?
-Энэхүү стандарт заалтуудыг мэддэггүй учраас холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор мэргэжлийн зөвлөгөө авахаар хандсан сургууль алга. Цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчилж байна.
ШИНЖИЛГЭЭНД ОРОХДОО ДАРААХ СТАНДАРТЫГ ШААРДААРАЙ
♦ Рентген зураг авах болон рентген эмчилгээ хийхдээ удирдлагын өрөөнөөс зориулалтын цонхоор буюу бусад системийн туслалцаатайгаар өвчтөний байдлыг хянах ба зааварчилгааг чанга яригчаар өгнө.
♦ Цацрагтай ажиллагчийн ажлын байр нь рентген туяаны нөлөөллөөс бүрэн хамгаалагдсан төдийгүй зориулалтын хувцас өмсөх ёстой.
♦ Рентген шинжилгээний үед бүсэлхийнээс доошхи хэсэг, бамбай булчирхай, нүд болон биеийн бусад хэсэгт, ялангуяа өсвөр насны хүүхдэд хамгаалалтыг заавал хийнэ.
♦ Бага насны хүүхдэд туяаг өгөхдөө биеийн судлагдаж байгаа хэсгийн гаднах бүх биеийг хамгаалалтын хэрэгслээр бүрэн хамгаална.
♦ Сургуулийн орчинд зөөврийн рентген аппарат ашиглах гэж байгаа бол сургуулийн эмч урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж тусгай хөтөлбөр боловсруулна.
♦ Хөтөлбөрөө мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдсэний дагуу цацрагийн хяналтын албанаас хаана, ямар орчин зай талбайтай өрөө тасалгаанд зураг авах гэж байна, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсэхийг очиж үздэг.
♦ Цацрагийн тунгийн хэмжээг хянах дозиметрээр ашиглана.
C.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин