“Дам тамхидалтад өртсөөр байвал харшилтай болно”

Харшил эмгэг үү? Бие даасан өвчин үү?
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн хүн амын дунд харшил эрүүл мэндийн маш том асуудал болсон. Харшил сүүлийн үед яагаад ихсээд байна вэ гэвэл хүн байгалиасаа холдсонтой шууд холбоотой. Хүн байгалийн амьтан. Хүний бие махбодийн дархлаа тогтолцооны байгалийнх нь үүрэг зориулалт бол хүний биед нэвтэрч орж байгаа янз бүрийн халдварын эсрэг тэмцэх. Нян, вирус, шимэгчдийн эсрэг дархлаа тогтолцоо тэмцэж биеийг эрүүл байлгадаг.
Гэтэл энэ тогтолцооны гажуудал үүсч заримдаа хэт суларч эсвэл хэт идэвхиждэг. Дархлаа суларсан үед өвдөг, хатиг гарч буглаа үүсдэг. Энэ төрлийн хүмүүсийг дархлаа хомсдолтой гэж үзнэ. Харин дархлаа ихсээд, хэт идэвхижээд ирэхээр харшлын өвчнөөр өвдөх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлж өвчилдөг. Тодруулбал дархлаа хэт их идэвхижиснээс харшлаар өвддөг. Харшил удамших магадлалтай.
Мөн хүрээлэн буй орчноос шалтгаалан харшил үүсдэг. Эсвэл хүүхдийг бага насанд нь хөхөөр хооллоогүйгээс, жирэмсэн эхчүүд тамхи татсанаас болон кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд харшлаар өвдөх нь их байдаг. Орчин үед харшил үүсгэж буй шинэ хүчин зүйл бол Д витамины дутагдал. Бидний баг Тайвань улсын судлаачидтай хамтран амьсгалын замын харшилтай болон астматай хүүхдүүдийг судлахад 90 хувь нь Д витамины дутагдалтай байсан.
Дээр үед харшил гэж бараг гардаггүй байсан нь байгальдаа ойр байсных байжээ?
Шууд тэгж ойлгож болно. Хүн байгальд ойр байхын хэрээр байгальд байдаг эмгэг төрүүлэх шинж чанар султай бактер, халдварууд тогтмол хүний биед ордог. Мөн хүний арьсан дээр, амьсгалын болон хоол боловсруулах замд бичил биетнүүд байдаг. Эдний эсрэг дархлаа тэмцэх үүрэг гүйцэтгэж байдаг. Ийм үйл ажиллагаатай байвал хэвийн гэж үзнэ.
Гэтэл бага насны хүүхдүүдийг хэт цэвэр орчинд байлгаад ариутгасан, савласан хоол хүнсээр өсгөж асар ихээр бөөцийлбөл тэр хүүхэд байгалиасаа холдож байгаа нь тэр. Ийм нөхцөлд торниж буй биед нэвтрэх халдварын хэмжээ бага болж дархлаа тогтолцоо маань тэмцэх нян, вирусгүй болж өөрөөр хэлбэл хийх ажилгүй болж байгаа юм. Ингээд хүний дархлаа тогтолцоо ердийн халдварын биш нөхцөлд хэт их ажиллан өөрөө өөртөө ажил олж байна гэсэн үг.
Энэ нь харшлаар өвдөх үндсэн суурь гэж болно.
Улаанчулуутын хогийн цэгт байгаа хүмүүс дундаас харшилтай, астматай хүн хайгаад олохгүй. Учир нь тэдгээр хүмүүсийн дархлаа тогтолцоо ямар нэгэн халдвартай завсар чөлөөгүй тэмцсээр зохицсон.
Дэлхийн судалгаа бий. Хөгжсөн орнуудын хот суурин газрын оршин суугчид фэрмерийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээс хамаагүй өндөр харшлын өвчний тархалттай байдаг. Хөгжиж буй орны иргэдийн хувьд хотын иргэд хөдөө орон нутгийн иргэдээс илүү их харшлаар өвчлөмтгий байгаа нь тогтоогдсон. Суманд амьдарч буй иргэд хотод амьдардаг иргэдээс илүү байгальдаа ойр байгаатай холбоотой.
Хүүхдээ харшилтай болгохгүйн тулд гэдсэнд байхаас нь анхаарах ёстой юу?
Хүүхдүүдийн хувьд харшил үүсгэгч хүчин зүйлсийг нь гадаад болон дотоод гэж ангилдаг. Дотоод хүчин зүйлд удамшил ордог. Хүний дархлаа тогтолцоонд таван төрлийн уураг байдаг. Эдгээрээс И гэдэг уураг нь илүү төрвөл харшлын суурьтай гэж үзнэ.
Төрсний дараа харшилтай эсэхийг шуудхан мэдэж болох уу?
Харшлын суурьтай хүүхдүүд хацар нь улайх, биеэр туурах, загатнах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед л анхааралдаа авч зөв хооллож асрах нь чухал. Нас ахихын хэрээр харшлын шимж тэмдгүүд нэг нь нөгөөдөө шилждэг. Үүнийг харшлын марш гэдэг. Хамгийн анхны харшил бол хүнсний харшил. Ихэвчлэн өндөг, үнээний сүүнээс харшина. Хүнсний харшил нь амьсгалын замын дээд замынх болж даамжрахдаа астма болдог.
Эмчлэхгүй бол улам л хүндэрдэг гэсэн үг үү?
Орчин үеийн анагаах ухаан харшлын өвчнийг төгс эдгээж чадахгүй байна.
Дархлааны И уургийн хэмжээ өндөр болдог, түүнийг хариуцдаг гень нь мутацид орж өөрчлөгддөг онцлогтой. Уургийн илүүдэл хэмжээг бий болгодог чадвар нь хадгалагдаад үе удам дамжаад байгааг удамшиж байна гэж үздэг. Үүнийг анагаах ухаан эмчилж чадахгүй байна. Харин эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үед тухайн хүнийг ямар нэгэн зовиургүйгээр байлгах эмчилгэээ бий. Харшил эмчлэгддэг ч эдгэрдэггүй гэж болно.
Харшлыг иргэд дур мэдэж эмчлэх нь их юм шиг санагддаг?
Энэ бол эрүүл мэндийн боловсрол нимгэн байгаатай холбоотой. Ам дамжсан, туршигдаагүй аргуудыг өөр дээрээ шууд туршдаг. Эмч зөвлөөгүй байхад дур мэдэж эм уудаг. Энэ байдал иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндэд ялангуяа харшил судлалын салбарт маш ноцтой нөлөөлж байна.
2017 оны найман сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд харшлын эмийг буруу хэрэглэж мэдрэгшээд эмээ зохисгүй хэрэглэснээс болж шоконд орж нас барсан тохиолдол тав, зургаа бүртгэдээд байна.
Хагас жил хүрэхгүй хугацаанд шүү дээ. Эмийг дур мэдэн хэрэглэх нь ямар их эрсдэлтэйг энэ баримтаас ойлгож болно. Эмийн харшлын тухайд аливаа эмийг анх удаа хэрэглэхэд харшлын урвал өгөхгүй. Давтан хэрэглэснээр мэдрэгшил үүсдэг. Мэдрэгшил үүсчихсэн хүн тухайн эмийг дахин хэрэглэвэл шинж тэмдэг нь хөнгөн илэрч болно. Харин дараагийн удаад амь настай шууд холбоотой эрсдэл үүснэ.
Харшлын сорилын тухайд?
Харшлын өвчнийг эмчлэх дөрвөн аргын нэг нь яг юунд харшилтайгаа мэдээд тэрнээсээ зайлсхийж сэргийлэх байдаг. Ямар харшилтайг тодорхойлохдоо сорил тавих эсвэл цуснаас шинжилгээ авч илрүүлдэг. Орчин үед арьсан дээр харшил үүсгэгч дусаах буюу сорилын аргаар харшил илрүүлэх нь хоцрогдож байна.
Цуснаас харшлын төрлийг нарийвчлан тодорхойлдог болсон. Ердөө 35 минут шаардлагатай. Монгол хүнд хамгийн их харшил өгч байгаа дөчин төрлийн зүйлийг тодорхойлж байгаа.
Монгол хүнд хамгийн их харшил үүсгэж байгаа дөчин зүйлийг нэрлээч?
Ургамлын тооснууд, амьтан, хөгцний мөөг, хүнсний зүйлс. Хүнсний зүйлс дундаас хамгийн элбэг нь өндөг, сүү, мах, жимс, самар, үр тарианы зарим төрөл, далайн зарим нэг хүнс бий. Хүн амьдралдаа маш олон төрлийн хүнс хэрэглэдэг ч гэлээ харшлыг дээр дурдсан цөөхөн төрлийн хүнс л ихэвчлэн үүсгэдэг.
Хавар болохоор харшилтай хүмүүсийн сэтгэл зовнил эхэлдэг юм шиг байгаа юм?
Цас хайлж ханзраад дулаараад ирэхээр цасан доор байсан тоос тоосонцор агаарт ихээр дэгддэг. Үүнээс үүдэлтэй тоосны харшил эхэлдэг. 5,6,7 сард ургамлын харшил эхэлнэ. Фрактикаас харахад анхлан харшилтаа болонгуутаа эмчид хандаж эмнэлэгт ирдэг. Гам барьж,эмчийн заавар зөвлөгөөг сайн дагадаг. Эмч үзээд харшлынх нь нөхцөл байдалд таарсан эм, эмчилгээг зөвлөөд өгсний дараа алга болж цаашлаад дураараа эм хэрэглэж эхэлдэг. Дараа нь тэрийгээ бусдад зөвлөдөг. Энэ маш буруу.
Өнгөрсөн зун л гэхэд аргалын утаагаар утаад харшлыг эмчиллээ гэж нэг нөхөр тарааж харшилтай бүх хүмүүс утсан байх. Мөн царцаа идэж, голионы бөгс баахан сорсон. Зарим нь 10,20 жил харшилтай байгаад эдгэсэн гэж ярьдаг. Гэтэл энэ бүхний цаана анагаах ухааны нотолгоо шаардлагатай.
Та дээр дурдсан арга хэрэглээд эдгэрсэн хүнтэй таарсан уу? Нэг хүнд таараад дараагийн хүнд таараагүй зүйл байдаг юм болов уу?
Онолын хувьд цусанд байгаа уургийн асуудал аргалын утаанд утагдаад алга болно гэж байхгүй.
Гэхдээ нэг зүйл нь харшлын өвчин сэтгэл зүйн хамааралтай өвчинд хамаардаг. Магадгүй нэг хүн энэ утаагаар утаад миний харшил 100 хувь эдгэрнэ гэж итгэсэн байвал эмнэл зүйн шинж тэмдэг эдгэрээд хөнгөрсөн мэдрэмж төрж болно байх. Утаагаар утаад эдгэдэг байсан бол шинжлэх ухаан юу хийх вэ дээ.
Дархлааг дарангуйлах эмчилгээ хийж харшлыг эмчилдэг үү?
Ялангуяа арьсны харшлын тууралтын үед тууралт гарч буй хэсэгт дархлаа хэт ихэссэн байдаг. Хүний биеийн дархлааг дарангуйлж багасгаж болохгүй. Харшилтай хүмүүст хийдэг эмчилгээ дархлааг нь зүгшрүүлэх эмчилгээ юм. Тухайн хүний харшлын төрлийг нарийн тогтоогоод, мэдрэгшлийн зэргийг тогтоогоод эмчилгээ хийдэг. Эмчилгээний үр дүн маш сайн.
Гурваас дөрвөн жил эмчилгээг сайн хийвэл 10-15 жил харшлаар өвдөхгүй. Баримтлах ганц зарчим бол эмчилгээний горим сайн мөрдөх, мөн эмчилгээний бүтээгдэхүүн стандарт шаардлага хангасан байх ёстой.
Эхээс төрөхдөө харшилгүй төрлөө. Насан туршдаа хэрхэн харшилгүй амьдрах вэ?
Нийт харшилтай хүмүүсийн 50 хувь нь удамшлаас шалтгаалсан. Үлдсэн 50 хувь нь амьдралын хэв маягаас үүдэлтэй байдаг.
Энэ амьдралын хэв маяг гэдэгт чухам юу хүнийг харшлаар өвчлүүлж байгааг маш ихээр судалж байна.
Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь идэвхигүй тамхи татдаг хүмүүсийн И уураг нь ихэсдэг гэдэг нь тогтоогдсон. Дам тамхидалтад өртсөн хүн харшлаар өвдөнө гэдгийг хэлж байна.
Япончуудын хийсэн маш том судалгаа бий.
zzzzzz-2 "Дам тамхидалтад өртсөөр байвал харшилтай болно"
Автомашины дутуу шаталтаас үүдэлтэй бохир агаар буюу дизель хөдөлгүүрийн тортог, ургамлын тоостой холилдохоороо хүнийг харшилтай болгодог нь батлагдсан.
Ямар санаанаас үүдэж хийгдсэн судалгаа вэ гэхээр хурдны замуудын дагуу амьдарч байсан иргэд түүнээс хол амьдардаг иргэдээс илүү их харшилтай байсан байдаг. Манай орны хувьд дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл их дээр нь салхиар тоос хүртээдэг ургамал зонхилж ургадаг нь харшлын шалтгаан болж байна.
Улаанбаатар хотод ургаж байгаа ургамлын судалгаа бий юу? Харшил үүсгэгчийн хувьд?
Дээр үеийн ганц нэг судалгааг эс тооцвол судалгаа байхгүй.
Дэлхийн өндөр хөгжсөн орнуудад барилгын дээвэр дээр ургамлын тоос наалдуулж тоолдог тусгай цэг бий. Энэ цэгээсээ иргэддээ мэдээлэл өгдөг. Одоо хотод маань тийм ургамлын тоос их дэгдэж байна, ийм үе дээрээ байна гэх мэтчилэн.
Харшил ер нь хэр аюултай өвчин бэ?
Аюултай өвчин. Хамар битүүрэх, хааяа найтаах, загатнах зэргээр иргэд төсөөлдөг. Гэтэл энэ бүхний цаана том эрсдэл бий. Ургамлын тоосонд харшилтай болчихсон хүн ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд харшилтай болсон байдаг. Үүнийгээ мэдэхгүй шок болох нь бий. Жишээ нь хус модны тоосонд харшилтай хүн тоор, лийр жимсийг хальстай нь ихээр идээд эрсдэлд ордог.
Харшлын шок болбол 15 минутаас хоёр цагийн дотор амь насанд аюул учирдаг.
Харшилгүй амьдрах зөвлөгөө өгөөч манай уншигчдад?
-Байгальдаа ойр бай
-Хэт их ариун цэврийг сахиж, ваакуумжсан орчинд битгий амьдар
-Дам тамхидалтад өртөхгүй байхыг хичээ
-Хүүхдээ төрдөг замаар нь төрүүлээрэй зайлшгүй заалтаас бусад үед
-Хүүхдээ хөхөөр хоолло
-Хүнсний зөв хэрэглээтэй бай
-Гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийн арьсандаа тохируулан зөв сонго
-Эмийн зохистой хэрэглээг эрхэмлэ
-Нотлогоонд суурилсан эмчилгээг хий. Эцэст нь хэлэхэд “Хүн бол байгалийн бүтээгдэхүүн”
-Манай уншигчдад мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан