Өнөөгийн нийгэмд хамгийн их сэтгэл зовоосон асуудлын нэг нь илүүдэл жин билээ. Гоолиг эмэгтэйчүүд хүртэл илүүдэл жингээ хасах гэж хоолны дэглэм үе үе барих шаардлагатай болдог. Үнэхээр илүүдэл жинтэй юу, хоолны дэглэм бариад хүссэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна уу? Хоол судлаач эмч нар илүүдэл жингийн талаарх хамгийн түгээмэл төөрөгдлүүд болоод танд огтхон ч ашиггүй турах аргуудын талаар тайлбарлан ярьжээ.
1. Цагаан хоолтон болвол жингийн илүүдлийн асуудал үүсэхгүй.
Цагаан хоолтон болсноор маш богино хугацаанд жингээ хасч, дахин таргалахгүй, тэгээд ч цагаан хоол хангалттай хэмжээний амин дэм агуулдаг гэдэг нь худал болохыг мэргэжилтнүүд нотолж байна. Цагаан хоолтнууд зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн болох мах, элэг, сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг "В" амин дэмийн дутагдалд ордог.
"В" аминдэм дутагдсанаар оюуны болоод бие махбодийн туйлдалд орж, ой ухаан хийгээд хөдөлгөөний баримжаагаа алдан, цус багадалттай болж мэдрэлийн сааталд орох эрсдэл бий.
Цагаан хоолтнууд ясны өсөлт хөгжилт, бие махбодийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй ясны эд эсэд кальци хуримтлагдахад тус болдог Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй байна.
Турах тухайд гэвэл, хэт их идвээс цагаан хоолтон байсан ч илүүдэл жинтэй болно.
2. Оройн хоол тарга хуримтлуулдаг бол өглөө идсэн хоол үлдэгдэлгүй шингэдэг
Тийм биш гэнэ. Жаахан юм идсэнээс бус, харин хөдөлгөөн дутагдаж, хэт их идсэнээс болж таргалдаг. Унтаж амарсан бие махбодид өглөөд их хоолны хэрэггүй.
Өглөө их хэмжээгээр идсэн хоол хүнс олигтой шингэдэггүй, маш хөнгөн чанарын хоол идэх хэрэгтэй. Өглөөгүүр мах, загас идвэл ходоодны шархтай болно.
3. Маш бага идэх хэрэгтэй. Өдөрт иддэг хоолныхоо нэгийг тэвч, тэгвэл турна
Хооллолт хоорондын зай хол байвал хооллох дуршил ихсэж, дараагийн удаа хооллохдоо та өөрт шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн идэхэд хүрнэ. Тиймээс илүүдэл жинтэй хүмүүс өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр юм идэх хэрэгтэй.
4. Загасны мах тураадаг
Загасанд жишээлбэл, гахайн шорлог махтай бараг адил хэмжээний өөх тос агуулагддаг. 100 грамм балмад болон яргай загас 12 грамм тос агуулдаг бол, 100 грамм үхрийн мах ердөө гурван грамм тос агуулдаг байна.
5. Хиамнаас татгалзвал турна
Хиаман бүтээгдэхүүний долоон хувийг өөх тос эзэлдэг учраас өдөр бүр зохих хэмжээний хиам идэж болно.
6. Махыг бяслагаар орлуулж болно
Бяслаг нь махтай адил хэмжээний протеин агуулдаг, гэхдээ илүү тослог бөгөөд зүрхний булчинд шаардлагатай төмөр агуулдаггүй.
7. Цагаан талх хивэгтэй талхнаас илүү илчлэгтэй
Энэ худлаа. 100 грамм цагаан талхны илчлэг 100 грамм хивэгтэй талхныхтай адил. Гэхдээ хивэгтэй талх нь хоол боловсруулалтыг сайжруулдаг их эслэг болон магни агуулдагаараа ашигтай.
8. Хатаасан талх ердийн талх шиг таргалуулахгүй.
Хатаасан талх илүү илчлэгтэй. Түүнд жирийн талхнаас илүү их тос агуулагддаг, 50 грамм хатаасан талх 200 килокалоритай байхад, 50 грамм цагаан талханд 125 килокалори агуулагддаг байна.
9. Ус их уу
Ус нь бие махбодиос хорт бодис болон бохирдлыг гадагшлуулахад тус болдог болохоос бус илүүдэл жинг хасахгүй. Хоолны үеэр юм уух нь /компот, дарс, шүүс, хийжүүлсэн ундаа/ илүүдэл жинтэй болгоход хүргэдэг. Хооллохдоо уусан шингэн нь идсэн хоол хэвийн шингэхэд саад болдог. Хоол идсэнээс хойш нэг цагийн дараа юм уух хэрэгтэй.
10. Элсэн чихэрийг орлуулагчаар соль
Ингэх шаардлагагүй. Саахар орлуулагч нь хооллох дуршлыг хөдөлгөдөг, саахраас хамаагүй амттай учраас амттаныг хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай болгож болзошгүй.
Эх сурвалж: http://www.emegteichuud.mn |