Энэхүү сэтгэлийн шархыг та зөвхөн хайр дурлалтай холбож бодох хэрэггүй. Өмнө нь бид “Хамгаалах механизм”-ийн тухай товч мэдээлэл оруулсан билээ. Харин одоо, хэн бүхэнд байдаг таагүй мэдрэмж, бараан санагдам дурсамж болон үлдсэн зүйлийг “Траума буюу сэтгэлийн шарх” хэмээн нэрийдэж багахан мэдээллийг хүргэе.
Траума нь гэнэтийн осол, дотны хүнээ алдах, өвчин эмгэг тусах болоод, хүндээр бодвол гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, эрүүдэн шүүлгүүлэх гэх мэт төрөл бүрийн үйл явдлаас үүдэн бий болох боломжтой.
Субъектив хандлагаас буюу хүн бүрийн траумаг нарийвчлан ангилж үэзх боломжгүй, учир нь хүн бүр өөр өөр амьдралыг туулж, өөр өөр туршлага хуримтлуулсан байдаг билээ. Үүнээс хамааран хүн бүрийн траума ондоо нөхцөл байдалд илрэх боломжтой.
Жишээ 1. 40 настай эр ойд гэр бүлээрээ зугаалж яваад модны цаана багахан утаа гарахыг үзээд нэг ч хөдлөхгүй, дуугарахгүй зогсчихжээ. Учир нь түүнийг бага байхад ахтайгаа ойгоор жимс түүж явж байхад нь түймэр дэгдэж таарсан байна. Үүний улмаас эрэгтэй багахан түүдэг гал, утаа зэргээс ихээхэн айдаг болжээ.
Жишээ 2. 30-тай эмэгтэй одоо хүртэл хүнтэй суугаагүй бөгөөд сахалтай эрчүүдтэй огт уулзахыг хүсдэггүй. Учир нь түүнийг өсвөр насанд нь хөрш нь хүчирхийлэхийг завдаж байжээ. Тэрхүү хөршийнх нь онцлог зүйл нь сахал байсан тул одоо хүртэл эмэгтэй мартаж чадалгүй тэр зүйлд л дургүй болсон” гэх мэт маш олон төрлийн үйл явдлаас үүдэн хүмүүс янз бүрийн зүйлээс эмээж, халшрах нь бий. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр үйл явдлыг мартаж болох хэдий ч эргэн сануулах цочроогч гарч ирэх төдийд таагүй мэдрэмжүүд төрж болно.
Янз бүрийн зүйл тохиолдоход “Юун сүртэй юм” гэж найздаа хэлэхийн оронд “Яавал зүгээр болох юм шиг санагдаж байна” талаар лавлаад үзээрэй.
Траума нь гадны нөлөөтэй, эсвэл нөлөөгүй ч байж болох тул битгий туйлшраарай найзуудаа. Бүтээлч байцгаая.
Эх сурвалж: Психея клуб