Манай улсад устаад хоёр жил ор сураггүй болсон байсан Улаанбурхан өвчний халдвар өнгөрсөн сард гадаадын иргэнээс илэрсэн билээ.
Тодруулбал, Оюутолгой компанид ажилладаг Энэтхэг улсын иргэн уг өвчний халдвар тээж хилээр орж ирсэн нь тогтоогдсон. Харин ХӨСҮТ-ээс мэргэжлийн баг эмч гарч өвчний голомтод ажиллаж, дархлаажуулалт хийж, өвчилсөн иргэнийг тусгаарлан эмчилсэн.
Мөн уг өвчний халдварын хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймагт сургуулийн сурагчаас илэрч, тусгаарлан эмчилгээ хийлгэж байгаа талаар өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ хоёр иргэнд халдварласан вирус бүрэн эдгэрч эмчийн хяналтаас гарсан талаар албаны эх сурвалж хэлж байна.
Тодруулбал, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Халдвартай хоёр иргэн бүрэн эдгэрсэн. “Оюутолгой” компанийн ажилтан Энэтхэг улсын иргэн ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Говьсүмбэр аймгийн харьяат 13 настай хүү хичээлдээ явж байгаа. Түүний тухайд өвчний үе шат нь хөнгөн байсан.
Эмчилгээ хийж эхэлснээс хойш 10 хоногийн дотор өвчтөнүүд бүрэн эдгэсэн. Товчхондоо, дээрх хоёр өвчний голомтыг цомхотгож, аюулгүй болгосон гэсэн үг. Улаанбурхан өвчин нь 14 хоногт эдгэдэг. Агаар дуслын замаар халдварладаг энэ вирусээр халдварлаж, өвчин хүндэрсэн л бол зайлшгүй эмчид хандах шаардлагатай. Харин өвчний хөнгөн үе шатад эмчээс зөвлөгөө авч гэрээр эмчилгээ хийж эдгээх боломжтой. Ингэхдээ заавал тухайн өвчтөнийг тусгаарлах хэрэгтэй” гэв.
О.Гэрэл
Оллоо.mn