Их Британи улсын нэгэн иргэн 2003 онд бидний хэлж заншсанаар ДОХ буюу ХДХВ-ийн халдвартай хэмээн оношлогджээ. Харин тус өвчтөнд эс суулгах эмчилгээ хийсний дараагаар өвчний халдвар устаж, үгүй болсон байна.
Хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан тус иргэний ХДХВ-ийн халдвар 18 сарын өмнөөс буюу нэг жил зургаан сарын өмнөөс эхлэн алга болж эхэлжээ. Ийнхүү аажмаар халдвар нь багасах болсон өвчтөн одоогоор ДОХ-ын халдварын эсрэг ямар нэгэн эм уухаа зогсоогоод байгаа юм байна.
Дээрх өвчтөн ДОХ-ын халдвараас гадна цусны цагаан эсийн хорт хавдартай гэдгээ 2012 онд оншлуулж байсан бөгөөд түүнд хавдрын эсрэг химийн эмчилгээ хийж байжээ. Түүний дараагаар ДОХ-ын халдварт тэсвэртэй донорын эсийг өвчтөнд суулгасан байна. Хэсэг хугацааны дараагаар өвчтөний ДОХ болон цагаан эсийн хорт хавдар аль аль нь үгүй болсныг ийнхүү олж тогтоогоод байгаа юм.
Өмнө нь ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийг ийм төрлийн аргаар огт эмчилж байгаагүй бөгөөд энэ удаагийн эмчилгээ нь анхны туршилтуудын нэг юм. Түүнчлэн хэрэв судлаачид халдварыг бүр мөсөн устгасанг нотолж чадвал цаашид ДОХ өвчнийг эмчлэх шинэ эмчилгээ, боломжуудыг нээхэд томоохон хувь нэмэр оруулах талаар олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Ийнхүү Их Британи улсын нэгэн иргэн ХДХВ-ийн халдвар нь устаж үгүй болсон дэлхийн хоёр дахь иргэнээр тодорч байна.
Эх сурвалж: BBC