Саяхан Билл Гейтс өөрийн сангаар дамжуулан ядуу орнуудын хүүхдэд зориулсан эмчилгээний пробиотикийг (ашигтай нян) турших ажлыг санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Учир нь ашигтай микробыг хүнсэнд нэмэх нь хүүхдийн ходоодонд хэвийн микробиом (тэнд оршдог бичил биет, нянгуудын нийлэмж) үүсгэхэд тустай гэсэн таамаг бий. Тэдгээр нь эрүүл мэнд, сэтгэц ба үйлдэхүйд нөлөөлдөг гэж үздэг боловч чухам яаж гэдэг нь тодорхойгүй байгаа. Иймээс микробиом хүн төрөлхтөнд юу өгөх вэ гэдэг нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.
Ашигтай нянгууд
Саяхныг хүртэл хүүхэд ямар ч нянгүй “цэвэр” төрдөг гэж үздэг байв. Харин сүүлийн судалгаагаар эхийн сав, ургийн ус болон хүйсэн нянгууд оршдогийг тогтоосон. Төрсний дараа агаарт гарсан нярай нянгийн дайралтад өртөнө. Эхийн сүүнд 600 орчим төрлийн микроб оршиж, зарим хэсэг нь нярайд шилждэг байна. Эхний саруудад нярайн ходоод гэдэсний микробиом бүрддэг учир зөв хооллох нь маш чухал. Микробиомд багтдаг нян, микроб, мөөгөнцрүүд хүний биед зэрэгцэн оршиж, хоол боловсруулахад туслахын хамт үүнээс тэжээллэг бодис, эрчим хүчийг шимж авдаг. Ходоод гэдэсний бичил биетүүдийг хүн төрөлхтөн 100 гаруй жил судалж байна. Гэхдээ гэдэсний микроб хүний эрүүл мэндэд гол үүрэгтэйг саяхнаас тогтоосон байна.
Гэдэсний өвчин
1980-аад онд австралийн эрдэмтэд дэлхийн хүн амын бараг тал хувийнх нь гэдсэнд оршдог Helicobacter pylori хэмээх бактери хорт хавдар үүсгэдгийг нээжээ. Эрүүл хүнд онц нөлөөгүй боловч дархлааны систем доголдсон үед өвчлөлийн эрсдэл нэмэгддэг байна. 1989 онд микроб болон харшлын уялдаа холбоог тогтоосон. Эрдэмтэд өнөр гэр бүлд өссөн хүүхдүүдийн дунд толбот үлд болон өвсний харшил бага байдгийг олж мэджээ. Сүүлийн үед судлаачид зүрх судасны өвчин, чихрийн шижин, өөхлөлт, астма, ходоодны үрэвсэл, биеэ авч явах байдлын гажуудал зэрэг эмгэгүүд ба микробиомын хоорондын холбооны талаар ярих боллоо.
Микробиом болон бусад организмыг холбох үүргийг триметиламиноксид ба богино гинжин өөхний хүчил хэмээн хоёр нэгдэл гүйцэтгэдэг. Жишээлбэл, өөхний хүчлийн молекулууд цадалтын гормоныг өдөөж, тархинд ходоод дүүрснийг дохиолдог.
Хэрэв доголдвол тархинд буруу дохио очно. Энэ нь өөхлөлт үүсдэг механизм байж магадгүй юм. Түүнчлэн микробиом болон сэтгэцийн өвчний хоорондын холбоог таамгийн түвшинд судалж байна. Гэдсэнд тэжээллэг бодисуудыг боловсруулах үйл явц тархийг оруулаад бүх бие эрхтэнд нөлөөлдөг гэж энэ таамгийг дэвшүүлэгчид нотолж буй. Хулгана дээр хийсэн туршилтын явцад молекулаар дохио өгдгийг илрүүлсэн байна.
Пробиотикийн асуудал
Сүүлийн жилүүдэд ходоод гэдэсний өвчлөлийг хүнд ашигтай микробоор эмчлэх арга өргөн дэлгэрч байгаа. Эмч нар жор бичиж, эмийн сангуудаар чөлөөтэй худалдаж байна. Йогурт, тараг болон бусад ферментжүүлсэн сүүн, исгэлэн бүтээгдэхүүнийг гэдэсний микробиомд сайн нөлөөтэй хэмээн сурталчилдаг. Билл Гейтс эмчилгээний пробиотик боловсруулах төслийг олон жил санхүүжүүлжээ. Тэрбээр одоо эхийн сүүнд нэмэлтээр өгөх бэлдмэл хийхэд тусалж байгаа аж. Уг бүтээгдэхүүнийг Бангладешт дутуу хөгжилтэй нярай дээр туршиж байна. Бангладеш, Мадагаскар зэрэг оронд нэгээс таван насны хүүхдийн нэлээд хэсэг нь төмөр, цайр, йод, амин дэм гэх мэт тэжээллэг бодисын дутагдалтай байдаг. Ийм байдал хэвийн микробиом бүрдэх явцыг саатуулж, насан туршдаа эрүүл мэндийн асуудалтай тулгарна гэж эрдэмтэд үздэг. Ингэж өссөн хүүхэд цаашдаа сайн хоол тэжээлтэй болсон ч хүнснээс хэрэгтэй бодисыг авч чадахаа больдог аж. Энэ асуудал илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдэж буй хөгжингүй орнуудад ч чухал юм.
Хүний микробиом
Эмчилгээний үзэл санаа нь хүүхдийн гэдсэнд эхийн сүүгээр дамжуулан микроб суулгаж, хэвийн микробиом бүрдэхэд туслах явдал юм. Гейтсийн хөрөнгө оруулалт ямар үр дүнд хүрэхийг ирээдүй харуулах бөгөөд пробиотик эмчилгээний үр ашиг батлагдаагүй байгааг Cochrane Collaboration судалгааны байгууллагын тайланд дурджээ. Эдний өгүүлэл дутуу төрсөн нярай болон эхийг пробиотикоор эмчлэх болон гэдэсний үрэвслийг эмчлэхийн тулд пробиотик суулгах аргуудыг тайлбарласан байна. Судлаачид баттай дүгнэлт хийхийн тулд нэмэлт өгөгдөл хэрэгтэйг онцолжээ.
Гэхдээ өнөөгийн пробиотикууд харшлын эмчилгээнд тус болохгүй. Хүүхдийн эмч нарын үндэсний холбоод харшлын эсрэг пробиотик ашиглахыг зөвлөдөггүй. Дэлхийн харшлын нийгэмлэгээс зөвшөөрсөн ганц зөвлөмжид харшлын удамтай гэр бүлээс гаралтай жирэмсэн эх, сүүгээр тэжээдэг эх болон нярайд хэрэглэж болно гэж дурдсан байна. Шинжлэх ухаан микробиомыг бүрэн ойлгож амжаагүй агаад өвчлөлд үзүүлэх түүний нөлөөг судалж буй. Эмчилгээний пробиотик бүтээх ажил дөнгөж эхний шатандаа явж байна. Гэхдээ эрдэмтэд энэ салбарт гайхамшигтай нээлтүүд хийгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.
ЗГМ сонин