Хеликобактер VS Хэрэглээ

Хэрэв жаахан л халуун ногоотой, чихэрлэг эсвэл тослог хоол идэх үед ходоодны дээд хэсгээр өвддөг бол чамд ходоодны шархын эхний шинж тэмдэг явагдаж байна гэсэн үг. Хооллолт, сэтгэлзүй, эрүүл ахуйдаа хайхрамжгүй хандсанаас болоод “уцаартай” болсон ходоодоо тайвшруулахын тулд чи юуг мэдэх ёстой вэ?
Хеликобактер ихсэхэд ходоод шархалж өвчилдөг. Улмаар ходоодны ханыг хамгаалагч салслаг бүрхэвчийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Хүний биеийн эсэргүүцэл сулрах үед хеликогийн шинж тэмдгүүд илүү тод үзэгддэг. Орчин үед хүнсний аюулгүй байдал, хүн амын өсөлттэй холбоотой нягтран суурьшилт, хувийн ариун цэвэр, буруу хооллолт зэрэг нийгмээс хамааралтай олон шалтгаанаас үүдэж хеликобактеритай хүмүүсийн тоо олширчээ. Хеликобактерийг эмчлэхдээ ходоодны хүчил бууруулагч эм, антибиотик зэргээр хавсран эмчилдэг. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдэд төдийлөн тохиромжтой эмчилгээ биш юм. Тиймээс гам сайн барьж, хориглосон хоол хүнсийг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Хелико нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж ходоодны шарх, цаашилбал ходоодны хорт хавдар үүсгэдэг. Хамгийн гол нь хеликобактеритай хүнд маш удаан хугацааны дэглэм, гам шаардлагатай. Өдөр тутмынхаа амьдралд зайлшгүй хорих шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдэд эдгээр орно:
Цавуулагтай бүтээгдэхүүн: Үүнд бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн, жишээ нь талх, жигнэмэг, гоймон, пицца, овъёосны будаа зэрэг орно. Эдгээр нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэх сөрөг талтай. Ихэнх хүмүүс гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэснээр зуршил болсон байдаг. Үнэндээ эдгээр нь хүний биед шаардлагагүй бүтээгдэхүүн юм. Хэрэв үр тариа, гурилан бүтээгдэхүүнээс 60 хоногийн турш татгалзаж чадвал хеликобактери тодорхой хэмжээгээр буурдаг.
Каффейнтэй хоол хүнс: Тийм ээ, би ч бас кофе уух дуртай. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Бүх төрлийн кофе хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Кофенд дурлагч ихэнх хүмүүс ходоод гэдэс, хоол боловсруулах замын ямар нэг өвчлалтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс яг одооноос буруу зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Мөн шоколад, байхуу цай, кола, болон хийжүүлсэн ундаанд ч мөн адил каффейн агуулагддаг. Тиймээс ходоодныхоо өвчнийг арилгахыг хүсч л байвал жимсний цэвэр шүүс, цэвэр устай нөхөрлөх хэрэгтэй шүү. Алкоголийн төрлийн ундааны талаар бодох ч хэрэггүй.
Шар буурцаг: Саяхныг хүртэл буурцгийг эрүүл хооллолтын дээд хэмээн үзсээр ирсэн. Гэвч үнэндээ тийм биш юм. Буурцагт агуулагддаг их хэмжээний уураг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн зөвхөн буурцаг төдийгүй үнээний сүүнд агуулагддаг шүлт нь ходоодон дахь хүчлийн хэмжээг нэмэгдүүлдгээрээ сөрөг талтай юм.
Исгэлэн жимс: Нимбэг, грейпфрут, жүрж гэх мэт цитрусын төрлийн жимс нь ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ийм жимсний шүүснээс ч бас татгалзах хэрэгтэй. Мөн цангис, улаан лооль болон улаан лооль оролцсон кетчуп, салса, пастаны соус зэргийг “эмзэг” ходоодтой хүмүүс их хэмжээгээр хэрэглэвэл бие чинь шууд сөрөг хариу үйлдэл үзүүлэх болно.
Соус амтлагчууд: Хоол хийхэд ордог төрөл бүрийн амтлагч, соуснууд ходоодны хүчлийг ихэсгэж цээж хорсгодог. Хар перец, чили, сонгино, сармис, цуу, гич, майонез болон гааны тос зэрэг нь хүчлийг ходоодноос зайлж улаан хоолойг хорсгоход хүргэдэг. Орой бүр хоолондоо ямар нэг амтлагч хийдэг бол яг одооноос болихыг зөвлөж байна. Түүнчлэн өдөр бүр хэрэглэдэг давсныхаа хэмжээг аажмаар багасгаарай.
Тослог хоол хүнс: Тосонд болгосон пирошки, хуушуур, шарсан тахиа, зайдас, шарсан төмс зэрэг амьтны гаралтай тос ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд ходоод өвдөх шалтгаан болдог.
Ходоодны хүчилээ идэж байгаа хоол хүнсээрээ дэмжээд л байвал хеликобактер төдий чинээ үржинэ. Тиймээс ходоодныхоо хүчлийг хэвийн хэмжээнд нь барьж, эрүүл ахуйг сахиснаар хеликобактераа багасгаж болно. Ходоодны хүчил бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд:
Chamomile /Алтан товч/ цай- Алтан товчийн хандтай цай нь ходоодны хүчилтэй тэмцдэг, тэнцвэржүүлдэг аж. Цайг буцалгаж бүлээн болтол хөргөсний дараа бага багаар шимж уух нь хамгийн үр дүнтэй. Хэт халуун болон хэт хүйтэн унд харин ч ходоодны хүчлийг ихэсгэдэг учраас бусад бүх ундаа хөргөж байгаарай.
Алимны цэвэр бүтээгдэхүүнүүд- Алим болон алимны цуу нь хоёулаа ходоодны хүчлийг бууруулах нөлөөтэй. Алим нь өөрөө хүчиллэг жимс боловч түүнд ходоодыг зөөлрүүлэх энзим болон ашигтай хүчилүүд агуулагддаг. Пестицид болон бусад химийн бодисны найрлагагүй органик алим хэрэглэхийг эрмэлзээрэй. Эсвэл худалдаж авсан алимаа сайтар угааж цэвэрлэж байгаарай.
Бүйлс самар--Өдөрт нэг атга бүйлс самар идэх нь ходоодны хүчилтэйгээ хийх тэмцэлд чинь том тус болно.
Органик Алое шүүс--Алое-ийн шүүс нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, ходоодны хүчлийг бууруулан үрэвслийг намжаадаг. Дэлгүүрт зардаг элсэн чихэртэй алое-ийн шүүс биш, цэвэр алое-ийн бэлдмэл авч хэрэглээрэй.
Эдгээрээс гадна ходоодныхоо өвдөлтийг арилгахыг хүсч байвал аль болох тайван, өөдрөг байгаарай. Учир нь сэтгэлзүйн дарамт стресс нь шууд ходоодонд нөлөөлж хүчлийг ихэсгэн өвдөхөд нөлөөлдөг. Тиймээс ч муу сөрөг зүйлсийг төсөөлөн боддог хүмүүс ходоодны шархтай байх нь тун элбэг тохиолддог.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан