Бүтэн 20 жил АНУ-ын тэнгисийн цэрэгт хүчин зүтгэсэн Жоко Уиллинк 2010 онд чөлөөндөө гарчээ. Харин тэр одоо ч гэсэн өглөө бүр 04:30 цагт сэрдэг хэвээр.
Уиллинк Иракийн дайны үед ахмадын алба хашиж байсан бөгөөд 2011 оноос эхлэн удирдлагын ухааны хичээл заах болжээ. Shell Oil, Citibank зэрэг томоохон компаниудад гэрээгээр ажилладаг тэрээр бусдад хэрхэн тэргүүлэгч байхыг заахын тулд өөрөө тэргүүлэгч байх ёстой гэсэн байр суурь баримталдаг.
Тийм ч учраас өглөө бүр эртлэн босохоос түүний ажил эхэлнэ. Тэрээр “Өглөө эрт, жишээлбэл 04:30 цагт сэрнэ гэдэг их олон зүйл амжуулах цаг гаргаж байна гэсэн үг. Өөртөө чухал гэж боддог зүйлсээ хийх зав гарна” гэсэн юм.
Харин өдөр 04:30 цагт бол тийм боломж байхгүй. Бусад хүмүүсийн оролцоо хэтэрхий их болдог учраас ажилдаа, найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ цаг зарцуулах хэрэгтэй.
Гэхдээ өглөө бүр үүр цайхаас өмнө сэрнэ гэдэг амаргүй зүйл. Уиллинк “Өглөө эрт босно гэдэг зугаатай зүйл биш. Сэрүүлэг дуугарахад танд дуу тоглож өгөх бус, харин толгой руу чинь хүчтэй дэлсээд авах шиг л болно. Харин яг энэ үед л хөнжил доогуураа шургах уу, эсвэл босоод өдрийг эрч хүчтэй угтах уу? гэдэг нь таны сонголт” гэсэн юм.
Түүний хувьд өглөө бүр хүнд дасгал хийдэг. Харин хүн бүрийн хувьд өглөө болгон хүнд дасгал хийх шаардлагагүй гэж тэрээр хэлсэн юм. Хамгийн гол нь өглөө орноосоо боссоны дараа ямар нэгэн хөдөлгөөн л хийх хэрэгтэй.
Суниах, гүйх гээд олон дасгалыг хийж болно. Учир нь тэр зүйл тун богино хугацаанд тухайн хүний өглөө бүр эртлэн босох шалтгаан болдог аж. Тийм зүйлээ л олох хэрэгтэй. Энэ бүхний эцэст өдөр бүр эрч хүч дүүрэн өнгөрнө.