Ясны шөл ямар ач тустай вэ?

Монголчууд бид шөлөөр цадаж, төлөөр баяжна гэж ярьдаг. Шөл нь дан ганц цатгахаас илүү эрүүл мэндийн маш өндөр ач холбогдолтой гэдгийг эртнээс мэддэг байсан учраас энэ хэлц үг гүн гүнзгий утга агуулгатай аж. Ингээд ямар малын яс ямар ач тустай болохыг сонирхуулж байна.
-Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг.
-Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг.
-Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг.
-Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг.
-Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой.
Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууны яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.
Судсан дотор тосон давхарга үүсгэх гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй байна.
Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглэвэл цочмог ууртай болох талтай учир арвин хэрэглэдэггүй.
Цус төлжүүлдэг, арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонины ясны шөл уух хэрэгтэй.
Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг нь өгнө. Энэ нь дархлааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүний цус булингартдаг.
Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүнд эл шөлийг өгч болно.
Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна. Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг байдлаар хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ.
Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууны яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 грамаар орой унтахдаа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.
Тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөж их ялгарсан цайвар бордуу шөл болдог. Олон цаг буцласан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байвал бүтэн сармисны хумс, давс, хар перц, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, чанар оруулна. Ингэж бэлдсэн шөлийг хөрсний дараа гялгар уутанд хэрэглэх хэмжээгээр хувааж хийгээд хөлдөөгчинд хадгалан олон сараар хэрэглэж болно. Ялангуяа төрсөн эх, мөн мэс заслын дараа амархан тэнхрүүлэх хүчтэй зүйл юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан