Хайрст үлд буюу ПСОРИАЗ өвчин гэж юу вэ?
Хайрст үлд нь арьсны эсийн эвэрших үйл ажиллагаа түргэсэний улмаас арьсан дээр зузаан хайрстай тууралт гардаг арьсны үрэвсэлт архаг өвчин юм. Тууралт гарсан хэсгийн арьс хуурайшиж арьсны гоо сайханд муугаар нөлөөлдөг. Загатнаа нь халуун чийгтэй газар ихэсдэг. Нийт хайрст үлдтэй өвчтөний 50%-д нь хумсан дээр өөрчлөлт гарч хуруувчний толгойний шинж илэрдэг. Хүнд хэлбэрийн псориазтай 5-40%-д нь үеэр өвдөх болон хавдах шинж тэмдэг илэрнэ.
Энэ өвчнөөр дунджаар 20-иос 30 насныхан өвчилдөг гэнэ. Энэ үеэс өмнө илэрсэн байх боломжтой ч яг тухайн насанд нь өвчин дахих, эсвэл бүр хүндрэх тохиолдол тохиолдох нь элбэг ажээ.
Хайрст үлдтэй гэдгээ хэрхэн яаж мэдэх вэ?
Хайрст үлдтэй хүмүүс хуйх, их бие, мөчдөөр хайрстай улаан тууралт гардаг. Хуйхан дээрх хайрс нь хагнаас илүү зузаан их хэмжээтэй байдаг. Бие дээрх тууралт тохой, өвдөг, нуруугаар гардаг.
Яагаад хайрст үлд гардаг вэ?
Хайрст үлдийн шалтгаан нь тодорхойгүй. Удамшлын нөхцөл болон гадаад орчны сэдрээгч хүчин зүйлүүд нь Хайрст үлд гарахад нөлөөлдөг гэж олон судлаачид дүгнэжээ. Сүүлийн үед хайрст үлд нь арьсны дархлааны хэвийн байдал алдагдсанаас үүсдэг болохийг тогтоожээ.
Хайрст үлдийг юу сэдрээдэг вэ?
Биеийн хэт ядрал болон сэтгэл санааны хямрал нь хайрст үлд өвчнийг сэдрээдэг. Хоолой өвдөх, ханиад хүрэх хэт их таргалах, архи ихээр уух нь хүртэл энэ өвчнийг сэдрээж байдаг. Зарим дааврын болон цусны даралт бууруулах эм нь хайрст үлдийг сэдрээдэг.
Хайрст үлд өвчинд насны ангилал байдаг уу?
Хайрст үлд нь ихэвчлэн 20 наснаас эхэлдэг гэх боловч дөнгөж төрсөн хүүхэд болон өндөр настай хүмүүс ч анх өвчилж болно. Чихрийн шижин болон бусад архаг өвчин шиг сэдрэлт эсвэл намжилтын байдалтайгаар явагддаг. Гэвч бусад архаг өвчин шиг амьдралын хугацааг богиносгодоггүй хэдий ч одоогийн байдлаар энэ өвчинг бүрэн төгс эмчлэх ухааныг хараахан олоогүй байгаа билээ.