Орчин цагт онош нь мэдэгдэхгүй өвчин тусах нь их болжээ. Тухайлбал, байнгын шахуу ядарч сульдах, тэгсэн хэр нь шөнө унтахгүй, сэрвэлзэх, бүр нойргүйдэх, хөл гар, нуруу бэлхүүсээр хүйт оргих, чих шуугих, гэдэс цанхайх, сав хийгээр дүүрэх, зүрх дэлсэх, давчдах, сэтгэл тогтворгүй, байнгын олон янзын бодол орж гарах, олон зүйлд сэтгэл чилээж, санаа зовох, айдас түгшүүртэй, эсвэл хэт их хөөрөлтэй, уур уцаар, бухимдалтай зэргээр илэрч байгаа өвчнийг уламжлалт анагаах ухаанд хий арвидсан гэж үздэг.
Энэ өвчин нь ихээхэн элдэвтэй бөгөөд европ эмнэлэгт ахин дахин үзүүллээ ч, шинжилгээ хэчнээн өглөө ч тодорхой онош тавигдахгүй. Харин уламжлалт анагаах ухаанд болоод ардын бор аргаар хийг эмчлэх арга өч төчнөөн бий. Ихэвчлэн идээ ундаа, явдал мөрөөр л зохицуулна.
Хий өглөө нар мандах, хөөрөх үеэр буюу луу, могой цаг /7:40-11:40/-т, орой нар жаргах үеэр буюу тахиа цаг /17:40-19:40/-т босдог аж.
Хэтэрхий их ярих, чалчих, даарч бээрэх, хээр хонох, салхи жавар, чийгтэй газарт удах, тачаал ихдэх, нойр алдах, шөнө ажиллах, амралтгүйгээр нэг зүйлийг удаан хийх, зурагт, компьютер, утас завсаргүй харах зэрэг нь хийг ихэсгэдэг буруу явдал мөр юм. Идээ ундааны тухайд өлдөх, эвсэл шимгүй буюу тахиа, гахай, загас, ямаа, тэмээ, үхрийн мах, цагаан будаа, ногоон цай, хар ус, байхуу, түүхий ногоо, жимсийг хэт их шүтэн хүртэх зэрэгт хий арвидна.
Нэгэнт хийрхсэн бол төөнүүр, бариа, жин засал, ороолт, дэвтээлгээр засдаг. Гэхдээ эмчилгээнд бас учир бий. Хэт олон зүү тавих, тариа дуслыг удаан хугацаагаар хийлгэх, хатуу заслыг хэт шүтэх, бэлтгэлгүйгээр хануур, самнуурыг буруу хийлгэх, үр хөндүүлэх, хагалгаанд орох зэрэг нь хийг хөдөлгөж, босгодог байна.