Дотор эрхтнүүдэд нөлөөлдөг 7 төрлийн сэтгэл хөдлөл

Сэтгэлээр унаж хямрах үед ходоодны шарх сэдэрч, уурлах үед толгой өвддөгийн учир юу вэ?

Хятадын уламжлалт анагаах ухаанд хүний дотор эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг 7 үндсэн сэтгэл хөдлөл байдаг гэж үздэг аж. Тэдгээр нь баяр баясал, уур бухимдал, санаа зовнил, гүн бодлогширол, уйтгар гуниг, айдас болон цочрол юм. Сэтгэл хөдлөл тус бүр нь тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг. Эдгээр нь хүнийг амьдралын олон шалгуур, сорилтуудад хариу үйлдэл үзүүлэхэд туслахаас гадна аль нэг сэтгэл хөдлөл хангалтгүй юм уу хэмжээнээсээ хэтэрвэл биеийн тухайлсан эрхтнүүд өвчилдөг гэж үздэг аж.
Жишээ нь, хэт их уурлах нь элгийг гэмтээдэг. Учир нь уур бухимдал элгэнд “оршдог” аж. Хилэгнэтлээ уурлах нь элэгний энергийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь “хальж” тархи руу хөөрснөөр даралт ихсэх, толгой өвдөх, цус харвах шинж тэмдгийг үүсгэдэг гэдэг. Эртний сударт бичсэнээр:
• Баяр баясал зүрхэнд оршдог
• Уур бухимдал элгэнд оршдог
• Сэтгэл зовнил болон уйтгар гуниг уушгинд оршдог
• Гүн бодлогширол цөсөнд (дэлүүнд) оршдог
• Айдас болон цочрол нь бөөрөнд оршдог гэдэг.
Сэтгэл хөдлөлүүдээ хооронд нь хэрхэн зохистой шилжүүлэх вэ?
Сэтгэл хөдлөлүүд өөр нэг сэтгэл хөдлөлийг өсгөх, дийлэх, бууруулах гэсэн 3 ерөнхий замын дагуу бие бие рүүгээ шилжиж байдаг. Хэрэв энэ шилжилтийг бодлоготойгоор удирдахгүй, тэр чигт нь орхичихвол биеийн ерөнхий байдлыг тэнцвэргүйжүүлж, таагүй байдал үүсгэж болно.Нэг сэтгэл хөдлөл нөгөөгөө өсгөдөг: Уур бухимдал нь баяр баяслыг, баяр баясал нь гүн бодлогширлыг, гүн бодлогширол нь уйтгар гуниг болон сэтгэл зовнилыг, уйтгар гуниг болон сэтгэл зовнил нь айдас болоод цочролыг, цочрол нь уур бухимдлыг өсгөдөг буюу үүсгэдэг. Хэрвээ гэнэтийн онцгүй сэтгэл хөдлөл чамайг эзэмдвэл эсвэл мэдрэмжээ хянаж чадахгүй үе тохиолдвол яг энэ дарааллаар ар араасаа “цухалзах” боломжтой гэдгийг санаж яваарай.
Нэг сэтгэл хөдлөл нөгөөгөө дийлдэг: Уур бухимдал нь гүн бодлогширлыг, гүн бодлогширол нь айдсыг, айдас нь баяр баяслыг, баяр баясал нь сэтгэл зовнилыг, сэтгэл зовнил нь уур бухимдлыг дийлдэг. Юу юунаас илүү хүчтэй гэдгийг мэдсэнээр бид дарангуйлагдсан сэтгэл хөдлөлөө өөр зүг рүү чиглүүлж чадна.
Нэг сэтгэл хөдлөл нөгөөгөө бууруулдаг: Сэтгэл зовнил нь баяр баяслыг, уур бухимдал нь уйтгар гунигийг, гүн бодлогширол нь уур бухимдлыг, айдас цочрол нь гүн бодлогширлыг, баяр баясал нь айдас цочролыг. Тиймээс илүүдээд байгаа сэтгэл хөдлөлөө өөр нэг сэтгэл хөдлөлөөр нь багасгаж, тэнцвэржүүлж болно. Хорыг хороор гэдэг шиг л...
Эдгээр сэтгэл хөдлөл нь дотор эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Сэтгэл хөдлөлүүд холбоотой эрхтнүүддээ яаж сөргөөр нөлөөлдөг талаар илүү гүнзгий тайлбарлая. Хамгийн эргэлзээтэй нь “хэт баясгалантай байх”.Баяр баясал
Баяр баясал буюу сэтгэл гүн ханахуй нь маш эерэг сэтгэл хөдлөл учраас хэтрэнэ гэдэг боломжгүй юм шиг санагдаж байгаа байх. Ямартай ч Хятадын анагаах ухаанд хэт ихээр баяр баясалд автвал түгшүүр, үймээн сандралд хүрэх, халуурах, зүрх бэлбэгнэх, нойр муудах шинж тэмдгүүд илэрч болно хэмээсэн байдаг.
Уур бухимдал
Энэ бол хүний сэтгэлийг хилэгнэл, цухалдал, хорслоор дүүргэсэн мэдрэмж юм. Уурласан мэдрэмж элэг цөсөнд хуримтлагдсанаар яваандаа цөсний чулуу үүсгэх магадлалтай.
Сэтгэл зовнил
Сэтгэл зовнил нь уушиг болон бүдүүн гэдсэнд хуримтлагддаг. Ямар нэг юманд их хэмжээгээр санаа зовоход хүн энергиэ зарцуулах чадваргүй болж, амьсгал давчдах, бүдүүн гэдэс үрэвсэх, ходоод шархлах магадлалтай.
Уйтгар гуниг
Уйтгар гунигт автах нь уушгийг хямрааж энергийг биеэр чөлөөтэй урсахад саад хийдэг. Тийм учраас дэндүү удаан хугацаагаар гуниглавал амьдрах урам зориг буурч, уушиг үрэвсэх юм уу амьсгалын замын өвчин тусах магадлалтай.
Гүн бодлогширол
Гүн бодлогширох гэдэг нь аливааг хэт ихээр бодож, үүнээсээ болоод дүнсийхийг хэлнэ. Гүн бодлогширол нь цөсийг өвчлүүлж ядаргаанд оруулж, анхаарал төвлөрөх чадварыг сулруулдаг. Энэ нь яваандаа “үхширэх” өвчин ч болж болно. Мөн хоол боловсруулах системд нөлөөлж, гэдсийг байн байн хийгээр дүүрдэг болоход нөлөөлөх боломжтой.
Айдас
Айдас нь бөөрний тайван байдлыг алдагдуулж, байн байн шээс хүрэх, цаашлаад шээс задгайрахад нөлөөлдөг. “Айсандаа өмдөндөө дусаах” гэж бид ярьдаг шүү дээ. Их хэмжээний айдас нь бөөр, давсгаа удирдаж чадахаа болих хүртэл сөрөг нөлөөтэй.
Цочрол
Урьдчилан хүлээгээгүй зүйлээс цочролд орсноор зүрх дэлсэж, цаашлаад бөөрөнд мөн сөргөөр нөлөөлдөг.
Сэтгэл хөдлөлийг хоолоор яаж тэнцвэржүүлж болох вэ?
Зөвхөн Хятадынх гэлтгүй, дорнын анагаах ухаанд таван төрлийн амтаар биеийнхээ энергийн солбилцлыг тэнцвэржүүлэх тухай олон дурдсан байдаг. Гэхдээ долоон сэтгэл хөдлөлийн тайлалд бид идэж буй хоол хүнснийхээ амт чанараар төрж байгаа мэдрэмжиндээ ингэж нөлөөлж болно хэмээжээ:Гашуун амт нь нарийн гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулснаар баяр баяслын мэдрэмжийг нэмэгдүүлэн уйтгар гунигийг бууруулдаг.
Чихэрлэг амт нь цөс, ходоодны үйл ажиллагааг нэмэгдүүлснээр гүн бодлогширлыг төрүүлж, айдас цочролыг багасгадаг.
Исгэлэн амт нь элэг, цөсийг эрчимжүүлж уур бухимдлыг төрүүлэн, гүн бодлогширлыг дардаг.
Шорвог амт нь бөөр давсганд нөлөөлж айдас цочролыг төрүүлэн баяр баяслыг багасгадаг.
Аагтай амт нь уушги, бүдүүн гэдсэнд нөлөөлж сэтгэл зовнил, уйтгар гунигийг өсгөж уур бухимдлыг харин багасгадаг аж.
Одооноос бидний хэт автсан сэтгэл хөдлөл болгон дотор эрхтнүүдэд маань яаж нөлөөлж байгааг санаж, хоол хүнс, оюун бодлоороо үүнийг тэнцвэржүүлэн хянаж сурцгаая! Учрыг нь сайн ойлгоод сурчихаар биеэ өвтгөхгүй, хууч өвчнөө сэдрээхгүй байлгах тийм ч хэцүү биш юм шиг санагдаж байгаа биз?
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан