Өнөөдөр тус төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг ХӨСҮТ-ээс хүргэлээ. Өнгөрсөн долоо хоногт 277,000 хүн амбулаторийн тусламж үйлчилгээ авсны 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр ханджээ. Одоогийн байдлаар 9,640 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 32 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Улаанбаатарт энэ үзүүлэлт 62.7 хувь байгаа юм. ХӨСҮТ-ийн лаборатори 233 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус, амьсгалын замын синциталь, томуугийн А хэв шинжийн вирус зонхилсон байна.
Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр "Томуугийн оргил үе ирж байгаа учраас халдвар нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотод 100,000 хүн амд ногдох өвчлөлөөр авч үзэхэд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. НЭМГ-ын 48 дугаар долоо хоногийн мэдээллээс үзэхэд 108,000 хүн амбулаториор үйлчлүүлснээс 8,924 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Нийт өвчлөгсдийн бараг 85 хувь нь 15-аас доош насныхан байна. Орны ачааллын тухайд өнгөрсөн жилийнхээс 9.2 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1,561 ор ажиллаж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 81 хувь нь амьсгалын замын өвчинтэй байна. Нийслэлийн есөн дүүрэгт эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн.
Одоогоор,
- Баянзүрх нэгдсэн эмнэлэг 300
- Сонгинохайрхан дүүрэгт 280
- Сүхбаатар дүүрэгт 190
- Чингэлтэй дүүрэгт 140
- Хан-Уул дүүрэгт 156
- Багануур дүүрэгт 113 ор ажиллаж байна.
Амралтын өдрөөр нийслэлийн эмнэлгүүдийн яаралтай тусламж, хүлээн авахад 2,311 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар өссөн. Өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаа тул сургууль цэцэрлэгүүдийг шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа. Нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 15-аас доош насныхан. Мөн 10-аас доош насныхан өвчлөлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа тул сэргийлэхийг уриалж байна" гэлээ.