Элэг шилжүүлэн суулгахад иргэн 28 сая төгрөг төлдөг байсныг 5 сая болгожээ

Элэг шилжүүлэн суулгахад иргэн 28 сая төгрөг төлдөг байсныг 5 сая болгожээ

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2024.11.05) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Эдүгээ манай улсын эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын тогтолцоо ЭМДҮЗ, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хэлтсүүд, сумдын байцаагчдаас бүрдэж байна.

ЭМДҮЗ нь Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий хамтын удирдлагын бүтэц бөгөөд Засгийн газар, ажил олгогч, даатгуулагчдыг төлөөлсөн тус бүр гурав, нийт есөн гишүүнтэй. Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд 2023 онд нийт зургаан удаа хуралдаж, 12 тогтоол баталжээ.

2023 онд Эрүүл мэндийн даатгалд нийт 3240.0 даатгуулагч хамрагдсан нь хамрагдвал зохих иргэдийн 92.5 хувь байсан байна. Тус сангийн тухайн жилийн төсвийн орлогыг 1564.0 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 97.5 хувьтай биелжээ. Үүний

  • 43 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 
  • 41 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 
  • 16 хувийг даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэлийн орлого эзэлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 онд 1785.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зориулан гэрээ бүхий 2349 байгууллагад олгожээ. Үүний 

  • 974.0 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт, 
  • 359.0 тэрбум төгрөгийг анхан шатын эрүүл мэндийн байгууллагад, 
  • 249.0 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэгт, 
  • 99.0 тэрбум төгрөгийг эмийн санд,
  • 43.0 тэрбумыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд,
  • 39.0 тэрбум сувилалд,
  • 11.0 тэрбумыг төр хариуцах эмийн зардалд зарцуулсан байна.

Төсвийн зарлагын гүйцэтгэл 222.0 тэрбум төгрөгөөр давсан учир 2023 оны эрсдэлийн сангийн 40.0 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээний зардалд зарцуулжээ.

Мөн 2022 оны 60.5 тэрбум төгрөгийн өрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвөөс барагдуулсан байна.

Төрийн албан хаагчийн цалинг 27-45 хувиар нэмэгдүүлсэн, мөн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн тоо хэмжээ өмнөх онтой харьцуулахад 37 хувиар өссөн. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан сангийн зарлага батлагдсан төсвөөс 218 тэрбум төгрөгөөр хэтэрчээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд учрах санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор ЭМДҮЗ-ийн тогтоолоор 1500-аас доош хүн амтай, 23 сумын эрүүл мэндийн төвийн хүн амаас хамаарсан тэгш байдлын коэффициентыг хоёр дахин, амбулаториор үзүүлэх тусламж үйлчилгээ болон өдрийн эмчилгээний нэр төрлийг олшруулж, тарифыг 20 хувиар нэмэгдүүлжээ.

Мөн жирэмсний хяналтын багцад өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх, шүдний тусламж үйлчилгээ авах зэргийг багтаасан.

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний тарифыг ялгаатай байдлаар шинэчлэн тогтоож, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг гуравдагч шатлалын эмнэлгээс авбал тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр авах санхүүжилтийн тариф буурахаар, иргэн өөрийн хүсэлтээр хоёр дахь шатлалын эмнэлгээс авах боломжтой үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгээс авбал хамтын төлбөрийг илүү өндөр төлөхөөр зохицуулжээ.

Хамтын төлбөрийг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хувиар тооцдог байсныг тогтмол мөнгөн дүнгээр төлөх хэлбэрт шилжүүлсэн байна. 



Өрхийн болон сумын Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг үнэлж байсан 14 шалгуур үзүүлэлтийг цөөлж, мэдээллийн эх сурвалж, тооцох аргачлалыг нэг эх үүсвэртэй болгожээ. Урьдчилан сэргийлэх багцын төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан шинэчилж, тарифыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагаас шинээр буюу өмнө огт үзүүлж байгаагүй, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр үзүүлэх тохиолдолд харгалзах шалгуур үзүүлэлтээр чадавхыг үнэлнэ.

Мөн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхтэй болгожээ. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад иргэний төлөх төлбөр буурсан гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав.

Тэрбээр үүний жишээ болгож хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 800 мянган төгрөг хүртэл тарифын тусламж үйлчилгээнд 50 мянган төгрөгийн тогтмол хамтын төлбөр тогтоож, тарифыг тогтмол дүнтэй болгосон болон элэг шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төлбөрийн 113.6 сая төгрөгөөс иргэн 28.4 сая төгрөг төлдөг байсан. Шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.7 дахин бууруулж, 5.0 сая төгрөг болсон гэв. 

Амбулаториор тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 2022 онтой харьцуулахад 40 хувиар, өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэд 57 хувиар тус тус нэмэгджээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан