УЛААНБААТАРЫН УУШГИ: НҮБ-ын зөвлөмжид “нүдэн балай” эрх баригчид

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд Улаанбаатарын агаарын бохирдлоос болж иргэд, оршин суугчдын эрх олон талаар зөрчигдөж байгааг дурджээ.
2018 оны гуравдугаар сарын 30-нд Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан уг тайланг УИХ долоон удаа хойшлуулж, долоон сар гацаасны эцэст аравдугаар сарын 30-нд Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороогоороо дуртай дургүй хэлэлцсэн билээ. Хүний эрхийн асуудалд эрх баригчид ийн хойрго, хайнга хандаж байгааг тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүмжилж байв.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд таван багц асуудлыг тусгасны нэг нь "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо” гэсэн сэдэвтэй байсан юм. Энэ сэдвийн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, Хүний эрхийн үндэсний комиссын саналд:
-Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн асуудлаар шийдвэр гаргуулах, арга хэмжээ авахуулахаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх өмнөх илтгэлүүдэд тусгасан санал, зөвлөмжийг цаг алдалгүй хэрэгжүүлж олон нийтэд мэдээлэх;
-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах талаар хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг цаг тухайд нь хэрэгжүүлж олон нийтэд тогтмол мэдээлж байх; гэсэн заалтууд туссан юм.
Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаархи үндэсний илтгэлтэй танилцаж гэж долоон сар болж байгаа хууль тогтоогчид дээрх зөвлөмж, саналыг ажил хэрэгтээ тусгахад хэдий хэр хугацаа зарцуулахыг таашгүй. Зөвлөмж, саналд туссан цаад санааг нь хөвөрдөх юм бол эрх баригчид холбогдох хууль тогтоомжоо мөрдөж ажилладаггүй бөгөөд хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх өмнөх илтгэлүүд болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандсан өнгө аяс цухалзах ажээ. Харамсалтай нь эрх баригчид энэ зэргийн анхааруулга, шүүмжийг хүлээн авах чадамжгүй болжээ.
Тиймээс тэдэнд Монгол Улсын иргэн бүр “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг дахин дахин сануулж, иргэдийнхээ язгуур эрхийг хамгаалахын төлөө дорвитой ажлууд хийхийг шаардах ёстой.
Улаанбаатарын иргэд, оршин суугчдын эрх олон талаар ноцтой зөрчигдөж байгааг тэдэнд өглөө бүр сануулах учиртай. Агаарын бохирдлоос болж нийслэлчүүд эрүүл мэндээрээ хэрхэн хохирч, ямар эрсдэлд орж байна вэ гэдгийг доорхи баримтаас харж болно.
Баримт-1. Улаанбаатар хотын хүн амын дунд зүрх, уушиг хавсарсан өвчнөөс үүдэлтэй нас баралтын 29 хувь нь, уушигний хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй
/Канад Улсын Саймон Фрэйзерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа/
Баримт-2. Д.Энхмаа нарын судлаачид “Монгол Улсад улирлын чанартай агаарын бохирдол нь ураг аяндаа зулбахтай хүчтэй корреляци хамааралтай”, Г.Дорж, А.Даян, К.Нанжид, У.Лхагваа, С.Очир нарын эрдэмтэд “Монгол Улсын Улаанбаатар хотод агаарын бохирдол бага жинтэй хүүхэд төрөх эрсдэлийн хүчин зүйл мөн үү?” зэрэг судалгаа хийжээ. Уг судалгаануудын үр дүнд, Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол болон үр зулбалтын тохиолдлын статистикийн харилцан хамаарал өндөр байгааг тогтоосон байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол, гүйцэд тээлттэй боловч бага жинтэй төрөлтийн хооронд өндөр хамаарал байгааг тодорхойлсон байна.
ЭНЭШТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Эрдэнэсувд:
-Агаарын бохирдол нь эхийн хэвлийд бойжиж байгаа ураг болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эндэгдлийн гол шалтгаан болж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд тайлан”-д дурдсанаар  Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас 133 дахин их байгаа ба өвөл жирэмсэлсэн эхчүүдэд ургийн эндэгдэл зуныхтай харьцуулахад 3,5 дахин их тохиолдож байна. Судалгаагаар агаарын бохирдол нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэнээс хойш 24 хүртэлх сарын хугацаанд хамгийн ихээр нөлөөлж уураг тархийг гэмтээдэг нь тогтоогдсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2.7 дахин өссөн. Үүний улмаас 2015 онд 5 хүртэлх насны 435 хүүхэд уушгины үрэвслийн хүндрэлээр нас барсан ба 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан