Гадныхан МОНГОЛ ХҮНИЙ эрүүл мэндийг "гартаа оруулахад" бэлэн байгааг таслан зогсооё !!!

Улс орон оршин тогтнох хоёр том үндэс байдаг.  Энэ нь нэгдүгээрт газар нутаг, хоёрдугаарт хүн. Газар нутгийн хувьд ёстой л бурханаас өгсөн хувь заяа гэдэг шиг хоёр том гүрний дунд оршиж чадсанаараа өнөөдрийг хүртэл, цаашдаа ч ямар нэг асуудалд орохгүй л болов уу.
Харин хүн буюу иргэд рүү чиглэсэн гадна, дотны ямар нэгэн халдлага явагдаж байгаа, явагдаж болохыг бид үгүйсгэх аргагүй юм. Одоо үнэндээ үгүйсгэж ч чадахгүй боллоо.
Тодруулбал, 3 сая 300 мянга орчим Монгол хүний өвчний түүх болон иргэний мэдээллийг гаднынханд алдаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл таныг ямар өвчтэй, ямар өвчнөөр өвчилж байсан, ямар өвчнөөр өвдөх магадлалтай гээд эрүүл мэндтэй чинь холбоотой бүхий л мэдээллийг санг өнөөдөр Хятад, Орос, Америк, Япон, Солонгос гээд ямар ч улсаас хараад, хянаад бүртгээд сууж байна гэвэл та гайхах уу. Одоо үнэндээ гайхаад ч нэмэргүй болчихжээ. Таны нэр эсвэл регистрийн дугаарыг чинь бичээд л хаана, хэзээ, хэдэн цагт ямар өвчнөөр үзүүлсэн болон ямар эм хэрэглэж байгаа. Мөн таны болон танай удмынхан ямар архаг хууч өвчтэй вэ гэх бүх мэдээллийг гадныхан бүртгэж аваад суухад бэлэн байна. Магадгүй бүртгээд ч эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй байна.
Ганцхан жишээ дурдахад жирийн програмист хүн л энэ мэдээллийг хүссэн цагтаа, хүссэн газраасаа авч байгаа талаараа бидэнд мэдээлэл ирүүлж, улс орны аюулгүй байдлыг хамгаалах нэн шаардлагатай байгаа гэдгийг онцолсон юм. Ингэхэд ямар нэгэн IT чиглэлийн өндөр мэдлэг, техник технологийн өндөр хүчин чадал огтоос шаардагдаагүй байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 48 эмнэлэгт "цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлж буй бөгөөд үүнээс хүссэн аймаг, дүүргээр нь  ялгаж иргэдийн мэдээллийг орж харж байгаагаа харуулсан юм. Энэ бол миний, таны, төрийн гурван өндөрлөгийн гээд эмнэлэгт очиж үзүүлсэн, цахим мэдээлэлд нь бүртгүүлсэн хэний ч талаарх мэдээллийг гадны хүссэн хүн бүр авна гэсэн үг. Товчоор хэлбэл жирийн нэг програмист хүний хийж байгаа уг ажлыг мэргэжлийн хакераараа дэлхийд алдаршсан хойд, өмнөд хөршийнхөн маань яаж ч ашиглаж байгааг бид мэдэх арга алга. Энэ хоёроос гадна өөр хэдэн ч улс энэ мэдээллийг авч байгаа, авахыг зорьж байгааг таамаглахад бэрх.
/Эмнэлэгт хамгийн сүүлд үзүүлсэн өвчтний мэдээллийн иргэний нууцад хамаарах хэсгийн нууцалсан болно/
Дээр нь нэмээд хаана оршин суудаг, хэн хэнтэйгээ амьдардаг гэх зэрэг хувийн мэдээллүүд чинь хүртэл зүгээр л "бонус"-аар очиж байна.
Энэ бол үнэхээр үндэстэн мөхөх хэмжээний том асуудал дагуулж болох зүйл. Магадгүй та үүнийг хэтэрхий сүржигнэж, хэнээрхэж байна гэж ойлгох болох талтай. Гэвч Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой, Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал. Хэнийг ямар өвчнөөр өвтгөвөл, хэний генийг хэрхэн өөрчилвөл болох вэ. Хэнийг ямар өвчнөөр нь айлган сүрдүүлж өөрсдийн хамааралд оруулж болох вэ гээд аюул дагуулах энгийн жишээнүүдийг нэрлэж болно. Монголчууд үнэнийг хэлэхэд үр хүүхдээсээ хүртэл өвчин, зовлонгоо нуудаг, нуухыг эрмэлздэг юмсан. Гэтэл энэ бүх мэдээлэл өнөөдөр хаашаа ч хамаагүй хүссэн хүн рүү нь зүгээр л урсаж байна гээд бод.
"МОРДОХЫН ХАЗГАЙ БУЮУ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙГ АЛДАХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛ"
Асуудал эхнээсээ л мордохын хазгай гэгчээр өрнөсөн. Анх 2012 онд эмнэлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх үндэслэлээр Хятадын Huawei компанитай 18.95 сая ам.долларын гэрээг байгуулсан байдаг. Үүний дараагаар 2015 онд Хятадын Ерөнхий сайд Ши Жинпин Монголд айлчлах үеэрээ БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын ЗГ-т олгох экспортын зээл авахаар болсон. Уг экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нийт 7 төсөл  багтсан байсны нэг нь өнөөдөр асуудал болон "босч" ирээд буй "Цахим эрүүл мэнд" хөтөлбөр. Дотоод дахь нөөц бололцоогоо ашиглан хэрэгжүүлэх боломжтой уг төсөлд дотоодын компаниудын оролцоог хязгаарлаж, гадаадын компанид давуу эрх олгосон төр, засгийн алдаатай бодлогыг тухайн үед үндэсний IT компаниуд эсэргүүцэж байсан бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд асан /Н.Алтанхуяг/-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн зөвлөл”-ийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн HUAWEI компанитай 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан EH-1 тоот гэрээнд “Цахим эрүүл мэнд төсөл”-ийн 4 сая 160 мянган ам.долларын програм хангамжийн бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын компаниар гүйцэтгүүлэхээр холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.
Гэвч тэд Метронэтворк гэх программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хоёр сар болж байгаа ажлын ямар ч туршлагагүй компанийг туслан гүйцэтгэгчээрээ шалгуулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тэр ч байтугай тус компанийн захирал Э.Гантулга нь тухай үед Эрүүл мэндийн яамыг удирдаж байсан Г.Шийлэгдамба сайдын авилгын хэрэгт нэр холбогдсон байдаг. Г.Шийлэгдамба нь ажлын өрөөндөө их хэмжээний мөнгө авилгад авч байхад АТГ-ынхан газар дээр нь саатуулсан түүхтэй.
ЭХЛЭХДЭЭ Л АСУУДАЛ ДАГУУЛСАН УГ ТӨСЛИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БҮР  ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР ИРСЭН
Анх эхлэхдээ л олон талын асуудал дагуулж байсан уг төслийг үе үеийн Эрүүл мэндийн сайд нар бүгд үйл ажиллагааг нь үргэлжлүүлж ажилласан байдаг. Г.Шийлэгдамба нь авилгын хэрэгт холбогдож улмаар асуудал түр зогсоод байсныг А.Цогцэцэг сайд түргэн шуурхай үргэлжлүүлж дуусгах албан даалгавар ч өгч байсан удаатай.
Тэгвэл одоогийн сайд Д.Сарангэрэл сайд иргэдийн мэдээллийг хялбархан байдлаар алдаад байгаа энэ асуудалд бас л анхаарал хандуулсангүй. Тэр ч байтугай тус компани нь 2019 оноос өмнө Сангийн яамнаас тодорхой хэмжээний зардлыг нэхсээр сууна. Угтаа бол асуудал дагуулсан, иргэдийн талаарх ноцтой мэдээллийг ямар ч хяналтгүйгээр гадныханы гарт оруулж буй уг төслийг зогсоохын оронд Д.Сарангэрэл сайдын тэргүүлж буй Эрүүл мэндийн яамнаас анхаарч ажиллах ёстой. Энэ бол ганц Эрүүл мэндийн яамнаас ч биш Засгийн газраас хариуцлага нэхэх ёстой зүйл байх. Сенсааци болгож яриад буй ЖДҮ-г иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл алдагдахад бэлэн байгаа, магадгүй алдагдаад эхэлсэн уг асуудалтай харьцуулаад жингийн туухай дээр тавьбал энэ асуудал илүүтэй жин дарах байх. Ерөнхийдөө бол цаашид хэдэн арван жилийн дараа Монгол ХҮН орших уу, эс орших гэсэн аюулт нөхцөл байдал бий болох магадлалтай юм.
 
 
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН САН АЛДАГДАЖ БАЙГААГ НЭН ДАРУЙ ТАСЛАН ЗОГСООЁ !!!
Иргэдийн өвчний талаарх мэдээллийг цахим хэлбэрт байршуулаад алдагдах магадлал үүслээ гэж удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч, энэ талаар үйл ажиллагаа явуулж буй үндэсний компаниуд ч мэдэгдээд байхад өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэсэн бүх эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэх хэрэгтэй.
Түрүүн хэлсэн шиг ЖДҮ-гээс зээл аваад улсын төсвийг, иргэдийнхээ боломжийг хулгайлсантай үүнийг зүйрлэх аргагүй. Энэ бол үндэсний аюулгүй байдал, Монгол хүн, Монгол үндэстэн энэ дэлхий дээр оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг шийдэх ноцтой асуудал.
Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар уг асуудалд анхаарал хандуулж өнөөдрийг хүртэл уг асуудлыг улам бүр даамжруулж, боломж олгосоор ирсэн Эрүүл мэндийн салбарынхантай хариуцлага ярих нь зүйтэй. Улмаар гадныханы гар хөл болсон хэсэг бүлэг хүмүүсээс уг төслийг татан авч иргэдээ, Монгол хүнээ яаралтай хамгаалах шаардлагатай байна.
Ингэхдээ дарааа дараагийн энэ төрлийн ажлууддаа ихэд анхаарал хандуулж, шаардлагатай хууль тогтоомжуудад хүртэл өөрчлөлт оруулж Монголоо бодох цаг болжээ. Тиймээс Монгол хүний мэдээлэл ямар ч хараа ханалтгүйгээр гадагшаа задарч байгаа, эсвэл бүр аль хэдийнээ задраад эхэлсэн уг асуудлыг нэн даруй таслан  зогсоох шаардлагатай тулгарлаа.
Б.Хас
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан