ЖЕНЕВ, 2024 оны есдүгээр сарын 25 /TASS/. Өсвөр насны 10 хүүхэд тутмын нэг нь нийгмийн сүлжээ, компьютер тоглоомоос хамаарсан сэтгэцийн эмгэгтэй байгаа бөгөөд хүүхэд залуусын эрүүл мэндэд үзүүлж буй дижитал технологийн сөрөг нөлөө ихээхэн түгшээж байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тайланд дурджээ.
“ДЭМБ-ын Европын бүс нутаг дахь товчооны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээ 2018 онд 7 хувь байсан бол 2022 онд 11 хувь болж огцом өссөн байна.
Үүнээс гадна, өсвөр насны хүүхдүүдийн 12 хувь нь цахим тоглоомоос болж зан авирын өөрчлөлттэй болжээ. Энэ бүхэн залуу үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд үзүүлж буй цахим технологийн сөрөг нөлөөллийн талаар ихээхэн түгшүүр төрүүлж байна" гэж тайланд онцлон тэмдэглэсэн байна. Нийгмийн сүлжээний хэрэглээнээс үүдэлтэй зан авирын өөрчлөлтийг янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг донтолт гэж тодорхойлдог болохыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Эдгээр шинж тэмдэгт олон нийтийн сүлжээний хэрэглээгээ хянах чадвараа алдах, хэрэглэхээ болих үед абстинент синдром үүсэх, өдөр тутмын амьдралдаа хэтрүүлэн ашигласнаас үүдэлтэй сөрөг үр дагавар зэргийг хамааруулдаг байна.
Дижитал технологийн сөрөг нөлөөлөлтэй тэмцэхийн тулд хүн амын тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэдгийг ДЭМБ-ын Европын бүс нутаг дахь товчооны дарга Ханс Клюге тэмдэглэв.
“Олон оронд энэ талаар бараг юу ч хийхгүй байгаа бөгөөд цахим боловсролын хөтөлбөрүүд байдаг боловч хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, технологийн хурдацтай хөгжлийг гүйцдэггүй. Ийм цоорхойн үр дагавартай бид одоо нүүр тулж байгаа бөгөөд засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд уг шалтгаан нь юу болохыг олж мэдээд, залруулах арга хэмжээ авахгүй бол байдал улам дордох болно" гэж тэрбээр хэлжээ. Дээрх мэдээллийг 2022 онд Европ, Төв Ази, Канад улсад (нийт 44 улс орон, бүс нутаг) 11, 13, 15 насны 280 мянга орчим хүүхэд, өсвөр насныхныг хамруулсан "Эрүүл мэндийн байдлаас үүдэлтэй сургуулийн насны хүүхдүүдийн зан авир" судалгааны явцад цуглуулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг