Бамбайн эмгэгүүд дундаас зангилаат эмгэг илүү хувьтай тохиолдож байгаа тул энэ эмгэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө хүргэхээр УНТЭ-ийн ДШСДТөв-ийн дотоод шүүрэл булчирхайн эмч Б.Золбоотой ярилцлаа.
Тэрбээр "Бамбай булчирхай нь эрүүл хүн бүрт байдаг булчирхай бөгөөд хүний бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг гол булчирхай юм. Бамбай булчирхай нь тироксин буюу Т4/90%/, триодтиронин буюу Т3/10%/ дааврыг ялгаруулна. Бамбайн булчирхайгаас ялгарч байгаа дааврын тэнцвэрт байдал алдагдсанаар өвчин үүсдэг. Дааврын хэмжээ ялгарах ёстой хэмжээнээс илүү ялгарахыг бамбай булчирхайн хордлого, бага ялгарахыг бамбай булчирхайн дутагдал гэж ангилдаг.
Сүүлийн үед мөн бамбай булчирхайн зангилаат эмгэгүүд элбэг тохиолдох болсон. Ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бамбайн булчирхайн зангилаат эмгэг элбэг тохиолддог.
Зангилаат эмгэгийг бамбай булчирхайн хоргүй хавдар гэж нэрлэдэг. Нийт зангилаат өөрчлөлт бүхий бамбайн булчирхайны 1-3 хувьд нь бамбай булчирхайн хортой хавдар тохиолддог. Бамбай булчирхай хоргүй хавдар болон хортой хавдрын аль алиныг нь лабораторийн, багажийн болон мөн бамбай булчирхайн эсийн шинжилгээгээр оношилдог.
Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлэхийн тулд тамхи татдаггүй байх ёстой байдаг. Мөн төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болохоор төлөвлөж эхэлсэн үеэсээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх хэрэгтэй. Иод баялаг хоол хүнс түлхүү хэрэглэж занших хэрэгтэй" гэв.