Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Хуулийн 47.5 дээр “сонгон шалгаруулах” гэдэг үг ороод байгаа юм. Сонгон шалгаруулдаг үйл ажиллагааны ард авлига, хээл хахуул, ашиг сонирхол нуугдаж байдаг. Тиймээс тээвэрлэх, хадгалах, түгээх эрхийг нь өгчихсөн хувийн хэвшлээр дамжуулан эм түгээхдээ шаардлагыг нь хангасан бол хэдэн ч компанид зөвшөөрлийг өгөөд борлуулдаг тогтолцоог дэмжих ёстой. Сонгон шалгаруулах гэдэг үгийг нь авчих. Шаардлагыг нь хангасан компаниуд түгээж, тараагаад байж болох юм. Ер нь хувийн хэвшлийг хааж болох Монгол төрийн бодлого гэж байхгүй. Түр хороо бол монопол тогтолцоог задлах ажлыг эхлүүлсэн. Үгсэн хуйвалддаг, үнэ хөөрөгдөг байж болохгүй. Төр чанарыг хянаж чаддаг тогтолцоог хүсэж байна. Энэ бол түр хорооны зорилго. Төр баахан зөвшөөрөл өгөх асуудал яригдаж байна. Нөгөө хялбар, хүнд сурталгүй байх асуудал хаана байгаа юм бэ.
Цахимаар эмийн зөвшөөрөлтэй компанийг 500 саяас нэг тэрбум хүртэл төгрөгөөр зарна гээд явж байна. Тэгэхээр тусгай зөвшөөрөл авдаг, хясан боогдуулдаг бодлого нь өөрөө үнэ хүргэдэг, авлигалын тогтолцоог дэмждэг буруу зүйл байгаад байгаа юм.
Тиймээс “сонгон шалгаруулах” гэдэг үгийг нь авчих хэрэгтэй. Шаардлага хангасан компанид л эм борлуулах эрх өгнө. Тээвэрлэх, түгээх зөвшөөрөлтэй компанид эрх олгоно шүү дээ. Дурын компанид борлуулах эрх өгөхгүй. Тиймээс энэ саналыг дэмжиж өгөөрэй.