УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан/03.21/65.3 хувийг ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилсан Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:- Энэ хуулийг хэлэлцэн батлаад явах нь зүйтэй. Гэхдээ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын чадвар, цалин нэмэгдлийн асуудал ямар байх вэ. Ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргахгүй, хууль гарчихаар сайн сайхан болчихно гээд ингээд орхих уу. Ер нь хөрөнгө мөнгийг зарцуулах юманд нь зарцуулах хэрэгтэй. Нөгөө талаар цусны аюулгүй байдал ямар байна. Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын нөхцөл байдал ямар байна. Цусны донороос болж халдварт өвчин гардаг юм билээ. Саяхан манайд тариа сольж хийсэн асуудал гарлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: - Цус сэлбэх үйл ажиллагаа орчин үед хурдацтай хөгжиж байна. Цусыг зүгээр нэг улаан өнгөтэй шингэн гэж харахаа больсон. Энэ дотор маш олон бүтээгдэхүүн багтаж байдаг. Тэгэхээр бид энэ технологиудыг маш хурдан нэвтрүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр бид цус сэлбэлтийн маш том төвтэй болж чадсан. Засгийн газраас хийсэн том ажил. Үүнийгээ бид тордох хэрэгтэй. Тэгэхгүй бол эмийн төв лаборатори шиг л юм болно.
Нөгөө талаар өнөөдөр цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл боловсон хүчний хэрэгцээ ердөө 20-хон хувьтай байна. Тэгэхээр боловсон хүчнийхээ бодлогод бид анхаарах шаардлагатай байна. Энэ төв маань үйл ажиллагаагаараа 14 тэрбум төгрөг олдог. Үүнийгээ захиран зарцуулах боломжийг бид олгох шаардлагатай байна.