Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.
ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.
Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатайг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас онцоллоо.
НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Дархлаажуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд уг бүлэгт 2-5 насны хүүхдүүд, 65-аас дээш насныхан, архаг, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид багтдаг. Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Гэвч 2-5 насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамрагдалт бага байгаа. Учир нь 2-5 насныхныг вакцинжуулалтад хамруулах зөвшөөрлийг эцэг эхчүүдээс нь авдаг. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахаас татгалзаж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 1.6 хувь нь л дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд бусад хүүхэд нь дархлаажуулалтад хамрагдаагүй гэсэн үг. Дархлаажуулалтад хамрагдсанаар нэг жилийн хугацаанд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болж байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдээ томуугийн вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатай” гэв.
НЭМГ-аас АШУҮИС-ийн багш нартай хамтран улирлын амралт эхлэхээс өмнө ачаалал өндөртэй ерөнхий боловсролын сургуулиудад сургалт зохион байгуулжээ. Тодруулбал, томуугийн тухай ойлголт, томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, дархлаажуулалт, вакцины тухай мэдээлэл болон хоолойгоо зөв зайлж, гар угаах дадалд сургах тухай мэдлэг олгосон байна. Мөн 307 цэцэрлэгт томуугаас сэргийлэх аян зохион байгуулан, цэцэрлэгийн багш, эмч, ажилчдад халдварт өвчний талаарх ойлголт өгч, томуу туссан хүүхдэд авах арга хэмжээ, анги танхимын агаар сэлгэлт, халдваргүйжүүлэлтийн талаар сургалт орж буй.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв л гэхэд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 80 ортой бөгөөд нэмэлтээр ор дэлгэж 130 болгоод байна. Тус төвийн халдвар судлаач А.Буянжаргал “Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор одоогоор манай эмнэлэгт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд дахин ор нэмж дэлгэх боломжтой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглэх хандлагатай байна. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудах ёстой. Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлж, амны хаалт зүүлгэх, амин дэмтэй хоол тэжээл өгөх, дулаан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахиулах, цэгэн массаж хийж өгөх шаардлагатай” гэлээ.
Томуу, томуу төст өвчний идэвхжилийг гурав хуваадаг. Тодруулбал, идэвхжилийн үе шат, алаг цоог үе, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны зүгээс одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжилийн үе шатандаа байгааг тодорхойлжээ. Иймд иргэд дулаан хувцаслаж, шим тэжээл сайтай халуун хоол идэж, сайтар унтаж амрах, томуугийн вакцинд сайн дураар хамрагдан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.