ТЕЛЬ-АВИВ, 2023 оны аравдугаар сарын 31 /newscientist/. Израилын эрдэмтэд хүний биеийн дархлааны бүх эсийн тоо, масс, тархацыг судалж, дундаж насны эрэгтэй хүний дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд нийт 1.2 орчим кг жинтэй 1.8 их наяд ширхэг эс оролцдог болохыг тогтоожээ.
"Дархлааны тогтолцоо бол дор бүрнээ чухал үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн эсүүдээс бүрддэг цогц тогтолцоо юм. Тухайлбал, лимфоцитууд бол вирус болон бусад эмгэг төрүүлэгчдийг саармагжуулагч эсрэг биеийг үүсгэдэг цагаан эсийн нэг төрөл юм. Харин тулгуур эсүүд нь бэртэл авсан үед үүсэх үрэвслийг эсэргүүцэх хариу урвалыг хянадаг" хэмээн Вейцманы нэрэмжит Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Рон Майло ярилаа.
Майло болон түүний багийнхан хүний дархлааны тогтолцоо гэж чухам юу болохыг илүү сайтар ойлгож мэдэхийн тулд "бүх эсийн тооллого" хийжээ. Тэд өмнө нь хийсэн судалгаануудыг ашиглан хүний биеийн янз бүрийн эдэд дархлааны хэчнээн эс агуулагдаж байгааг тооцоолж, дараа нь ижил насны хэд хэдэн эрэгтэй, эмэгтэйчүүдээс, мөн 10 настай хүүхдүүдээс цуглуулсан эсүүдэд хийсэн лабораторын дүн шинжилгээтэй нэгтгэжээ.
Ингээд судалгааны багийнхан 20-30 насны 73 кг жинтэй эрэгтэй хүний дархлааны тогтолцоо нь нийтдээ 1.2 кг жинтэй 1.8 их наяд орчим эсээс тогтдог болохыг тогтоожээ. Харин 60 кг жинтэй мөн насны эмэгтэйчүүд нийт 1 кг жинтэй 1.5 их наяд ширхэг дархлааны эстэй гэж тооцоолсон бол дархлааны тогтолцоо нь 0.6 кг орчим жинтэй, 10 настай хүүхдийн эсийн тоо 1 их наяд ширхэг болж цөөрсөн байна.
Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг