Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй



Халх Монголчууд гүүний сүүгээр, Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг. Гүүний айргийг манайхаас гадна Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг аж. 
Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай. 
Тэгвэл гүүний айргийн талаар удам дамнасан уяач З.Авирмэд: “Гүүний айргийг ихэвчлэн зун, намрын улиралд хийдэг. Гэхдээ гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил улирал хамаагүй тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн.

Ер нь адуун сүрэг сүрьеэ, бруцеллёз, дэлэнгийн үрэвсэл зэрэг өвчнөөр өвчилдөггүй. Ийм болохоор сүү шим нь энэ талаар харьцангуй ариун гэж үзэж болох юм” гэлээ.
                                     Тэгвэл айраг хүний биед ямар ач тустай вэ?

Саам болон айргийн бүрэлдэхүүний 1.8-2.2 орчим хувийг уураг эзэлдэг. Мөн  үхрийн сүүтэй адил нягт элгэн бүрэлддэггүй учир ходоод гэдэсний ажиллагааг хүндрүүлдэггүй, хялбархан шингэдэг.

Айраг нь амин хүчлийн найрлагын хувьд айраг нь төгс чанарт тэжээл гэж үздэг аж. Амин хүчлээрээ айраг нь эхийн сүүтэй ойролцоо юм.

Ц.Дэжээхүү: “Айргийн найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг байдаг. Нас гүйцсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг.

1л айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг ажээ. Айраг бол Д витамин ихтэй бүтээгдэхүүн юм. Үржлийн витамин болох Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна. Айрагт В-гийн төрлийн витамин байдаг” гэлээ.

Айраг бол кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай. Айраг нь ялзруулагч бактери, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтээгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан