"Үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдөг"



Хүмүүс хүчирхийллийг зөвхөн зодох бие мах бодод халдах гэж ойлгодог. Гэтэл маш олон төрлийн хүчирхийлэл байдаг бөгөөд энэ дунд хүүхдэд хамгийн хор хөнөөлтэй ч эцэг, эхчүүдийн өөрсдөө ч анзааралгүй үйлддэг нь "Үл хайхрах" хүчирхийлэл юм. Тэгвэл бид үл хайхрах хүчирхийллийн талаар мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцлаа.
Эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол түүнд зориулж буй цаг, хайр, халамж юм.
Үл хайхрах хүчирхийллийн талаар эцэг, эхчүүд төдийлөн мэддэггүй. Гэтэл энэ төрлийн хүчирхийлэл хүүхдэд хэр хүндээр нөлөөлдөг вэ?
- Хүүхдийн хүчирхийлэл маш олон хэлбэрээр илэрч болно. Тухайлбал бие махбодийн, үгээр эсвэл шийтгэлийн гэх мэт хүчирхийллийг хүмүүс үйлдэж байгаагаа өөрсдөө мэддэг. Харин үл хайхрах хүчирхийллийг хүчирхийлэгч өөрөө анзаарахгүйгээр хийдгээрээ онцлогтой. Хэт их ажилтай эсвэл завгүйгээсээ болж хүүхдээ тоохгүй байгаагаа эцэг, эх өөрөө ч мэддэггүй гэсэн үг.
Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдээ тоохгүй, ярилцахгүй, цаг гаргахгүй байгаагаас шалтгаалан хүүхдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөхийг хэлнэ. Энэ төрлийн хүчирхийллийн хамгийн аюултай үр дагавар нь хүүхэд өөрийгөө хэн ч биш гэж бодсоноос болж өөрийгөө үнэлэхээ больж, цаашлаад амиа хорлох эрсдэлийг дагуулдаг.
 
Ер нь бол хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тэг болоход амиа хорлох оролдлогыг хийж эхэлдэг. Тэгэхээр үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдөг.
Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
- Нас наснаасаа хамаараад өөр өөрөөр илэрдэг. Хүүхдийн харилцах хэрэгцээ хангагдахгүй болоод ирэхээр эхлээд юм ярихаа болих, ууртай болох, хумсаа мэрэх, хичээлдээ муудах, бусадтай харьцах харьцаа нь хүртэл хатуу ширүүн болж ирдэг. Мөн ээжийн хайр халамжийг авч чадахгүй байгаагаасаа болж өөр юмаар орлуулах гэж хичээдэг. Жишээ нь утсаар тоглох, зурагт үзэхийг хүсэх буюу цахим донтолтод ордог.
Өөрөөр хэлбэл аав, ээжийн орон зай хоосрох тусам тэр орон зайг  өөр зүйл дүүргэж эхэлдэг гэсэн үг. Өсвөр насныхны хувьд электрон тамхи татах, гэрээсээ гадуур олон цаг байх гэх мэт. Та хүүхдээ хайхрахгүй байх тусам таны орон зайг ихэвчлэн сөрөг зүйлсээр орлуулж байдаг.
Салалт үл хайхрах хүчирхийлэлд нөлөөлдөг үү?
- Нөлөөлөх магадлалтай. Сүүлийн үед сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлийн асуудалтай байх хандлагатай байгаа. Эцэг эх хоорондоо таарамжгүй болоод ирэхээр хүүхдээ анхаарах нь ч бас багасаад ирдэг.
Хүүхэд өөрөө бас эцэг, эхийн таатай харилцаанаас ирээдүйд итгэх итгэлийг олж авдаг. “Миний аав ээжид хайртай юм байна, миний ирээдүй итгэлтэй юм байна” гэж боддог.
Тэгвэл үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
- Ер нь маш олон арга байгаа. Хамгийн гол нь эцэг эхчүүд юунаас эхлэх вэ гэдгээ мэддэггүй. Удаан хугацаанд харилцаа тогтоогоогүй хүмүүс эв зүйгээ олоход үнэхээр хэцүү. Хүүхэдтэй ярилцах, сонсох гэдэг нь өөрөө их чухал. Ярьсан юмыг нь шүүмжлэхгүй байх, эхний нэг удаад ярихгүй байхад нь хүчлэхгүй байх хэрэгтэй.
 
Ярилцахад таатай орчин бас маш чухал. Жишээ нь тоглож байхад нь, хоолны ширээний ард ярилцах нь илүү үр дүнтэй байдаг. Хүүхэдтэйгээ болзох, юу хэрэгтэй байгааг нь сонсох хэрэгтэй. Гол нь шүүмжилж болохгүй. Бид хүүхэд байж үзсэн харин хүүхэд том хүн байж үзээгүй. Гэтэл эцэг эхчүүд өөрсдийн үзэж, туулсан зүйлсээ тулгаж, шүүмжлэх нь их байдаг.
Хүүхдэд маш их нөлөө үзүүлдэг 10 минут гэж байдаг. Энэ 10 минутын үр нөлөөг тайлбарлаж өгнө үү.
- Замын түгжрэлийг маш сайн ашиглах хэрэгтэй, дээрээс нь өглөө босоход нь тэврэх, сайхан амарсан уу гэж асуух, илэх, нүдний харцаа зөөлөн байлгах гэх мэт зүйлс маш чухал. Зөөлөн байдал хайр халамжийг хүүхдэд мэдрүүлдэг. Дараа нь хоолны цагаар бас хоолоо хийж байхдаа дотно ярилцах.
Хамгийн сүүлд унтахын өмнөх 10 минут маш чухал. Унтахын өмнө үлгэр ярьж өгөх нь асар их эерэг нөлөө үзүүлж чадна. Том болсон хүүхэд хүртэл үлгэрт дуртай. Үлгэр ярьж байхад бидний дууны өнгө үргэлж зөөлөн, тайван байдаг. Дуу хоолойны өнгөөр дамжуулан хүүхэд ээж, аав надад хайртай гэдгийг мэдэрдэг. Хүүхдийн унтахын өмнө авсан эерэг мэдрэмж, энхрийлэл, үлгэрээс авсан сургамжийг тархи шөнөжин боловсруулж өглөөнөөс нь эерэг нөлөө үйлчилж эхэлдэг.
 
Орой бүр хүүхдэдээ үлгэр ярьж өгөх юм бол тухайн хүүхэд үл хайхрагдсан мэдрэмжийг мэдрэхээ больдог.
Таны хувьд эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө байна уу?
- Таны хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол хүүхдэдээ зориулж буй цаг зав, анхаарал халамж шүү. Эцсийн дүнд та 20 жилийн дараа үр хүүхдээ ямар байгаасай гэж хүсэж байна, түүндээ хүрэхийн тулд хүүхдийнхээ төлөө төлөвлөгөөтэй зөв, зүйлсийг хийгээрэй.
Сэтгэл зүйч Б.Хулан
https://tsahiur.mn/n/s/14795
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан