Б.Золжаргал: Ажлаас халшрах хам шинж хүндэрвэл сэтгэцийн эмгэг болно


Дэлхийн хүнд амын дунд ажлаас халшрах хам шинж нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь манай улсын ажиллах хүчинд ч мэдрэгдэж байгаа юм. Бид энэ хам шинжийн талаар “Hope” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Б.Золжаргалтай ярилцлаа.
-Ажлаас халшрах хам шинж гэж юу вэ. Монголд хэр судлагдсан бэ?
-Ажлаас халшрах хам шинж гэдэг нь ажлын байрны стресс урт хугацаанд үргэлжлэхийг хэлж байгаа юм. Ажлын байрны стресс гэдэг нь харилцаа болон тухайн хүний эрхэлж байгаа ажилтай холбоотой үүсдэг. Ажлын байранд стресс удаан хугацаагаар үргэлжлээд байх юм бол ажлаас халшрах хам шинж үүсэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд энэ үед сэтгэл зүй заслын эмчилгээ хийх ёстой гэж ДЭМБ зөвлөсөн.
1961 онд ажлаас халшрах хам шинж нь буюу “burnout” гэх нэр томъёо албан ёсоор тодорхойлсон байдаг. Ажлаас халшрах хам шинжийн талаар Япон, Тайван, АНУ-д олон тооны судалгааг хийсэн байдаг. Манай улсад 2007 оноос энэ чиглэлийн судалгааны ажил хийгдэж байгаа.  2009 онд АШУҮИС-ийн судлаачид эрүүл мэндийн байгууллагын 392 ажилтныг хамруулан судалсан байдаг. Дараа нь 2012 он,  2014 он, хамгийн сүүлд 2021 онд МУИС-ийн судлаачид судалсан.
-Ажлаас халшрах хам шинжид нөлөөлж буй гол хүчин зүйлд юу хамаарагдах вэ?
-Нэгд, хувь хүнээс хамааран дотогшоо чиглэсэн, бусдадаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй, харилцааны чадвар султай хүмүүс илүү их өртөж байна. Хоёрт, ажил үүргийн хувьд тодорхойгүй байдал, хэт их ажлын ачаалал эсвэл хэт бага ажлын ачаалал орно. Гуравт, байгууллагын хувьд системгүй, бүтэц нь тодорхойгүй, хэн удирдаад, хэн удирдуулаад байгаа нь тодорхойгүй байдал. Дөрөвт, үйлчлүүлэгч харилцагчаас үүдэлтэй хүчин зүйл. Үүнд, харилцагч нь төвөгтэй, ойлгомжгүй, харилцахад хүндрэлтэй байдал үүсгэх нь тухайн ажилтны ажлы бүтээмж, сэтгэл ханамжид шууд нөлөөлөх нь элбэг. Судалгаанаас харахад, хүнээс хамааралтай хүчин зүйл 45 хувьтай байдаг бол байгууллагаас хамааралтай 44 хувьтай байна.
Нөгөөтэйгүүр ажлаас халшрах хам шинж үүсэх анхны шалтгаан нь мэргэжил сонголт. Сүүлийн үед эцэг эхчүүд ирээдүйд ямар ажлын байр эрэлт хэрэгцээтэй, цалин өндөр байна гэдгээс хамаараад хүүхдийнхээ өмнөөс сонголт гаргадаг байдал ажиглагддаг. Энэ нөхцөлд хүүхэд ирээдүйд хүсээгүй ажил мэргэжлээрээ ажиллах, үүнээсээ болж удаан хугацааны дараа ажлаасаа залхах, дур сонирхолгүй, идэвх санаачилгагүй болох хандлага гардаг. Энэ нь ажлаас халшрах хам шинжтэй болох шалтгаан болоод байна. Түүнчлэн, ажлаас халшрах хам шинжид гэр бүлийн уур амьсгал ч нөлөөдөг. Энэ нь тухайн хүн ажил үүргийнхээ хувьд идэвх санаачилгатай байгаа ч гэр бүлийн хувьд дэмжлэг туслалцаа, таатай нөхцөл байдал байхгүй бол ар гэрийнхээ асуудлыг ажил дээрээ бодох зэргээр ажлын бүтээмж буурдаг.
-Сүүлийн үеийн судалгаанаас харахад Монгол Улсад ажлаас халшрах хам шинж ямар байгаа вэ. Ихэвчлэн ямар шалтгаанаас үүдэлтэй байна вэ? 
-Байгууллага дээр хамгийн их ажиглагдаж байгаа зүйл нь хам шинж гэхээс илүү стресс менежмент их байна. Үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай ажилахад юу дутагдаж байгаа талаар ажилчдаас судалгаа авч үзэхэд, ихэнх тохиолдолд стресс менежмент, бүтээмжгүй байх, цалин хөлс бага байх, хамт олонтойгоо харилцаж чадахгүй байх зэрэг харилцааны асуудал их гарч байна. Байгууллага талаасаа авч үзвэл менежментийн баг, удирдлагын баг эмх цэгцгүй системтэй ажиллаж байгаатай холбоотой. Жишээ нь, судалгаагаар ажлын байранд тодорхой заагдсан үүргээс өөр зүйл нэмж өгөх, илүү цагаар ажиллуулах, удирдлага оновчтой зөвлөгөө өгөхгүй, чиглүүлж чадахгүй байх, байгууллагын уялдаа холбоо муу зэрэг шалтгаан зонхилдог. Үүнээс ажиглахад, манай монголчуудын өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох бусдад ойлгогдох харилцааны ур чадвар их сул харагдаад байгаа юм.
Нөгөө талаас ажилчдаас сэтгэл ханамжийг тандахад, цалин хөлс хамгийн чухал ч түүнээс илүү тухайн байгууллагын хамт олон болон өөрийн итгэл үнэмшлийг ойлгодог газар ажиллах нь сэтгэлийн ханамжтай байхад голлон нөлөөлж байна гэсэн ерөнхий дүр зураг харагдсан.
-Ажлаас халшрах хам шинж өртсөн байна гэдгийг хэрхэн мэдэх вэ. Таних шинж тэмдэг байх уу?
-Ажлаас халшрах хам шинж өртсөн тохиолдолд ядрах, сульдах, идэвхгүй болох, тухайн ажлыг хийх ямар ч сонирхолгүй болох, уур бухимдалтай, хүмүүстэй харьцах сонирхолгүй болох, гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Үүнийгээ бид хэрхэн таних вэ гэвэл:
Нэгд, тухайн хүн ажилтай холбоогүй зүйлсээс татгалзах, нийгмээс тусгаарлагдах. Ерөнхийдөө зөвхөн ажил гэр гэсэн уйтгартай хэв маягт орох шинж тэмдэг илэрнэ.
Хоёрт, хувийн оролцоо багасах. Аливаа зүйлсээс хойш суух, ажилтай холбоотой зүйлээс харилцагчтайгаа харилцахдаа, хамт олонтойгоо суухдаа хойш суун оролцоо багасах. 
Гуравт, сэтгэл хөдлөлд өөрчлөлт илрэх. Энэ нь стрэсст орох, сэтгэл гутралд орох, эсвэл байнга буруутай юм шиг мэдрэмж авах, азгүй мэдрэмж, айдас түгшүүр авах, ямар нэг онцын шалтгаан байхгүй байхад айдас мэдрэх зэрэг сэтгэл зүйд илэрдэг.
Дөрөвт, зан үйлд гажуудал илрэх. Энэ нь мэдрэмж үйл хөдлөл рүүгээ орох. Энэ үед нойргүйдэнэ, санаачилгагүй болох, ажил дээр заавал хэлүүлж байж хийх, ажлаас хойш суух, бусдыг үл тоомсорлох, хувиа хичээх, зохицож чадахаа болих зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Тавд, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх. Унтаж, амарч чадахгүй болох, төвлөрч чадахгүй болох г.м
Зургаад, урам хугарах, амьдралаа сөргөөр харах, ажиллах, амьдрах нь утгагүй юм шиг санагдана.  Хэрвээ эдгээр шинж тэмдэг илрэх юм бол өөрийнхөө төлөө үйлдэл хийгээрэй. Чамд тулгарсан асуудлыг хайж, судлаад сэтгэл зүйч эсвэл найз нөхөдтэйгөө уулзаж, ярилцаж үзээрэй.
-Ажлаас халшрах хам шинжээс хэрхэн сэргийлэх үү. Яаж даван туулах вэ?
-Энгийнээр хэлбэл, ямар нэгэн өдөөгч болох зүйлээ өөрөө олж тогтоох хэрэгтэй. Энэ хам шинж удаан хугацаагаар үргэлжилбэл сэтгэцийн эмгэгт болдог. Үүнээс сэргийлэхийн тулд миний юу болохгүй байна гэдэг шалтгаанаа олж тогтоох хэрэгтэй. Жишээ нь, үнэхээр ажилдаа сонирхолтой байхад байгууллага, хамт олон, удирдлагын зүгээс ямар нэг шахалт, дарамт байна уу, үгүй юү, эсвэл энэ ажлыг хийхэд сайхан мэдрэмж авч чадахгүй байна уу, хувь хүнээсээ ямар нэг чадвар дутагдаад байна уу, гэр бүлийн зүгээс дарамт байна уу гэдгээс хамаараад учир шалтгаанаа эхлээд тогтоо. Гол нь би юунаас болоод ингээд байна гэдгээ олох нь чухал.
Түүнчлэн, өөрийн дуртай ажлаа хийх, ажил болон амралтаа зохистой ашиглах, харилцааны чадварт суралцах, аливаа зүйлд тайвнаар хандах, эрүүл мэнддээ анхаарч нойр хоолоо зохицуулах, ажлын орчинд өөрийгөө ойлгуулах, хамтрагчаасаа дэмжлэг авах, ажилдаа бодитой хандах зэрэг өөрөөсөө хамаарч чадах зүйлийг хийж, асуудлыг энгийнээр шийдвэрлэх гэж оролдоод үзээрэй. Мэдээж асуудал даамжирч, нэг л болж өгөхгүй байвал сэтгэл зүйчээс зөвлөгөө тусламж аваарай гэж зөвлөе.
-Ярилцсан баярлалаа.                                                                                                     
Н. Туул
https://itoim.mn/a/2023/03/26/mental-health/mvl
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан