Онош тогтоодог эмч бүрт хэрэгтэй бүтээл хэвлэгджээ

Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилчдын холбоо (МЭМЛАХ) 2019-2022 оны хооронд Япон улсын Гематологийн лабораторийн холбоотой (Japanese Society Laboratory Hematology JSHL) хамтран ажиллах гэрээний дагуу энэхүү цуврал номыг хэвлүүлжээ. Цуврал номыг хэвлүүлэхэд Япон улсын Олон улсын анагаах ухааны үндэсний төв санхүүжүүлэн, Сисмекс корпораци дэмжлэг үзүүлсэн байна.

Гэрээний дагуу энэ хугацаанд Монгол Улсын 73 лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг танхим, цахим хослосон, нийт долоон удаагийн сургалтад хамруулсан. Түүнчлэн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд гарын авлага болох эдгээр бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн, хот хөдөөгийн лабораторит хүргүүлжээ. Харин өчигдөр /2023.01.12/ уламжлалт анаагаах ухааны Монг Эм эмнэлгийг үүсгэн байгуулагч, МУ-ын гавъяат эмч, АУ-ны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч З.Мэндсайханд “Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Г.Наран эдгээр бүтээлийн дээжээс гардуулж өгсөн юм. Тэрээр хэлэхдээ “Цэнхэр хавтастай номонд лабораторит цусны түрхэцийг хэрхэн бэлдэж, бэхжүүлж, будах вэ? Цусны хэвийн эс, эмгэг эсүүдийг хэрхэн яаж ялгах вэ зэрэг асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөх, өргөн хүрээний агуулга багтсан” гэсэн юм. Мөн цайвар хавтастай номонд цусыг гематологийн бүрэн автомат анализатор болон микроскопоор шинжлэн, биохимийн шинжилгээгээр гарсан өөрчлөлттэй уялдуулж цусны өвчнийг хэрхэн зөв оношлохыг эмнэл зүйн тохиолдол, жишээгээр баримтжуулсан гэдгийг онцоллоо.

Энэ үеэр АУ-ны доктор, профессор З.Мэндсайхан “Шинжилгээний хариу уншиж онош тогтоодог эмч бүрт тун хэрэгтэй бүтээл” гээд улсын томоохон эмнэлгүүдийн номын санд байршуулсныг нь онцгойлон сайшаасан юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан