Өдрийн аль ч цаг, жилийн аль ч улиралд хүний хөл тасардаггүй, дөрвөн давхар шар барилгын гадна “Бид шантрахгүй, зогсохгүй. Та ялагдахгүй” гэх бичигтэй самбар өлгөсөн нь хамгийн түрүүнд нүдэнд тусав. Өвдөж бэдрээд, эдгэрэх, эмнүүлэх итгэл найдвар тээж буй хүмүүст эл хоёр өгүүлбэр бага ч атугаа дэм, хүч өгдөг байх гэж бодохтой зэрэг сэтгэлд уй төрнө. Үнэн хэрэгтээ уйлж цурхирч, уймарч будилж, уухичин сандрах тэдэнд эргэн тойрноо ажиж, элдэв бичиг гарчиглах сөхөө үгүй нь илт.
Зарим нь амь тавьж, зарим нь амь горилж, нэг хэсэг нь амь гарч, нөгөө хэсэг нь амь дүйсэн дүнсгэр, бүүдгэр, дүрэлзсэн, халуун орчин. Тэнд өвчин, үхэл, үнэн, худал, зол жаргал, зүдгүүр, бэрхшээл цөм бий.
Энэ бол хавдар гэх хахир өвчинтэй нүүр тулж, тэмцэж, тэсэж буй хүмүүст үйлчилдэг улсын цор ганц, төрөлжсөн эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн аж байдал, ахуй нөхцөл. Энд олон мянган хүн өвчинтэйгөө тэмцэж, олон зуу нь өвдсөн гэдэгтэйгээ эвлэрч, бас цөөнгүй нь өвчнөө ч, өөрийгөө ч ялж, эрүүлжиж байгаа. Мөн хавдрын улмаас жил бүхэн хэдэн мянгаар тоологдох хүн хорвоог орхиж буй нь гашуун ч үнэн...
Хавдартай тэмцсэн 80 жил
Хавдар гэх өвчлөлийн талаарх асуудал зуун дамнан яригдаж байгаа учир сэтгүүлч, уншигчдын хувьд шинэ ч, шимтэх ч сэдэв биш. Гэхдээ улиг болж, хуучирсан гэж орхиж, огоорч болохгүй амин чухал агуулга, асуудал юм. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа хавдар судлалын өнөөгийн нөхцөл байдал, иргэдэд тулгамдаж буй асуудал бэрхшээл зэргийг судалж, сурвалжиллаа.
Анх 1934 онд 20 ортой мэс заслын тасаг байгуулагдаж, Монгол Улсад хавдрын эмчилгээний үндсэн хэлбэрийн нэг болох мэс заслын эмчилгээг нутагшуулсан гэж судлаачид үздэг. Харин 1940 оноос нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ өргөжиж, хорт хавдартай хүнд мэс заслын эмчилгээ хийж эхэлсэн байна. Тэгэхээр манай улс үндсэндээ 80 орчим жил хавдар гэх өвчинтэй тэмцэж, энэ өвчнөөр өвдсөн иргэдийг эмнэж ирэв. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хавдрыг “хазаарлаж”, тохиолдлын тоог цөөрүүлж дөнгөсөнгүй. Харин ч жил ирэх тусам төрөл, хэлбэр нь өргөжиж, тоо, тохиолдол нь өссөөр байгаа юм. Гэхдээ ганц манай улс ч бус дэлхий даяараа энэ өвчинд дарлуулж, жил бүхэн олон сая хүн ижил шалтгаанаар нас барж байна. ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн жил дэлхий дахинд 19 сая хүн хавдраар өвчилж, 9.9 сая хүн хорт хавдрын улмаас амиа алдсан байна.
100 мянган хүн тутмын 229 нь хорт хавдартай
Манай улсын тухайд, нийт 24 мянган хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтад байгаа гэх статистик бий. Тэгэхээр 100 мянган хүн ам тутмын 229 нь хорт хавдраар өвчилж байна гэсэн үг. Хорт хавдраар өвдсөн хүний тоо жил бүхэн өссөөр байгаагийн зэрэгцээ манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаараа ч олон улсад дээгүүрт бичигддэг. Ялангуяа, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийн 185 орноос тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд энэ үзүүлэлт буурахгүй байгаа юм. Өнгөрсөн жилийн тухайд, нийт 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн бөгөөд 4559 хүн дээрх шалтгаанаар хорвоог орхисон байна. Нас баралт өндөр байгаа нь иргэдийн олонх нь хавдраа эцсийн шатанд орсон хойно нь оношлуулдагтай холбоотой аж. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна гэсэн харамсалтай тоон мэдээг ХСҮТ-өөс гаргажээ.
ХСҮТ-ийн захирал, их эмч Н.Эрдэнэхүү
Өмнө нь хүмүүс хавдраар өвчилсөн л бол нас бардаг гэх ойлголттой байсан бол өнөөдөр хавдрын улмаас амиа алдахгүй байх боломжтой гэдгийг мэддэг болсон. Хамгийн гол нь хавдрыг эрт шатанд нь оношилж, төгс эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Гэвч манай улсын тухайд эрт илрүүлгийн хувь хангалттай биш байна. Хэрэв бид эрт илрүүлгийн хувийг ядаж 60-70 хувьд хүргэчих юм бол маш олон өвчлөлийг төгс эмчлэх боломжтой. Харамсалтай нь, одоогийн байдлаар үйлчлүүлж буй иргэдийн 75 орчим хувь нь хожуу шатандаа оношлуулсан байдаг. Тэгэхээр 25 орчим хувийнх нь эмчилгээ үр дүнтэй болж байна гэсэн үг. Энэ бол маш харамсалтай тоо.
Эрт илрүүлээд, эрүүлжье
Хорт хавдар нь осол гэмтэл, халдварт өвчин шиг биед гэнэт бий болдоггүй. Энэ өвчний суурь хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг учир сэргийлэх бүрэн боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Түүнчлэн дээр дурдсанчлан эрт үед нь илрүүлж чадвал эдгэрэх бүрэн боломжтой юм. Гэвч өнгөрсөн хоёр жилийн тухайд, цар тахал, хөл хорионоос шалтгаалан хүмүүс эмнэлгийн байгууллагаар тэр бүр үйлчлүүлээгүй. Үүний улмаас хавдраа хожуу үед нь оношлуулах тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг ХСҮТ-ийн эмч нар хэлж байлаа. Гэхдээ иргэдийг Эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэгт тэгш хамруулах зорилгоор 2022 онд Улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг суулгасан. Улмаар энэ оны тавдугаар сараас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлсэн билээ. Тус эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр олон төрлийн өвчлөлийг эрт үед нь илрүүлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор ХСҮТ-ийн ачаалал ч эрс нэмэгдсэн байна. Тоо дурдвал, нийт 320 мянган иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 1158 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
ХСҮТ-ийн Ангиографийн тасгийн эрхлэгч Н.Юмчинсэрчин
Нэг үеэ бодоход хавдрын оношилгоо сайжирч, хавдрыг эрт үед нь оношилдог болсон. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд сэжигтэй тохиолдол нэлээдгүй илэрч байна. Хавдрын сэжигтэй тохиолдол нэмэгдэхээр ХСҮТ-ийн ачаалал эрс нэмэгдэнэ. Гэхдээ иргэд өвчнөө эрт үе дээр нь илрүүлж, эрүүлжиж байна гэдэг хамгийн чухал асуудал. Эрт илрүүлгээр иргэдэд насны онцлогоос нь хамаарч, өөр өөр төрлийн шинжилгээ хийж байгаа. Энэ тун зөв шийдэл. Үүнээс гадна, газар зүй, бүс нутгийн онцлогийг нь судлаад, үзлэг, шинжилгээгээ төрөлжүүлэх нь оновчтой гэж би хувьдаа боддог. Иргэдийн амьдралын хэв маяг, хоол, ундны онцлог зэргээс шалтгаалсан нийтлэг өвчлөл их ажиглагддаг. Тухайлбал, баруун аймгийн хүмүүсийн дунд улаан хоолой, ходоодны хавдар түгээмэл байдаг. Энэ нь иргэдийн хоол, ундны хэрэглээ, амьдралын хэвшил зэрэгтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.
Ганц эмнэлэг “гал манаж” байна
Жил бүхэн 6000 орчим хүн шинээр өвчилж, тэр хэмжээний хүн хавдрын шалтгаанаар нас барж байна гэдэг гурван сая хүн амтай манай улсад хэтэрхий ахдахаар тоо. Мөн ийм хэмжээний хүн өвдөж, тэр хэмжээний хүн эндэж байхад хавдар судлалын төрөлжсөн эмнэлэг улсын хэмжээнд ганц л бий нь халаглах багадаж, хараах ихдэхээр асуудал юм. Эмнэлэг болоод эмчлүүлэгчийн харьцаанаас энэ эмнэлгийн ачаалал хэр хэмжээнд байгааг харахгүйгээр ч гадарлаж болохоор байна.
ХСҮТ-ийн хүлээлгийн танхимд хөл гишгэх зайгүй шахам байх агаад өдөрт энэ эмнэлгээр 2000 гаруй хүн орж, гардаг. Харин жилд 100 орчим мянган хүн үйлчилгээ авдаг байна. Ачаалал их тул чирэгдэл их. Шинжилгээ өгч, оношоо тодруулахын тулд багадаа хагас сар зарцуулдаг бөгөөд эмчид үзүүлэх цаг бичүүлэх гэж бүтэн өдрийг барна. Харин хагалгаанд орж, эмчилгээ эхэлтэл бараг хагас жилийн нүүр үзнэ. Энэ хугацаанд өвчин нь даамжирч, хүндрэх тохиолдол ч элбэг. Тиймээс л танил, таван төгрөгтэй нь амьд үлдэж, хүн танихгүй, хөрөнгө бэлгүй нь амь дүйн, азаа үздэг.
Сүхбаатар аймгийн иргэн Б.Цэвэгмэд
Аймгийн эмнэлэг намайг хавдартай байж болзошгүй гээд хотод очиж, шинжилгээ өг гэсэн. Хотод ирээд хувийн эмнэлэгт үзүүлээд, бүдүүн гэдэсний хорт хавдартай гэдгээ мэдсэн. Онош тодорсноос хойш гурван сарын дараа хагалгаандаа орсон. Маш олон хүн хавдраар өвчилж байгаа учир ачаалал асах их байдаг юм байна. Би одоо химийн эмчилгээ хийлгэж байгаа. Өнгөрсөн хавар энд ирсэн. Урт хугацаанд хотод байх шаардлагатай болсон учир ХСҮТ-ийн хажуугийн “Цагаан хуарин” хотхонд байр түрээсэлж байгаа. Энд эмчилгээ хийлгэдэг, орон нутгийн хүмүүс манай байранд олон бий. Хөдөөнөөс ирээд, жил тойрон айлд байх амаргүй. Тиймээс олонх нь энэ хавиар байр түрээсэлдэг юм билээ.
Хавдрын эмнэлгийн хөдөө рүү нүүлгэе
ХСҮТ-өөр үйлчлүүлж буй иргэдийн 50 орчим хувь нь орон нутгийн иргэд байдаг болохыг тус эмнэлгээс гаргасан статистик мэдээллээс харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, жил бүхэн орон нутгийн 2000 гаруй иргэн хавдрын улмаас нийслэлд ирж, эмчилгээ хийлгэдэг. Тэдгээрийн олонх нь хотод нэг жилээс дээш хугацаанд байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс ХСҮТ-ийн ойролцоо байр түрээсэлж амьдрах нь элбэг. Үүнтэй холбоотойгоор тэр орчимд түрээсийн байрны эрэлт хамгийн өндөр байдгийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн алба хаагчид хэлж байлаа. Энэ талаар PTI хөрөнгө зуучлалын компанийн зуучлагч Л.Отгонхишиг мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Түрээсийн байр хамгийн эрэлттэй бүсийн нэг бол хавдарын эмнэлэг орчим байдаг. Ихэвчлэн эмнэлгээр үйлчлүүлж буй орон нутгийн иргэд тэнд байр түрээсэлдэг. Гэхдээ төлбөр нь хэтэрхий өндөр байрыг түрээслэх амаргүй. Жижиг мкв-тай, үнэ багатай байр эрэлттэй байдаг. Ихэвчлэн эмнэлгийн үйлчилгээ авахаар хотод ирсэн хүмүүс тэр хавиар байр түрээсэлдэг” гэсэн юм. Бид энэ талаар илүү тодруулахаар ХСҮТ орчмын хэд хэдэн байрны СӨХ болон иргэдтэй уулзахад дээрхтэй ижил байр суурь илэрхийлж байв.
Түрээсийн байрнаас гадна шинжилгээ өгч, оношоо тодруулах зорилготой эсвэл хавдар нь хүнд үе шатандаа ороогүй, богино хугацааны эмчилгээ шаардлагатай иргэдэд зориулсан түрээсийн үйлчилгээ ч бий болжээ. Тодруулбал, ХСҮТ орчимд хоногийн түрээсийн байрны үйлчилгээ багагүй эрэлттэй байдаг аж. Төлбөрөө сараар бус хоногоор нь төлөөд, байрлах хугацаагаа сунгах боломжтой тул эмчилгээ, шинжилгээний хугацаа тодорхойгүй үед хамгийн тохиромжтой байдгийг иргэд хэлж байлаа.
Эндээс хавдар гэх өвчлөл ямар түвшинд байгааг болон ХСҮТ-ийн ачаалал хэр хэмжээнд хүрснийг харж болохоор байна. Тиймээс нийслэлийн төвлөрлийг сааруулж, хавдар гэх өвчлөлийг бууруулахын тулд орон нутгийн эмнэлэг, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулж, ачааллыг хуваарилах зайлшгүй шаардлагатай байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл