​Ч.Туул: Хүүхдэд халууны эм уулгасны дараа хучиж, зузаалах биш нимгэлэх хэрэгтэй


Сүүлийн өдрүүдэд томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан ханиад томуугийн нөхцөл байдал, өвчний шинж тэмдгийн талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмч Ч.Туулаас тодрууллаа.
-Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна уу?
-Сүүлийн 14 хоногийн хугацаанд томуугийн дэгдэлттэй холбоотойгоор манай эмнэлэг дээр ирж байгаа хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Хоногт амбулаториор 50 орчим хүүхэд үйлчлүүлж байгаа. Харин хүлээн авахаар үйлчлүүлж байгаа иргэдтэй нийлбэл 100 орчим хүүхэд байна. Эмчилгээ авахаар ирж байгаа хүүхдүүдийг насны байдлаар авч үзвэл бүх насныхныг хамарсан. Гэхдээ 0-5 настнууд дотор хүндрэл, хатгалгаа болох эрсдэл өндөр байна.
-Хүндэрч байгаа хүүхдүүд нийт үйлчлүүлэгчдийн хэчнээн хувийг эзэлж байна вэ?
-Хүндэрч байгаа хүүхдүүд нь нийт үйлчлүүлэгчдийн арав гаруй хувийг эзэлж байгаа.
-Гол шинж тэмдэг, зовуурь нь юу байна вэ?
-Гол шинж тэмдэг нь маш өндөр халуурч, хоолой сэрвэгэнэж, хуурай ханиалгана. Мөн хүндэрч байгаа хүүхдүүдийн дунд өндөр халуурснаасаа болж хордлого ихтэй байна. Ер нь, шингэн зүйл ууж чадахгүй, ханиалгалттай байна.   
-Яг юунаас болж хүндэрч байна вэ?
-Нэгд, вирусийн гаралтай өвчлөл учраас халууралтай, хордлого ихтэй байгаа. Үүнээс гадна эцэг эхчүүдийн асаргаа, сувилгаа муу байгаатай холбоотой хүндэрч байна. Өндөр халуунтай хүүхдийг эмнэлэгт үзүүлчхээд асаргаа хийж байх үедээ гурав, дөрвөн эмнэлэг, эмч дамжуулаад явчихдаг нь асуудал болдог. Хоёрт, эцэг эхчүүд шингэн зүйлийг хүүхдэдээ огт уулгаж чаддаггүй. Уухгүй байна. Хоол идэхгүй байна гээд хүүхдээ орхичихдог. Хүчээр бага, багаар өгч байж хордлогоос гаргах болохоос тухайн хүүхдийн дураар байвал бүтэхгүй. Мэдээж хүүхэд өндөр халууралт, хордлогоос болоод ууж чадахгүй, хүүхэд дураараа ууна гэж байхгүй. Тиймээс эцэг эхийн асаргаа маш чухал.  Гуравт, халуунтай хүүхдийн халууныг сайн буулгах хэрэгтэй. Ингэхдээ шингэн зүйлийг сайн уулгах ёстой. Мөн халуунтай хүүхдэд эм уулгасны дараа нимгэлж, нүцгэлэх ёстой ч иргэд хучиж, зузаалчихдаг. Том хүн шиг зузаалж огт болохгүй. Тэгсэн тохиолдолд халуун баригдан, удаан бууна гэсэн үг.  Харин эсрэгээрээ халууны эм өгсний дараагаар аль болох нимгэн байх хэрэгтэй. Дөрөвт, улаан халууралт, цагаан халууралт гэдгийг ялгах хэрэгтэй. Хүүхдийн хацар улайж, час улаан болдог шүү дээ. Тэрхүү халууралтаас айх хэрэггүй. Гэрийн нөхцөлд ч, эмээр ч буулгаж болно. Харин цагаан халууралтын үед хүүхдийн арьс цайвар өнгөтэй эсвэл эрээн болж, хөл гарын үзүүр нь хөх болчихдог. Энэ үед яаралтай эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн иргэд гэрээр эмчилгээ хийхэд сошиалаар зөвлөгөө авч огт болохгүй.
-Таны хувьд ямар эмчилгээг зөвлөж байна вэ?
-Харьцангуй хугацаа алдаагүй ирсэн хүүхдүүдэд вирусийн эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ болон шинж тэмдгийн эмчилгээг зөвлөж байгаа. Хугацаа алдаагүй ирсэн хүүхдүүд вирусийн эсрэг эмчилгээндээ хоёр хоногийн дотор эдгэчхэж байна. Харин хугацаа алдаж вирусийн халдвар бактерийн халдвар руу шилжиж хүндэрсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Тухайлбал, хоолой нь улайсан, идээлсэн, хатгалгаа, бронхит болсон хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүд яах аргагүй антибиотик эмчилгээ рүү орно.
-Анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлгүүд антибиотик эмчилгээг зөвлөж байна шүү дээ. Гэтэл тухайн антибиотикууд эмийн сангуудаар олдохгүй байна гэх. Ийм нөхцөл байдалд эмч, эмнэлгийн зүгээс ямар эмчилгээг зөвлөх вэ?
-Бидний зүгээс вирусийн эмийг ихээр зөвлөж байгаа. Вирусийн эмнүүд дунд олдоц муутай эм маш их байна. Сүүлийн нэг сарын хугацаанд өргөн хэрэглээнд хэрэглэгдэж байгаа чанартай антибиотик, вирусийн гаралтай эмний олдоц  нэлээд муу байгаа учраас хайж олохоос өөр аргагүй. Гэхдээ огт олдохгүй биш.
-Мөн насанд хүрэгчдийн дунд 1-3 сар эдгээгүй тохиолдол багагүй байна. Энэ нь юутай холбоотой юм бэ. Энэ өвлийн ханиад, томуу өмнөх жилүүдээс илүү хүндээр тусах хандлагатай байна уу?
-Нэгд, ковидоор өвчилсний дараа нийгмийн дархлаа тэр чигтээ буурсантай холбоотой. Хоёрт, иргэдийн эмийн зохисгүй хэрэглээ ихтэйгээс болж байна. Эмийг ууж дуусах хугацаатай шүү дээ. Тодорхой хугацааны дараа вирус, бактери устдаг. Гэвч иргэд нэг эмийг хоёр гурав хоног уугаад шинж тэмдэг арилахаар хаяж эмчилгээг дутуу хийдэг гэсэн үг.
-Ковид-19 вирустэй андуурах боломж бий юу?
 -Сүүлийн үед хийгээгүй. Дэгдэлтийн эхэн үед хийж байсан. Тэр үед түргэвчилсэн тестээр бараг батлагдаагүй. Одоо томуу, томуу төст өвчний вирусийн эргэлтийн үе. Тиймээс илүү томуу тал руу явж байна. Гэхдээ ковид дотор нь байхыг үгүйсгэхгүй. Ялгах шинж тэмдгийн хувьд ялгаа маш багатай. Томуугийн өвчлөл хүнд, хүндрэл ихтэй. Бараг ковидоос илүү хүндрэлтэй байгаа байх гэлээ.
Ханиадад уух шаардлагатай эм, антибиотикийн тасарч, олдоц муу байна
Тайлбар
Ийн нийгэмд томуу, томуу төст өвчний дэгдэлт газар авч эмнэлгийн ачаалал нэмэгдсэний сацуу мэргэжилтнүүдийн зөвлөсөн эмчилгээнд шаардлагатай эмүүд нийслэлийн эмийн сангуудаар тасраад уджээ. Тухайлбал, хамгийн эрэлт бүхий халуун бууруулах, ханиалга дарах эм, антибиотикуудын олдоц муу байгаа аж. Иймд иргэдийн мэдэх нийслэлийн хамгийн олон эмийн сан, эмийн бөөний төвтэй Урт-Цагаанаас эмийн олдцын бодит байдалтай танилцлаа.
Тус гудамжид нийт 20 гаруй эмийн сан, эмийн бөөний төв байрлах ч мэргэжилтнүүдийн зөвлөх эмүүдээс дийлэнх нь байсангүй. Тухайлбал, хүүхдийн халуун бууруулах үрэвсэл дарах үйлчилгээтэй “нурофен”, нэгдүгээр шатлалын антибиотик үйлчлэхгүй тохиолдолд хэрэглэх “фромилид” гэх эмүүд огт олдохгүй байгаа аж. Нийслэлийн хамгийн олон эм, эмэн бүтээгдэхүүнтэй хэсэгт нэг л эмийн санд тус эмнүүдийг борлуулж байв. Мөн олдсон хэдий ч эмийн үнэ нэмэгдсэн байх аж. Эмийн бөөний төвүүдээр антибиотик болон бусад эмийн олдоц муу байгааг эм зүйчид “Ханиад томуугийн улирал эхэлсэнтэй холбоотой зарим нэр төрлийн эм тасарсан. Шалтгаан нь хил гаальтай холбоотой. Гэхдээ үүнээс гадна өөр асуудал байгаа нь эмийн бөөний төвүүдээс жижиг эмийн сангууд ихээр авч дарж байна. Ингэж дарж эрэлт ихэссэн үед үнээ нэмж зараад байгаа юм” хэмээсэн юм. Ийн эмнэлэг нь хүрэлцээ муу, эм нь олдоц муутайгаар өвлийг давах нь.

http://itoim.mn/article/tgsG3/36238
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан