Г.Жаргалсайхан: Монгол хүүхдүүдийн цусан дахь хар тугалга ихсэж байгаа нь аюул дагуулж байна



АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш, нийгмийн эрүүл мэнд судлаач Г.Жаргалсайхантай цусанд агуулагдаж буй хар тугалга хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа. 
Хар тугалга хүүхдийн цусанд илрэхгүй байх нь хамгийн эрүүл аж. Гэвч манай улсын хүүхдүүдийн цусанд хар тугалга 5-15 мкг/дл илэрч байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Цусанд хар тугалга илрэх нь хүүхдийн оюун санаа, үйл байдалд шууд нөлөөлдөг байна. Монголд аутизмтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг судлаач Г.Жаргалсайхан цусан дахь хар тугалгын хэмжээ их байгаатай холбон тайлбарлав. Харамсалтай нь, манай улс хүүхдүүдийнхээ цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ ийм байвал зохистой гэсэн агууламж, хэмжээг гаргаагүй. Мөн гаргая гэсэн ч шаардлагатай багаж, төхөөрөмж хомс байдгийг тэрээр хэлж байсан юм.  
-Хүүхдийн цусанд хар тугалга ихээр агуулагдаж байгаа судалгаанууд гарсан. Шалтгаан нь юу вэ? 
-Хар тугалга бол хүнд метал. Хүнд метал гэдэг нь физик шинж чанараараа таван мг/м кубаас дээш жинтэй байхыг хэлнэ. Хар тугалгад хамгийн өртөмхий бүлэг нь хүүхэд, жирэмсэн эхчүүд байдаг. Ялангуяа хүүхэд орчинтойгоо танилцаж, сэтгэн бодох чадвар нь хөгждөг нас буюу 3-5 насанд хамгийн өртөх эрсдэлтэй. Хүүхэд ч гэлтгүй хүн бүр химийн бодист гурван замаар өртөж болно. Нэгд, амьсгалын зам. Хоёрт, хоол боловсруулах зам. Гуравт, хүрэлцэх. Хар тугалга нь энэ гурван замаар гурвуулангаар нь дамжина.  
Амьсгалын замаар гэвэл нүүрсний дутуу шаталт, машины яндангийн утаанаас үүснэ. Улаанбаатар хотын агаарын бохирдолд хар тугалга тодорхой хэмжээгээр агуулагддаг. Хар тугалга нь гялтганасан шинж чанартай. Тиймээс будганд ихээр агуулагдана. Эд зүйлийг будахдаа харагдах байдлыг нь бодож гялтганасан будгаар будах тохиолдол бий. Хэдий чинээ гялтганасан байна төдий чинээ хар тугалга агуулагдсан байх боломжтой. Намар хичээл эхлэхэд сургуулиуд будаг нь ханхалсан ангид хүүхдүүдээ угтаж авдаг. Ангид будаг үнэртэж байна гэдэг нь хар тугалга агаарт тархсаныг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хичээллэх үедээ хар тугалгатай агаараар амьсгалж байх эрсдэлтэй юм.  
Хоол боловсруулах замаар гэвэл хүүхдийн чихэр, тоглоомын хэрэглээтэй холбогдоно. Анзаарвал, хүүхдүүд чихэр идэхдээ гялтганасан цаастай нь амандаа хийх, янз бүрийн будагтай тоглоом амандаа хийх нь хар тугалга дамжих эрсдэлийг нэмэгдүүлнэ.  
Хүрэлцэх замаар хар тугалга дамжих нь төдийлөн бага. Хамгийн гол нь хүүхдүүд амьсгалын болон хоол боловсруулах замаар хар тугалгад өртөж байна. Дэлхий дахинд хар тугалгад өртөх замыг ингэж тодорхойлсон байдаг.  
-Тэгвэл манай улсад хүүхдүүд хар тугалгад хэрхэн өртөж байна вэ? 
-Манайд ч мөн ялгаагүй шүү дээ. Нэг ялгаатай байдаг зүйл нь хил гааль дээр хяналт маш муу. Хилээр маш олон төрлийн будаг орж ирдэг. Тэр будгуудыг тэр дор нь шинжлээд хариуг нь гаргах лабораторийн чадавх байхгүй. Тиймээс хар тугалгын агууламжтай, чанаргүй будгийг шууд л оруулаад ирдэг. Тэгээд анги танхимыг буддаг. Мөн хил гаалиар орж ирсний дараа мэргэжлийн хяналт шалгадаггүй. Шалгая гэсэн ч лаборатори байхгүй л дээ. 
Хил гаалиар шууд оруулж ирдэг, мэргэжлийн хяналт шалгадаггүй байсан ч эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаардаггүй. Хүүхдийнхээ цусан дахь агууламж ямар байна, хар тугалгынх нь хэмжээ хэр байна гэдгийг шинжлүүлдэггүй. Хар тугалгын лавламж хэмжээг бусад улс орнууд өөр өөрсдийнхөөрөө тодорхойлсон байдаг. Тухайлбал, АНУ-д хүүхдийн цусан дахь хар тугалгын лавламж хэмжээг 3.5 микрограмм/дцл гэж тодорхойлсон. Өмнө жилүүдэд 5 микрограмм/дцл байж байгаад одоо 3.5 микрограмм/дцл болтлоо буулгаад байна.  
-Нүүрсний дутуу шаталтаас үүдэж агаарт хар тугалга тархдаг гэлээ. Сайжруулсан түлш ялгаатай юу, түүхий нүүрс түлдэг газрын агаарт хар тугалга их байна гэж хэлж болох уу? 
-Сайжруулсан түлшний элементийн шинжилгээг сайн хийж чадаагүй. Ганц хоёр л судалгаа бий. Сайжруулсан түлш гэдэг бол нүүрсний шингэний агууламжийг бууруулсан, хатаасан хэлбэр нь. Бохирдол өндөр хэвээр байна. Тоосонцрын агууламжийг бууруулсан гэж үзэж байгаа. Гэвч хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн. Гэхдээ яах вэ, энэ бол чанарын хувьд ахиц юм. Яагаад гэвэл PM 2.5 тоосонцрын гадаргуу дээр хар тугалга наалдаад явж байх боломжтой. Тэгээд тэр тоосонцроор амьсгалсан бол хар тугалга уушгиар дамжин цусны эргэлтэд орж, гол бай эрхтэнд очно. Түүнчлэн ясан дээр хуримтлагдаж, мэдрэлийн эсийн дохио дамжуулалт алдагдсанаар хүүхдийн сурлага, сэтгэн бодох чадвар дохио дамжуулах, хурдан бодох чадварт нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр PM 2.5 тоосонцрыг тодорхой хэмжээнд багасгаж байгаа гэдэг нь хар тугалга цусанд орох эрсдэлийг төдий чинээ багасгана. 
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ цусан дахь хар тугалгын хэмжээг мэдье гэвэл ямар шинжилгээг өгөх шаардлагатай вэ? 
-Цусан дахь хар тугалгын агууламжийг тодорхойлдог багажууд бий. АШУҮИС дээр нэг багаж байдаг. Үүнийг ашиглаад бид 400 гаруй хүүхдэд хэмжилт хийхэд хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 5-15 мкг/дл гарч байсан. 15 мкг/дл гарч байна гэдэг бол маш өндөр гэсэн үг. Манай улсад хийгдсэн судалгаануудаас харахад эрсдэлтэй бүлгийг уурхайн орчимд амьдардаг хүүхдүүд гэж тодорхойлсон байдаг. Мөн өвөл бол бүх хүн хар тугалгын эрсдэлд өртөж байна.  
Цусанд агуулагдах хар тугалгыг хэмждэг багаж улс даяар хоёрхон байдаг ч ашиглалтаас гарсан, шинийг авах шаардлагатай
-Таны хэлж буй цусанд агуулагдах хар тугалгыг хэмждэг багаж нь манай улсад хэр их байдаг вэ. Эцэг эхчүүд жилдээ нэг удаа ч юм уу хүүхдээ шинжлүүлээд байх боломжтой юу? 
-Цусанд агуулагдах хар тугалгыг хэмждэг багаж нь АШУҮИС болон НЭМҮТ дээр нэг нэг бий. Харамсалтай нь, тест нь нийлүүлэгдэхээ байсан. 100 тест байлаа гэхэд 100 хүүхдийн цуснаас дээж авч багажаараа шинжлэх боломжтой байдаг. Гэвч энэхүү хоёр багажийн серийн дугаар нь 1.09 байдаг. Гэтэл 1.11 болон түүнээс хойшхи серьтэй багажийн тест нийлүүлэгдэхээ больсон байна. Хоёр багажийн серь хуучирсан учраас ингээд ашиглагдах боломжгүй, шинээр авах хэрэгтэй. Цуснаас дээж аваад хүнд металын шинжилгээ өгч болно л доо. ICP гээд суурилагдсан багажтай компаниуд бий. Гэвч энэ нь үнэтэйгээс гадна олон нийтийг хамарч чадахгүй. 
-Цусан дахь хар тугалгын хэмжээ их байснаар хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй вэ? 
-Хүүхдийн сэтгэн бодох чадвар, ой ухаан, танин мэдэхүйн чадвар, орчин тойронтойгоо харилцах чадварт сөргөөр нөлөөлнө. Сүүлийн үед аутизмтай хүүхэд нэмэгдээд байгаа нь үүнтэй холбоотой. Аутизмын эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Зан үйлийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Үеийнхэнтэйгээ тоглохгүй байх, өөртөө итгэлгүй болох, зожигрох шинж тэмдэг илэрч байгааг АШУҮИС-ийн багш Э.Эрдэнэчимэг судалсан байсан.  
Мөн сурах чадварт нөлөөлнө. Сайн багштай байсан ч хүүхэд хар тугалгад өртсөн бол хичээсэн ч яг байгаагаараа л байна. АНУ-д жишээлбэл, хүүхдийг сургуульд авахдаа эцэг эхчүүдээс нь хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжийг шаарддаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд тань ийм байгаад багш нарын буруу биш шүү, хүүхэд чинь хар тугалгад өртсөн учраас хичээл сурлага нь муу байна аа гэдэг. Хар тугалгад өртөх нь удаан хугацаанд үргэлжилбэл мэдрэлийн эмгэг үүсгэж эхэлнэ. Тодруулбал, тархины эмгэг, нуруу нугасны эмгэг, саажилт зэрэг илэрнэ.  
Цусан дахь хар тугалгын хэмжээ 5 мкг/дл-ээс илүү гарахаараа оюун ухаанд нь нөлөөлөөд эхэлж байна гэж АНУ-ын CDC-ээс мэдээлдэг байсан. Гэвч үүнийг АНУ-ын CDC-ээс 3.5 болгон буурууллаа л даа. Энэ нь цусан дахь хар тугалгын хэмжээ аль болох л бага, бараг байхгүй хэмжээнд байх ёстойг илэрхийлж буй юм.  
-Жирэмсэн эхчүүд хар тугалгад өртөмхий байдаг гэж та ярианыхаа эхэнд хэлсэн. Тэгэхээр хар тугалга урагт нөлөөлдөг гэсэн үг үү? 
-PM 2.5 тоосонцор нь ургийн эхэсийг нэвтрэх боломжтой. Тийм л жижигхэн тоос учраас агаарын бохирдлоор амьсгалсан тохиолдолд ургийн эхэсийг нэвтлээд урагт нөлөөлнө. Амьсгалж буй PM 2.5 тоосонцор дээр хар тугалга наалдсан тохиолдолд хүүхэд төрөөгүй байхдаа л хар тугалгад өртөнө гэсэн үг. Яг энэ талаарх судалгааг хийсэн байдаг. Жирэмсэн эх агаарын бохирдлоор амьсгалж байгаад төрүүлсэн хүүхдийн IQ оноо нь хэвийн төрсөн хүүхдээс 2-3 оноогоор буурсан байсан.  
-Хүүхдийнхээ цусан дахь хар тугалгын хэмжээг багасгахын тулд ямар арга хэмжээ авах вэ?  
-Энэ их асуудал болоод байна. Манай улс хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ тэд байна гэсэн лавламж хэмжээгээ гаргаагүй байгаа юм. 3.5 мкг/дл гэдэг бол АНУ-ын лавламж хэмжээ. Манай иргэд тэднээс өөр орчинд амьдарч, өөр хоол хүнс хэрэглэдэг учир энэ лавламж хэмжээ 5-6 мкг/дл гарахыг үгүйсгэхгүй. Лавламж хэмжээг гаргаснаар ямар хэмжээг хэвийн гэж үзэх вэ, ямрыг нь их байна гэж үзэх вэ гэдгээ мэддэг болно гэсэн үг.  
-Ер нь цуснаас арилдаг юм болов уу? 
-Хагас задралын хугацааг 14-30 хоног гэж үздэг. 14-30 хоног цусаар эргэлдээд эсвэл нэг газар хуримтлагдаад тал нь л биеэс гадагшилна. 
Хар тугалгаас хамгаалахын тулд PM 2.5 тоосонцрыг шүүдэг агаар шүүгчтэй болох хэрэгтэй. Ялангуяа өвөл. Ингэснээр ядаж л амьсгалын замаар хүүхдийн цусанд хар тугалга орох эрсдэлийг бууруулна. Энэ бол гэртээ хэрэгжүүлэх арга. Гадуур явахдаа PM 2.5 тоосонцроос хамгаалдаг N95 маскийг зүүнэ. Сургуулиуд дээрх агаар шүүгчийн филтерийг тогтмол солих. Хүүхэддээ тоглоом авч өгөхдөө хаана үйлдвэрлэсэн, ямар тоглоом бэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Тоглоомын будаг амархан халцарч байна уу гэдгийг харах ёстой. Тоглоом будагтай, гялтганасан байх тусмаа хар тугалга агуулж байна гэсэн үг. Үүнээс татгалзах хэрэгтэй. Анги танхимыг будаад үнэр нь үнэртэж л байгаа бол агаарын солилцоо сайн хийж, арилгах. Будганд хүрэлцэж бас өртөх эрсдэлтэй. Эдгээр нь иргэний түвшинд хийх сэргийлэлтүүд юм.  
Засгийн газраас энэ чиглэлд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч байж шийднэ. Тэрнээс биш эцэг эхчүүд дор дороо хичээгээд асуудлыг шийдэж чадахгүй. Засгийн газар хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоогоод таван жилийн хугацаанд, арван жилийн хугацаанд тэдэн функтээр бууруулна гээд зорилт тавиад ажиллах ёстой. Гэвч манай Засгийн газар энэ асуудлыг тоохгүй байгаа нь харамсалтай. 
-Ярилцсанд баярлалаа.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан