Америкт үйлдвэрлэсэн хүүхдийн хоолнууд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй


ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ даяар худалдаалагддаг хүүхдийн хоолнууд хүнд металлын агууламжтай байгааг “Consumer Reports” ашгийн бус байгууллага судалгаагаар тогтоожээ.
АНУ даяар худалдаалагддаг хүүхдийн хоолнуудаас 50 төрлийг сонгон авч судлахад бүгд тодорхой хэмжээний хүнд металлын агууламжтай болох нь тогтоогдсон байна. Хүнд металл гэдэгт кадмиум, тугалга, мөнгөн ус, органик бус хүнцэл зэрэг бодисууд багтаж байгаа бөгөөд эдгээр нь хүний биед хортойгоос гадна бага насны хүүхдүүдийн сэтгэцийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.
Нярай болон бага насны хүүхэд нь бие эрхтний хувьд жижиг, тархи болон эрхтний тогтолцоо нь дөнгөж хөгжлийн явцдаа байдаг учир маш эмзэг бөгөөд тэдний бие организмын хүнд металлыг шингээн авах чадвар нь насанд хүрсэн хүнийхээс илүү байдаг гэж “Consumer Reports” ашгийн бус байгууллагын Хүнсний аюулгүй байдлын судалгаа, туршилтын газрын дарга Жеймс Рожерс хэллээ.
Туршилтад хамруулсан хүүхдийн хоолнуудын 68 хувь нь ямар нэг төрлийн хүнд металлын агууламжтай байна. Тэдгээрийн 30 хувь нь өдөрт нэг болон түүнээс дээш удаагийн хэрэглээгээр эрүүл мэндийн хувьд эрсдэл үүсгэх боломжтой байсныг судалгаагаар тогтоожээ.
Гэвч хүнд металл эрүүл мэндэд шууд нөлөөлөхгүй ч гэсэн цаашдаа сөрөг нөлөө үзүүлэх боломжтой юм гэдгийг энэ судалгаа илтгэж байна.
Хүүхдийн сериал буюу өглөөний хоол, дарсан ногоо, савласан ундаа, жигнэмэг, хүүхдийн зууш зэргийг судалгаанд хамруулжээ. Эдгээрийн дийлэнх нь АНУ-ын хамгийн том хүүхдийн хоол үйлдвэрлэгч “Gerber” болон “Beech-Nut” компанийн бүтээгдэхүүнүүд байжээ.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд тэр дундаа, Байгаль орчныг хамгаалах сан уг асуудалтай холбогдуулан, АНУ-ын холбогдох байгууллагуудыг энэхүү судалгаанд үндэслэн ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгджээ.
 
 
Д.НямтулгаЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан