Сүүлийн үед коронавирусний халдварын тоо өсөж байгаа тул 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа салбар зөвлөл, бусад төрийн бус байгууллагуудын саналыг авч гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 5-11 насны 531 мянган хүүхэд бий. Тус вакцинжуулалтын ажил өчигдрөөс дархлаажуулалтын цэгүүд дээр хийж эхлээд байна. Дархлаажуулалтын үйл явц болон иргэдийн байр суурь ямар байгаа талаар өдрийн сурвалжилга бэлтгэлээ.
“ХҮҮХДЭДЭЭ ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ, ЭРГҮҮ БОЛСНООС ЭРДЭМГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР”
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт өдөр дундын үед очив. Тус эмнэлэг нь 19 хорооны 136,891 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Биднийг очиход хүлээн авах нь сул суудал байхгүй, цаг авахаар дараалал болж байлаа. Эмнэлэгт үйлчлүүлж буй хүмүүс бүгд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа ягштал баримталж байв. Дархлаажуулалтын цэгийн үүдэнд очвол нэг ч хүнгүй байсан юм.
Тус эмнэлгийн Вакцинжуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэтуяагаас хүүхдүүдийн хамрагдалт ямар байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас бидэнд аюулгүй дархлаажуулалт, вакцины заавар зөвлөгөө, найруулах, тарих арга техникийн сургалт орсон. Одоогийн байдлаар нэг ч том хүн, хүүхэд ирж вакцин хийлгээгүй байна. Сайн дурын үндсэн дээр хийлгэх болохоор айл, өрх бүрээр цаас барьж хийлгэх үү, хийлгэхгүй юу гэдгийг асуухгүй. Зөвхөн эмнэлэг дээр ирсэн хүүхдүүдээр асуумж бөглүүлээд, асран хамгаалагч нь гарын үсэг зурсны үндсэн дээр коронавирусний эсрэг вакцин хийнэ. Коронавирусний эсрэг вакцин хийлгээд 30-аас дээш хоног болсон бол өөр ямар ч төрлийн вакцин хийлгэхэд гаж нөлөө, сөрөг үр дагавар байхгүй. Тиймээс 10 дугаар сард томуугийн эсрэг вакцин хийлгэж болно гэсэн үг” гэлээ.
Өнөөдрийн байдлаар бүртгэгдэж буй нийт коронавируст халдварын 20 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байгаа юм. Үүний дотор 5-11 насныхан 40 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Хүүхдийг хүнд хэлбэрийн коронавирусний өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлэхэд вакцин гол үүрэгтэй аж.
Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ аль болох сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдахыг эмч нар зөвлөж байгаа юм. Иргэн Ж.Солонгоос хүүхдэдээ вакцин хийлгэх талаар тодруулбал “Хэзээ ч хийлгэхгүй. Эргүү болсноос эрдэмгүй байсан нь дээр. Гэхдээ хүүхэд маань сурч боловсрох эрхтэй. Энэ вакцин нь цус өтгөрүүлж, өвддөггүй байсан эрхтэн өвдөж байна. одоо нялх хүүхдүүддээ юу бодож хор шахуулах билээ” гэсэн юм.
5-11 НАСНЫ ХҮҮХДЭД 21 ХОНОГИЙН ЗАЙТАЙ ХОЁР УДАА ВАКЦИН ХИЙНЭ
Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөлийн саналд тулгуурлан цар тахлын дараагийн давлагааны эрсдэлээс сэргийлж 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Гэхдээ энэхүү дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдээ коронавирусний эсрэг вакцинд хамруулах эсэхийг шийдэх аж.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Цар тахлын Омикрон хувилбарын дараагийн давлагаа эхэлсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр Омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар нийт тохиолдлын 10 орчим хувьд илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. "Pfizer-BioNTech" вакциныг АНУ тэргүүтэй зарим оронд зургаан сараас дээш насны хүмүүст тарьж байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас вакцины найдвартай байдалд баталгаа өгсөн. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна” гэсэн юм.
5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийх аж. Монгол Улс "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа юм.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар долоодугаар сарын сорьцод Омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой байгаа. 5-11 насныхан болон 12-17 насныханд бас дархлаажуулалт хийх сайдын тушаал шийдвэрийг гаргахдаа олон улсад хийж буй вакцинжуулалтын үр дүн, олон улсын судалгаа шинжилгээний үр дүнг харгалзсан. Мөн Монголын дотоодын судалгааны үр дүн, олон улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөл, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдийн шийдвэр гэх мэт маш олон шат дамжлагыг дамжин баталдаг эрх зүйн акт юм” гэжээ. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна гэсэн судалгаа гарчээ. Улсын хэмжээнд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд өвчтөн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байгаа юм.
Г.ТУЛГА: ХҮҮХДЭД ГАЖ НӨЛӨӨ ИЛЭРВЭЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс өчигдөр Сүхбаатарын талбайд хүүхдэд вакцин хийхийг эсэргүүцэж, жагсаал хийж байр сууриа илэрхийллээ.
Тусгаар тогтнол хөдөлгөөний гишүүн С.Чимгээ “Засгийн газар, УОК, ЭМЯ-нд удаа дараа вакциныг зогсоох шаардлага хүргүүлсэн байдаг. Шинжлэх ухаанаар батлагдаагүй вакциныг хоморголон тарьж байгаа нь Монгол Улс цаашид оршин тогтнох уу үгүй юу гэсэн асуудал гарч байна. Наймдугаар сарын 31-ний дотор Монголд байгаа ДЭМБ-ыг гаргахыг шаардаж байна. ДЭМБ бол Монгол Улсын Засгийн газар, УОК, ЭМЯ-ыг өөрсдийн гар хөлөө болгон хөдөлгөж байгаа энэ байгууллагатай эхний ээлжид тайван замаар, цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжиж жагсаал хийнэ” гэсэн юм.
Мөн Тусгаар тогтнол хөдөлгөөний тэргүүн Г.Тулгаас хүүхдэд хийх вакциныг шинжлэх ухааны ямар үндэслэлтэйгээр эсэргүүцэж байгааг тодрууллаа.
Тэрбээр “Нэгдүгээрт, “Оном сан”-гийн эрдэмтэн судлаач Д.Наранбаатар шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хятад вакцин сайн гэж ярьж, олон хүнд вакцин тариулсан. Харин дараа нь вакцин хийлгэсэн хүмүүсийн 70 хувьд дархлаа тогтоогүй байна гэдэг зүйл яриад эхэлсэн. Хүний дархлааг сайжруулахгүйгээр вакцин тарина гэдэг чинь асуудалтай. Хоёрдугаарт, коронавирусний дөрвөн давлагаа үргэлжлэхэд хүүхдүүд харьцангуй бага өвдсөн. Хүүхдүүдийн дархлаа сайн байхад вакцин тарих ямар ч шаардлагагүй. Вакцинаас болж иргэдэд гаж нөлөө илрэх юм бол гадны улс орнууд тэтгэмж өгч байхад харин манайд тийм хууль байхгүй. Энэ тариа хаанаас яаж гарч ирж байгааг эцэг, эхчүүд мэдэхгүй. Хэдий эцэг, эхийн сонголтод суурилж вакцин хийгдэх ч гаж нөлөө илэрвэл хэн хариуцлага хүлээх вэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улс өнөөдрийн байдлаар I тунд 2,273,927 иргэн, II тунд 2,177,304 иргэн хамрагджээ. Вакцинжуулалтаараа дэлхийд эхний таван байрт жагсаж байгаа аж.
Эх сурвалж: Өглөөний сонин