Манай улс хоёрдугаар сараас эхлэн "КОВИД-19" цар тахлын эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Улмаар гурав, дөрөвдүгээр сард иргэд I, II myнд эрчимтэй хамрагдаж, дархлаажуулалтын цэгүүд иргэдийн дараалалд дарагдаж байв. Харин тавдугаар сараас иргэдийн идэвхи буурч, энэ хэмнэлээрээ зуны гурван сарыг өнгөрөөж, III тунтай золгосон. Тэгвэл одоо дархлаажуулалтын цэгүүд эзгүйрчээ. Бид хэд хэдэн дархлаажуулалтын цэгээр орж, нөхцөл байдлыг сурвалжилсан юм.
-Өдрийн хагаст дөрөвхөн хүн л вакцин хийлгэжээ-
Бид эхлээд Чингэлтэй дүүргийн XII хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд байрлах цэгт очсон. Одоогоос зургаан сарын өмнө энд ирэхэд иргэд урт дараалал үүсгэж, “Хүн хоорондын зай бариарай” гэж эмнэлгийн ажилтан сануулга өгч байсан бол өдгөө хаа нэг үзүүлж, эмчлүүлэх гэсэн, дархлаажуулалтынхаа гуравдугаар тунд хамрагдахаар ирэх хүмүүс зөрөхөөс бусдаар эл, хульхан байв. Ерөөс дархлаажуулалтын цэг эзэнгүйрч, хуучирчээ. Нэгэн цагт энд хүмүүс амь насаа даатгахаар ирдэг байсан бол өдгөө сонирхлоороо, сайн дураараа ирэх хүмүүс л байх аж. Дотогш ортол “Хэддүгээр тундаа хамрагдах гэж байна вэ” гэж үүдэнд зогсох эмнэлгийн ажилтан асуухад нь сурважилгаар яваагаа хэлэхэд, халуунаа хэмжин, гараа ариутгахыг сануулав. Ингээд тус цэгийн эмч Г.Энхчимэгээс тус цэгийн нөхцөл байдлыг тодруулахад “Манайх цэгт хамрагдахаар ирсэн иргэд цөм нэгдүгээр тундаа бүрэн хамрагдсан бөгөөд 80 хувь нь давтан тундаа хамрагдсан. Харин одоогоор III тунгийн хамрагдалт муу байна. Тухайлбал, өнөөдөр гэхэд манай дээр дөрвөн хүн л гуравдугаар тундаа хамрагдахаар ирсэн байна. Иргэдийн вакцины идэвхи буурч, вакцин хийлгэсэн ч халдвар авна гэсэн хандлага их байх шиг. Уг нь вакцин хийлгэвэл халдвар авахад хөнгөн тусаж байгаа юм. Тэр дундаа гуравдугаар тун бол дархлаа бүрэн тогтох вакцин. Энэ вакциныг чинь бид үнэгүй оруулж ирдэггүй шүү дээ. Цөм цаанаа мөнгөний асуудал яригдана. Вакцин олдохгүй орон ч бий шүү” гэв. Вакцинд хамрагдах хүн бага байгаа нь үнэхээр эмчийн зав зайтай байдлаас илт байна. Урьд бол мэдээлэл өгөх ч завгүй, дархлаажуулалтын цэг дээр ажиллах хүн хүрэлцдэггүй байсан бол өдгөө харин хэн ирж вакциндаа хамрагдах бол гэж үүд ширтэх нь холгүй сууна.
-III тун сайн, муу гэх төөрөгдөл иргэдийн идэвхийг сулруулжээ-
Цааш явсаар зургаан буудлын орчим байрлах Сүхбаатар дүүргийн ХIII хорооны дархлаажуулалтын цэгт очив. Мөн л эзэнгүй шахам байх бөгөөд өмнөх цэгийг бодоход гурван ч иргэн вакциндаа хамрагдаад гарч байхтай таарав. Тэдний нэг Б.Ганбат “Гуравдугаар тунгаа хийлгээд гарч байна. Коронавирус тусаж арав хоноод, маргаашнаас ажилдаа явах санаатай. Барилгын ажил хийдэг болохоор одоо улирлаас үүдэн зогсох тийш хандаж байна. Гэхдээ арваннэгдүгээр сар хүртэл ажилтай байгаа. Энэ халдварыг чинь дахиад тусах магадлалтай гэж байна шүү дээ. Иймд эхнээс л хийлгэснийх нэг мөр гурав дахь вакцинаа хийлгэе гээд ирсэн. Хүмүүс янз бүрийн л юм ярьж байна. Одоо тэгээд сайн, муу гэж яриад ч хэрэггүй дээ” гэв. Түүнээс мөн вакцинд хамрагдасны дараа эмчийн зүгээс ямар зөвлөгөө өгч байгааг асуухад "Өмнөх хоёртойгоо адилхан 15 минут ажиглаад, гурав хоног архи, согтууруулах ундаа уухгүй, халуун ногоотой юм идэхгүй” гэсэн гэв. Ямартай ч эмнэлгийн зүгээс журмынхаа дагуу иргэдээ дархлаажуулалтад хамруулж байгаа нь эндээс харагдаж байлаа. Тус цэгийн нөхцөл байдлын талаар Ж.Мөнхжаргал “Манай цэгийн I,II тунгийн хамрагдалт хэвийн үргэлжилж буй. Харьяа харгалзахгүй хүмүүсийг дархлаажуулж байгаа болохоор ирээд, аль вакцинаа хийлгэмээр байна, тэр бүхэнд л үйлчилж байна. Ихэвчлэн хүмүүс хоёр болон гуравдугаар тундаа их хамрагдаж байна. Нэгдүгээр тунгийн хамрагдалт маш цөөн. Огт вакцин хийлгээгүй байж байгаад хийлгэхээр мөн ирж байна. Хоёрдугаар тунгийн хамрагдалт 90 гаруй хувьтай. Гуравдугаар тунгийн хамрагдалт мөн бага байна. Хийлгэхээр ирсэн иргэд “Энэ яг бүрэн дархлаа тоготох уу. Энийг хийлгэвэл ямар хариу урвал үзүүлэх вэ” гэж их асууна. Үнэндээ Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрч, коронавирусийн эсрэг тарилга гээд зөвшөөрсөн бол эргэлдзэх хэрэггүй. Одоогоор манай дээр вакцин хийлгээд янз бүрийн хариу урвал илэрсэн гэсэн хүн хандаагүй. Өмнөх хоёр вакцинд ч тэгэж байсан, одоо ч хэвээр” гэв. Энэ цэгт нэг сувилагч, хоёр эмч, цагдаагийн ажилтан гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байх бөгөөд “Одоо ч тарах дөхөж байна. Хүн ирэхгүй байх” гэж ярих нь сонстоно.
Бидний орсон сүүлийн цэг бол Сүхбаатар дүүргийн ХIV хороо буюу Ерөнхий боловсролын 35 дугаар сургууль. Эл цэг дээрх орчны нөхцөл байдал дээрх хоёр цэгтэй мөн ижил байх бөгөөд эндэхийн эмч, сувилагч яриа өгөхөөс татгалзсан юм. Ийнхүү урт дараалал үүсгэж, зай барихгүй шахам байсан дархлаажуулалтын цэг эзэнгүйдэж, вакцинд хамрагдах гэсэн хүмүүс ганц нэгээр л цувран ирэх болжээ.
https://ergelt.mn/news/125/single/14936