Томуугаас сэргийлэх дархлаажуулалтын аян энэ сарын 1-нд эхэлсэн. Манай улс улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын “Грийн Кросс” үйлдвэрээс хүлээн авсан юм. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт орон нутагт 77.8, нийслэлд 73.3 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, нийслэлийн Налайх дүүрэгт 86.9 хувьтай үргэлжилж байгаа аж.
Томуугийн эсрэг вакцинд нийслэлд зургаан сартайгаас есөн насны хүүхдүүд, аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургууль дээр нь дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулж байна. Харин насанд хүрэгчдийн хувьд дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд болон архаг суурь өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.
Эх сурвалж:www.polit.mn