Монголчуудын дунд нурууны өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Ихэнх хүмүүс дур мэдэн сайн гэсэн эм, наалт зэргийг хэрэглэх, эмчилгээний чулуун ор, дэрэн дээр хэвтэх зэрэг арга хэмжээг авдаг. Мөн нурууны өвдөлтийн шалтгаанаа мэргэжлийн эмчээр үзүүлж тодруулалгүй бариа засалч дээр очиж өөрт тохирохгүй эмчилгээг хийлгэж өвчнөө хүндрүүлэх тохиолдол их гарч байгаа аж.
Өвдөлт дөнгөж эхлэх үед мэргэжлийн эмчид үзүүлж, нурууныхаа зургийг авхуулж өөрийн оношид тохирсон зөв эмчилгээг хийлгэснээр цаг хугацаа болон мөнгөө хэмнэх боломжтой юм. Гэсэн ч улсын эмнэлэгт үзлэгийн цаг олддоггүй, олдсон ч соронзон резонанс аппарат болох MRI оношилгоонд орж өвчнөө тодорхойлуулхын тулд 10-30 хоног цаг авч хүлээх хэрэгтэй болдог. Учир нь манай улсад энэ төхөөрөмж цөөн тоогоор улсын болон хувийн хэдхэн эмнэлэгт л байдаг аж. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд 400000-500000 төгрөгний өртөгтэй үүнийг нь шууд төлөөд эмчилгээ үзлэг хийлгэх санхүүгийн чадамжтай тун хүн ховор.
Нурууны өвчин мэдрэл дарагдалтын талаар мэдрэлийн эмч Х.Энхмандалтай ярилцлаа.
- Нурууны өвчний суурь шалтгаанууд нь юу байдаг вэ ?
-Жил ирэх тусам нурууны өвчлөл залуучуудын дунд ихсээд байна. Энэ нь амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, олон цагийн суугаа ажил хийх, машин барих , таргалалт зэргээс үүдэн нуруунд хэт ачаалал өгөх нь нуруу өвдөх суурь шалтгаан болдог. Нуруу нь хүний биеийн анатомийн тулгуур багана эрхтэн mэр ч утгаараа нуруу нь байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөнд байх шаарлагатай. Хөдөлгөөн багасаж, жин нэмэгдсэнээр шөрмөс, булчингийн хатуурал үүсэж нурууны диск цүлхийж, мэдрэл дарагдах эрсдэл үүсдэг.
- Нуруу суулт өгч, мэдрэлт дарагдсан гэж хүмүүс ярих болжээ. Энэ нь ямар шинж тэмдэг илэрснийг хэлэх вэ?
-Диск гэдэг нь нурууны нугламны хоорондох зөөлөн эд юм. Энэ зөөлөн эд нь нурууг хөдлөхөд ясны хооронд чийргэвч хийх чухал үүрэгтэй, нурууны яс хооронд үрэлт үүсгэхгүй гель хэлбэрийн зөөлөн зүйл байдаг. Диск муруйж, цүлхийж нугалам завсар хавчигдсанаар мэдрэл дарагдах буюу хүчтэй өвдөлт өгдөг. Гэвч, нас явах тусам бүх биеийн ясны зөөлөн эд багасдаг. Зөөлөн байсан диск хатуурч, цүлхийснээр биеийн жингийн ачааллыг дааж чадахгүй болж эхлэдэг. Ингэснээр нурууны ясанд өвдөлт өгч цаашлаад өвдөгөнд нөлөөлж өвдөлтийг үүсгэдэг. Хэрвээ удамшлын дискны өвчлөлттэй бол нас ахих үед дискны өвчлөлт нь улам бүр хурдацтай явагддаг. Нурууны суулт болон мэдрэл дарагдахад үед ачаалалтай хөдөлгөөн хийхэд гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх, өвдөлт хөл рүү дамжих, нурууны хөдөлгөөн хязгаарлагдаж хөших, нуруу муруйх, булчин чангарах, бүсэлхий нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар янгинаж өвдөх шинж тэмдэгүүд илэрдэг.
Нугасны ёзоор дарагдлын үед:
- Дарагдсан ёзоорын бүсэд бадайрч өвдөх
- Мэдрэхүй буурах
- Рефлекс арилна
- Булчин саажина
-Нуруугаа өвдөж эхлэхэд нэн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ ?
-Нуруу өвдөж эхлэхэд дийлэнх хүмүүс эмчид ханддаггүй эм ууж өвдөлтийг нь намдаагаад л яваад байдаг. Энэ нь зөвхөн түр зуурын арга юм. Олон жил ингэж явах нь өвчин нь даамжрах, зайлшгүй хагалгаа хийлгэхээс өөр аргагүйд хүргэдэг. Мэдрэлийн ёзоор дарагдаж эсвэл бэртэл авч сэдэрсэн тохиолдолд л ирэх нь элбэг байна. Тиймээс бага дээр нь мэргэжлийн эмчид үзүүлж, нурууныхаа зургийг авхуулж өөрт тохирсон эмийн болон тариан эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
-Уламжлалт эмчилгээ болох бариа засал хийлгэснээр нуруу бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Нурууны хоёр талын шулуун булчин чангараад чилэлт өгөөд ирэхээрээ булчин чангарлын хөшилт өгч чинэрч өвддөг. Үүнээс үүдэж нурууны булчинг суллаж өгөх, нурууны хэсгийн цусан хангамжийг сайжруулах, хөшингө байдлыг арилгах зорилгоор бариа хийдэг. Энэ нь тодорхой хэмжээний үр дүн өгдөг.
-Буруу бариа хийлгэсэнд тохиолдолд яах вэ ?
-Бариа засалч дээр очихоосоо өмнө эхлээд мэргэжлийн үзүүлж нуруу өвдөж буй шалтгаанаа тодруулах хэрэгтэй. Буруу бариа хийлгэсэн тохиолдолд гэмтэл авах магадлал өндөр байдаг. Настай, ясны сийрэгжилттэй хүнийг хүчтэй дарж барих, мэдрэл дарагдалтай хүн хамаагүй бариа хийх, блок гаргах зэрэг нь эрсдэлтэй.
-Иргэд ихэвчлэн өвдөхдөө наалт хэрэглэх элдэв эм уух нь ажиглагддаг. Энэ нь ямар үр дагаварт хүргэх вэ ?
-Өвчлөл хүндрээгүй цөөн тохиолдолд үр дүн өгдөг ч өвчинг улам хүндрүүлэх суурь шалтгаан болж өгдөг. Буруу эмчилгээ хийж явсаар хагалгаанд орохоос өөр аргагүйд хүргээд ирдэг хүмүүс цөөнгүй байдаг.
-Нурууны өвчлөлтийн талаар статистик байдаг уу?
-Нурууны өвчингүй хүн гэж бараг байхгүй болоод байна. Нарийн тоо баримт одоогоор байхгүй. Хамгийн өндөр тархалттай өвчлөлийн тоонд ордог. Жил ирэх тусам залуужиж арван жилийн хүүхэд хүртэл энэ өвчллд өртөж байна.