Ногоон жимс нь хлорофилл болон антиоксидантаар баялаг тул ноцтой өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Хлорофилл бол ургамлыг ногоон харагдуулдаг пигмент юм. Хлорофилл нь ургамалд нарны гэрэл, ус, нүүрстөрөгчийн давхар исэл гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгийг ашиглан фотосинтезийн явцад хоол хүнс үйлдвэрлэх боломжийг олгодог. Үүнтэй ижил процессын явцад хүчилтөрөгч нь дайвар бүтээгдэхүүн болж ялгардаг. Хлорофилл болон түүнийг агуулсан ургамал байхгүй бол манай гараг дээрх амьдрал боломжгүй болно.
Та мэдэхгүй байж магадгүй ч хлорофилл нь бие махбод дахь чөлөөт радикалуудтай тэмцэхэд оролцдог антиоксидант юм. Чөлөөт радикалууд нь чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг олон архаг өвчин үүсгэдэг. Тиймээс аливаа антиоксидант, түүний дотор хлорофилл нь ашигтай байдаг.
Бидний бие чөлөөт радикалуудаас хамгаалахын тулд антиоксидант үүсгэдэг. Гэхдээ антиоксидантууд нь бидний хоол хүнс, ялангуяа жимс, хүнсний ногоо зэрэг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд бас байдаг. 20-р зууны хоёрдугаар хагаст хлорофиллын гоо сайхны салбар дахь ашиг тус, түүнчлэн хүнсний нэмэлтийн талаар олон тооны судалгаа нийтлэгдсэн.
Хлорофилийг нэмэлт тэжээл болгон хэрэглэснээр амны эвгүй үнэрийг арилгах боломжтой гэж үздэг. Сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хлорофилл агуулсан бүтээгдэхүүн нь батга, өтгөн хатах, гэдэс дүүрэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, арьсыг залуужуулах, шархыг эдгээхэд ашигтай болохыг нотолсон.
Хлорофилл нь үрэвслийн эсрэг болон антиоксидант нөлөөтэй болохыг судалгаагаар нотолсон. Гэсэн хэдий ч хэрэглэхэд тохиромжтой "шингэн хлорофилл" нь үнэндээ хлорофилл биш юм. Зах зээл дээр хүнсний нэмэлт болгон олж болох эдгээр дуслууд нь хлорофиллоос гаргаж авсан хагас синтетик бодис болох хлорофиллин юм. Хлорфиллин бэлдмэлийн гаж нөлөөний хувьд, жишээлбэл, хоол боловсруулах эрхтний асуудал, суулгалт, өтгөний өнгө өөрчлөгдөх, загатнах гэх мэт байдаг.
Хлорофиллыг байгалийн хэлбэрээр, өөрөөр хэлбэл ногоон навчит хүнсний ногоо хэлбэрээр хэрэглэх, ногоон смүүти, жүүс бэлтгэх нь түгээмэл байна. Мэдээжийн хэрэг, энэхүү ногоон пигмент ба антиоксидант нь бууцай, байцаа, цэцэгт байцаа, Брюссель байцай, ногоон шош, вандуй, байцаагаар хийсэн салатанд илүү сайн шингэсэн байдаг. Мөн яншуй, селөдерей зэрэгт хлорофилл их байдаг.
Дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь шим тэжээл, эрдэс бодис, витамин, эслэгээр баялаг бөгөөд эрүүл хооллолтын үндэс болдог нь ойлгомжтой. Ногоог шүдээрээ зажилж идэх нь илүү сайн. Учир нь смүүти болгож бяцалсан ногооны бүтэц нь алдагддаг.
З.БатцэцэгЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин