Хүнсэндээ цагаан мөөг тогтмол хэрэглэх нь залуу насаа удаан хадгалж үлдэхэд тустай. Яагаад гэвэл мөөгөнд хөгшрөлтийг удаашруулагч хоёр төрлийн антиоксидант агуулагддаг гэж АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Судалгааны үр дүнг Пенсильвани мужийн их сургуулийн сайтад тавьсан байна.
Судлаачдын тогтоосноор мөөгөнд эрготионеин, глутатионы антиоксидантууд ихээр агуулагддаг байна. Эдгээр бодис нь чөлөөт радикалын исэлдлийн урвалын үр дүнд эс гэмтэж, исэлдэх стресс үүсэх таагүй үр дүнг саармагжуулдаг байна.
“Чөлөөт радикалуудын онол хөгшрөлтөд нөлөөлдөг гэсэн онол аль эртнээс гарсан. Энэ нь бие махбодод хүнс исэлдсэний үр дүнд чөлөөт радикалууд үүсдэг, тэдгээрийн олонх нь хортой гэж үздэг” хэмээн Пенсильвани мужийн их сургуулийн профессор Роберт Билмэн мэдэгджээ. Чөлөөт радикалуудаас болж зүрх судасны ишеми өвчин, Альцгеймерийн өвчин, хорт хавдар зэрэг өвчлөл үүсэх эрсдэл нэмэгддэг гэж тэр мөн хэлжээ.
Эрготионеин, глутатион зэрэг антиоксидантууд нь төрөл бүрийн мөөгөнд янз бүрийн хэмжээтэй агуулагддаг. Харин цагаан мөөгөнд илүү их байдаг гэнэ.