"13А маягтыг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага руу бичиж илгээх зөрчил их гарч байна"



АМ-13А маягтыг зөвхөн анхан шатны эрүүл мэндийн байгууллага олгох зохицуулалттай байтал аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага руу уг маягтыг бичиж, үйлчлүүлэгч шилжүүлэх зөрчил ихээр илрэх болжээ. 
Иймд Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг анхааруулж байгаа бөгөөд цаашид дээрх зөрчил илэрсэн тохиолдолд чанар, төлбөрийн хяналтын шалгуурын дагуу санхүүжилтийг хасаж тооцохыг мэдэгдэв. 

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/813 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн байгууллага болон шатлал хооронд үйлчлүүлэгчийг шилжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлэгч илгээх, буцаан хүлээн авах, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага хооронд үйлчлүүлэгч илгээх, эргэх холбоо тогтоох харилцааг зохицуулахаар заажээ. 

Уг журмын зорилго нь тусламж, үйлчилгээг зохистой шатлалд нь үзүүлэх, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, оношилгоо, шинжилгээний давхардлыг арилгах бөгөөд анхан шатлалд оношлох, эмчлэх боломжтой тохиолдлыг лавлагаа шатлал руу шилжүүлэхээс зайлсхийх замаар лавлагаа шатлалын ажлын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлах аж.
Анхан шатны эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгчийг “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас АМ-13А маягт”-ыг бүрэн бөглөж илгээх ба лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага нь тусламж, үйлчилгээ үзүүлсний дараа “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас АМ-13Б маягт”-ыг бөглөж үйлчлүүлэгчийг илгээсэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад илгээхээр журамд тусгасан байна. 

Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “эмнэлгийн тусламж, тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна.” гэж заасны дагуу эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвар бүхий эрүүл мэндийн байгууллага нь өөрийн хүчин чадлын хүрээнд эмчлэх боломжгүй өвчтөнийг улсын болон бүсийн хэмжээнд төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага руу “Эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн маягт АМ-13В” маягтын дагуу илгээх зохицуулалттай хэмээн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан