“Pfizer-BioNTech”-ийн вакцины нэмэлт тун 5-11 насны хүүхдүүдийг хамгаалж байна


Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тун 5-11 насны эрүүл хүүхдүүдийг коронавирусний “омикрон” хувилбараас үр дүнтэй хамгаалж байгааг туршилтаар тогтоосон талаар компаниуд пүрэв гарагт мэдэгджээ. Энэхүү туршилтаар “COVID-19”-ийн вакцины хоёр тунг хийлгэснээс хойш ойролцоогоор зургаан сарын дараа нэмэлт тунг тариулсан 5-11 насны 140 хүүхдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд бүх хүүхдэд хамгаалалтын түвшин нэмэгдсэн бөгөөд 30 хүүхдэд “омикрон”-ыг саармагжуулах эсрэг биетүүд хоёр тунг хийлгэсэн хүүхдүүдийнхээс 36 дахин өссөн байна.

Компаниудын мэдээлснээр, 12-оос доош насны 10 мянга гаруй хүүхдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаар вакцины аюулгүй байдалтай холбоотой шинэ асуудал ажиглагдаагүй байна. Эдгээр судалгааг анагаах ухааны сэтгүүлд хараахан нийтлээгүй байгаагаас гадна хөндлөнгийн судлаачдаар хянан нягтлуулаагүй байгаа ажээ.

“Pfizer-BioNTech” АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ 5-11 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулахыг яаралтай журмаар зөвшөөрөх хүсэлтийг ойрын өдрүүдэд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид Европын Эмийн агентлаг тэргүүтэй бусад байгууллагуудаac зөвшөөрөл хүсэхээр төлөвлөжээ. Энэ оны эхээр Хүнс, эмийн чанарын хяналтын газар “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг 12-15 насны хүүхдүүдэд, мөн дархлаа султай 5-11 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн юм. Үүнээс гадна 50 болон түүнээс дээш насны иргэдэд хоёр дахь нэмэлт тун буюу дөрөвдүгээр тунг тарих зөвшөөрлийг мөн олгоод байна.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан