Хил дээр ачаа бараа гацсанаас эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдах болоод удаж байна. Үүнээс үүдэж, өвчнийхөө эсрэг өдөр тутам эм тариа хэрэглэдэг иргэд, тэдний ар гэрт хүндхэн асуудал нүүрлээд байна.
Тухайлбал, улсын хэмжээнд гемодиализын аппаратын магистрал гуурс, шингэн тасалдаж, эмчилгээнд орох нэн шаардлагатай өвчтөнүүдийн зарим нь өдрөө хүлээж буй хэцүү нөхцөл байдал үүссэн. Мөн ханиад томууны улирал оргилдоо хүрсэн цагаас эхлэн нөөц нь багассан, өргөн хэрэглэгддэг ханиадны эм ч олдохоо байж.
ГЕМОДИАЛИЗЫН АППАРАТЫН ГУУРС ОРЖ ИРСЭН ГЭХ БОЛОВЧ ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА
Улсын болон хувийн аль ч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд гаднаас байнга эм, тариа оруулж ирнэ. Мөн тэдгээр эм нь эмийн сангуудаар олдохгүй маш их эрэл хайгуул хийсний хүчинд ганц, хоёр ширхгийг авч байна. Тиймээс ийм замаар эм авч, эмчилгээгээ хийлгэж буй дүр зураг эмнэлгүүдээр элбэг болжээ.
Ар гэрийнхэн нь өвчиндөө шаналж буй нэгнээ асрахын тулд хэрэгтэй гэсэн эмийг нь өндөр үнээр дамлан зарах хувь хүнээс авах гэсэн ганц сонголттой нүүр тулж байна. Сэхээнд орсон, биеийн байдал нь хүндэрсэн хүнээ эдгээх гэж сэтгэл санааны хүнд байдалд байгаа тэдэнд гадуур эм, тариа хайж олсон хэдэн төгрөгөөрөө хөөрөгдүүлсэн үнээр эм авах нь хэцүү байгааг нуухгүй байсан юм.
Хилээр орж ирэх бүх төрлийн ачаа тээвэр гацаж буйг улс даяараа мэдэхийн дээдээр мэдэж буй ч нэн түрүүнд эм, эмнэлгийн хэрэгслээ шуурхай оруулж ирж, тэгш хуваарилахгүй бол эмийн далд бизнесийг хөгжүүлэх нэг үндэс болжээ. Үүний сүүдэрт хүнд өвчтөнүүдийн бие өдрөөс өдөрт улам дордож байна. Өвчинтэйгээ тэмцэж буй олон иргэнээс тодруулахад дан ганц диализын аппаратын гуурс гэлтгүй дусал хийх натри хүртэл хомстож эмийн сангуудаар олдохгүй байгааг хэллээ.
Иргэн Б бөөрний дутагдал гэсэн оноштой 70 гарсан настай аавыгаа ’’Улаанбаатар Сонгдо’’ эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Бөөрний дутагдал гэсэн оноштой хүмүүс гемодиализын аппаратад хүнд хөнгөнөөсөө шалтгаалан долоо хоногт нэгээс гурван удаа орох заалттай гэнэ. Гэвч энэ сарын нэгнээс эхлэн аппаратад залгах гуурс олдохоо байжээ. Нөөц нь багассан эмийн хэрэгслийг урагшаа захьсан боловч Эрээн-Замын-Үүд боомт дээр ачаа тээвэр гацсан гэх.
Тиймээс эмнэлэг, эмийн санд дууссан гуурсыг хувийн нөөцдөө цөөн тоогоор авч үлдсэн хувь хүнээс бага багаар авсаар 20-иод хоносон гэв. Аппаратад залгах гуурс гадуур олдохоо байснаас хойш ширхгийг нь хувь хүний гар дээрээс 120 мянган төгрөгөөр авч байгааг нуусангүй. Мөн Кальци ацитат, Фозил, Герман альбумин уураг гэх мэт бөөрний өвчтэй иргэд өдөр тутам хэрэглэх ёстой эмүүд олдохгүй байгаа гэнэ.Түүнчлэн манай улсад диализын аппаратад тогтмол ордог 1200 шахам өвчтөн бий. Тэдэнд 48 эмнэлгийн байгууллага 243 аппаратаар үйлчилдэг. Жилээс жилд бөөрний дутагдлаар оношлогдох хүмүүс ихэсч үүний хэрээр хэдэн аппаратынх нь ачаалал өсч байгаа.
Тус өвчнөөр өвчилсөн иргэд өөрсдөө нэгдэн ТББ хүртэл байгуулж байж хүртээмжийг нь нэмэгдүүлсэн боловч цар тахлын хязгаарлалт, ачаа тээврийн асуудлаас болж гуурс нь тасалджээ. Улсын хэмжээнд тасалдал үүссэн энэ хэдэн өдөрт хэчнээн өвчтөн хордлогод орж өвчин нь хүндэрснийг төсөөлөхөд бэрх байна.
БӨӨРНИЙ ӨВЧТЭЙ ХҮҮХДҮҮДЭД НЭН ШААРДЛАГАТАЙ СИРОПОН ЭМ ТАСАЛДЖЭЭ
Улсын болон дүүргийн эмнэлгийн бөөрний тасгийн эмч нар бөөрний архаг үрэвслээр өвчлөх иргэдийн нас жилээс жилд залуужиж буйг байнга сануулж байгаа. Бөөрний архаг дутагдалд ороход нөлөөлдөг өвчний 30 гаруй хувийг бөөрний түүдгэнцрийн үрэвсэл эзэлдэг байна. Ийм онош сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд ихэссэн нь эмч нарын санааг зовоож байгаа юм. Мөн түүдгэнцрийн үрэвсэл нь онцгой шинж тэмдэг илэрдэггүй, бага зэрэг ядрах зэргээр мэдэгддэг байна. Түүдгэнцрийн үрэвсэл үүсгэдэг гол шалтгаан нь амны эрүүл ахуй бөгөөд 60-70 хувь нь үүнээс шалтгаалдаг байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дээрх оноштой хүүхэд олон буйг нэгэн ээж мэдээлсэн юм.
Иргэн Б-ийн хүү тус эмнэлэгт дээрх оноштойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хүүгийнх нь онош бөөрний дутагдал арай биш учир эмийн эмчилгээ хийлгэх болжээ. Гэвч эмнэлгээс бичиж өгсөн Циклоспорин гэх сироп хэлбэрийн эм тасалдаад нэлээд хэдэн сар болсон байна. Тус эмийг ийм оноштой хүүхдүүд өдөр бүр тасралтгүй бүтэн жил уух ёстой аж. Гэвч улсын хэмжээнд энэ эмийг шахмал хэлбэрээр нь л оруулж ирдэг тул сироп хэлбэрээр нь өдөр бүр уух ёстой хүүхдүүдийн эцэг эх хувиараа оруулж ирдэг ганц хүнээс өндөр үнээр авдаг байна.
Мөн тус эмийн нэг сарын хэрэглээ нь 220 мянга хүрдэг гэв. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад Циклоспорин шахмал хэлбэрээр байх бөгөөд сиропон хэлбэр нь алга байв. Шахмал эм нь 3000-5800 төгрөгийн хооронд зарагддаг ба үнийг нь бодож үзсэн ч сироп хэлбэр нь даатгалын хөнгөлөлтөд хамрагдах нэн шаардлагатай харагдана.
ДАН ГАНЦ ХАНИАДНЫ ЭМ БУС БУСАД ТӨРЛИЙН ЭМНҮҮДИЙН ОЛДОЦ БАГАСЧЭЭ
Тархины цус харвалтын дараах эмчилгээнд судас тэлэх зорилгоор ашигладаг Нимотоп хэмээх шахмал эм тасраад хагас сарын нүүрийг үзээд байна. Эмийн сан, эм худалдаалах цахим бүлгэмүүдээр тус эмийн 30 мг-тайг хайсан хүмүүс дүүрчээ. Хэвтэрт байгаа өвчтөний ар гэрийнхэн аргаа барахдаа хувь хүний гар дээрээс зарагдаж буй эм хайх боловч хугацаа нь нэгдүгээр сарын 22-нд дууссан нь олдсон талаар дурдлаа. Мөн барийн сульфат, флумексин гэх хүүхдэд зориулсан ханиадны эм, пропонал, фуросомед, омник зэрэг дурдаад байвал олон төрлийн эм удаан хугацаагаар тасарчээ.
Ханиад томуу хүрсэн хүүхдэд хамгийн түгээмэл өгдөг эм бол флемоксин солютаб гэдгийг өрхийн эмнэлгийн эмч нар онцолж байлаа. Тэгвэл тус эмийн 250 мг-тай нь олдохгүй байгаа тул ижил төстэй эмээр орлуулах болсон гэнэ.
Дээр дурдсанчлан тасалдаад удсан диализын аппаратын гуурс урд хилээр орж ирснийг ачаа тээврийн ’’Гоо-Уул транс’’ компани мэдэгдсэн. Магистрал гуурс орж ирээд дөрвөөс тав хоносон гэх боловч түгээлт хийх үүрэгтэй эм, эмнэлгийн хэрэгслийн төвүүд дээр очоод гацсан дүр зураглал бий болжээ.
Харин эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас лавлахад ’’Гемодиалазын аппаратын гуурс ирээд дөрвөөс тав хоносон. Эмнэлгүүд рүү түгээгдэж дууссан. Өөр төрлийн дуслын шингэн болон гуурс тасалдсан зүйл эмнэлгүүдэд байхгүй’’ гэв. Гэвч хөдөө орон нутагт одоо хүртэл аппаратын гуурс очоогүй бөгөөд тэндхийн иргэд хотод ирж эмчилгээндээ орж байгаа юм.
Хэнтий аймагт диализын аппаратын гуурс, шингэн дууссан тул эмчилгээнд орох шаардлагатай иргэд нийслэлийн хувийн эмнэлгүүдийг зорих болжээ. ’’Люкс мед’’ хэмээх хувийн эмнэлэгт магистрал гуурсны нөөц байгаа тул орон нутгаас ирсэн хүмүүс тэнд эмчлүүлээд буцаж байгаа аж. Тус эмнэлгийн хүчин чадал улсын хэмжээнд байх 1200 шахам хүний хаана ч хүрэхгүй нь тодорхой. Тиймээс гуурс олдохгүй үед ихэнх хүмүүс эмчилгээндээ орж чадалгүй хаалганы гадна үлдэх болжээ.
Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг боловч ачаа тээврийн асуудлаас болж хувиасаа өндөр зардал гаргах болсон нь энэ аж. Цаашид ч цаг үеийн олон шалтгаанаар хил гааль дээр ачаа тээвэр гацах эрсдэлтэй. Харин үүнийг мэдэж байх учиртай салбарын яам, агентлагууд зохицуулалтын ажлаа сайн хиймээр байна. Цаг үе хүнд, ачаа тээврийн асуудал чанга байгаа ч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа бараагаа юун түрүүнд татдаг болмоор байна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН