
Эрүүл мэндийн сайд аа, иргэдийн эрүүл мэндийг хамгаал гэхээр татварын мөнгөөр туйлдаг байдлыг хэзээ таслан зогсоох вэ.
Учир нь шинэхэн агентлаг хүртэл сардаа 30 сая төгрөгийн түрээс төлж, татвар төлөгчдийн мөнгийг юман чинээ бодохгүй цацаж буйд юм.
Түүний нэг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар. Тус газрыг Засгийн газар 2020 оны 12 дугаар сард байгуулж, орон тоог 80 хүнтэй байхаар тогтсон бөгөөд өдгөө 9 газар, хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Гол зорилго нь иргэн бүрийг, чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангаж, амьдралын чанарыг сайжруулах. Гэтэл эмийн чанар, аюулгүй байдалд анхаарахаас илүү өөрсдийн ая тухыг чухалчилдаг байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хотын төвийн А бүсэд Юу Би Эйч /UBH/ Бюлдингийн 8 давхарт байрладаг бөгөөд сардаа түрээсийн төлбөрт 30 сая төгрөг төлдөг аж.
Эргээд харвал байгуулагдсан цагаасаа буюу яг 1 жилийн хугацаанд 360 сая төгрөгийг түрээсийн төлбөрт өгчээ.

Мэдээж төр өөрийн өмчийн барилга, байшин гэх зүйлгүй шахам учраас түрээсийн оффис ашиглах нь гарцаагүй. Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн байгууллага хамгийн өртөг өндөртэй бүсэд өндөр түрээс төлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ.
Хэрвээ хувийн аж ахуйн нэгж байсан бол сардаа 30 сая төгрөг төлөхгүй л болов уу. Татвар төлөгчдийн мөнгөөр туйлж явсан тус газрын дарга Б.Цэцэгсайханыг нэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар ажлын хариуцлага алдсан гээд чөлөөлчихсөн. Тиймээс эрхэм сайд С.Энхболд та харьяа байгууллагын удирдлагуудынхаа "түрээс төлөх" гэсэн халхавчийн дор татвар төлөгчдийн мөнгөөр "тоглодог” хөгийн занг татаж, хариуцлага тооцдог тогтолцоотой болно уу.
http://erennews.mn/article/52726