Бээжин хотод энэ сарын 15-ны өдөр буюу бямба гарагт коронавирусний “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Нэгдүгээр сарын 15-ны өглөө шинжилгээний байгууллагаас өвчтөний нуклейн хүчлийн шинжилгээний хариу хэвийн бус байна гэж мэдээлсэн бөгөөд хот, дүүргийн өвчин халдварыг сэргийлэн хянах төвийн лабораторид хянуулж, шинжилгээний хариу нь эерэг гарч, “омикрон” хувилбарын халдвар хэмээн оношилсон байна. Тэр өдөртөө өвчтөнтэй хавьтсан болон явсан газруудад нь очсон 13 мянган хүнийг үзлэгт хамруулсан байна.
Бээжин хотын захиргаанаас хотод орж ирэх иргэдийг хоёр удаа шинжилгээнд хамрагдах журам гаргалаа. Бээжинд ирэхээсээ 48 цагийн өмнө эхний шинжилгээг өгнө. Дараа нь хотод ирснээсээ 72 цагийн дотор дахин шинжилгээнд орох юм. Шинэ журмыг энэ сарын 22-ноос гуравдугаар сарын сүүл хүртэл мөрдөнө.